Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд БНСУ-ын уран бүтээлчид хүрэлцэн ирж, УДБЭТ-ын тайзнаа "Чио Чио Сан" дуурийг хамтран тоглох гэж байна. Тодруулбал, "Чио Чио Сан" дуурийг хоёр өдөр тоглох бөгөөд эхний өдөр нь БНСУ-ын уран бүтээлчид тоглох бол хоёр дахь өдөр нь УДБЭТ-ын уран бүтээлчид тоглох гэнэ. Эхний өдөр буюу 2025 оны зургадугаар сарын 7-ны өдрийн дуурийн эмэгтэй гол дүр болох Чио Чио сангийн дүрд БНСУ-ын уран бүтээлч Жу Хён Э тоглох бол Сузукигийн Квон Сү Бин тоглоно.
Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччини "Чио Чио Сан" буюу "Эрвээхэй хатан" дууриа анх хоёр үзэгдэлтэй бичсэн бөгөөд хамгийн анхны тоглолтыг 1904 онд алдарт "Ла Скала" театрт тоглоход үзэгчид огтхон ч хүлээж аваагүй байна.
Тиймээс Пуччини богино хугацаанд дууриа засч гурван үзэгдэлтэй болгон бичсэнийг Брессиагийн театрт тоглоход гайхалтай амжилттай олжээ. Дуурийн цомнолыг Луижи Иллиса, Жузеппе Жакоса нар зохиолч Жон Лютер Лонгийн "Эрвээхэй хатан" туужаас сэдэвлэн бичсэн байна. 1906 онд Пуччини гурав дахь хувилбараа бичиж, Нью- Йоркийн театрт тоглуулаад 1907 онд дөрөв дэх хувилбар болгож зарим хоолойг нэмсэн нь Парист анх тоглогдсон байна. Хамгийн сүүлд буюу 1907 оны сүүлээр Пуччини нэгтгэн засварлаж эцсийн хувилбарыг гаргасан нь "Үндсэн эх" хэмээн нэрлэгдэж дэлхий дахинаа тоглогдож байгаа аж.
"Чио Чио Сан" дуурь дэлхий дахинаа тогтвортойгоор хамгийн их тоглогддог дуурийн зургадугаарт бичигдэж байна.
"Чио Чио сан" дуурь манай тайзнаа 1967 оны дөрөвдүгээр сарын 17-нд Д.Лхасүрэн найруулан тавьж, удирдаач Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун нар анх удирдсан байдаг юм. Өнөөдөр дэлхий дахинаа тогтвортой, хамгийн их тоглогддог дуурийн зургадугаарт бичигдэж буй тус дуурьт хайр сэтгэл, үр хүүхдийнхээ төлөө амь насаа өгөх үнэнч сэтгэл, хатан зориг гагцхүү үзэсгэлэнт ази бүсгүйгээс л гарах аж. Тиймээс энэхүү бүтээлээрээ Ж.Пуччини үзэгчдийн гүн хүндэтгэлийг олж авч чадсан байдаг. Ж.Пуччинигийн дууриудаас "Манон Леско", "Богема", "Чио Чио сан" зэрэг нь хүнлэг энэрэнгүй гүн ардач бүтээл болсноороо эрин үеийн дуурийн урлагт асар их нөлөөлсөн гэгддэг.
Холбоотой мэдээ