Нүдэнд тоос шороо орохоос сэргийлэх, анивчих рефлексийг дэмжих гээд бидний сормуусанд сайханд харагдахаас илүү их ажил бий. Гэтэл эрчүүд илүү эршүүд харагдахын тулд сормуусаа тайрах, хусах болжээ. Сүүлийн үед ТикТок, Инстаграм, Х зэрэг платформд эрчүүд сормуусаа хусч байгаа бичлэгээ оруулж, хандалт авах болов.
Лондонгийн Империал коллежийн нүдний эмч Вики Ли хэлэхдээ "Сормуус нь харааны мэдрэмж, нүдний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Энэ нь анивчих рефлексийг дэмжихийн зэрэгцээ нүдний мэдрэх агаарын урсгалыг багасгаж, чийгийг нь хадгалах, нүдийг эрүүл, тав тухтай байлгах, нарны хурц гэрлийг шүүх, багасгах, харааны чанарыг сайжруулах үүрэгтэй" гэв.
Сормуус нь байгалиасаа цаг хугацааны явцад тогтмол ургадаг зүйл. Гэвч олныг дагаж хошууран, сормуусаа тайрах нь хүндрэлд хүргэж ч болзошгүй юм. Энэ нь нүдэнд таагүй байдал, цочрол үүсгэх эрсдэлтэй.
Олон зууны тэртээгээс урт, дэрэвгэр сормуусыг эмэгтэйлэг байдлын бэлгэ тэмдэг мэтээр үзсээр иржээ. Уран зураг, шүлэг найраг, уран зохиолуудаас үүнийг бэлхэн харж болно. Тэдгээрт эмэгтэйлэг, сэтгэл татам байдлыг дүрслэхдээ ихэвчлэн дэрвэгэр сормуусыг дурдсан байх нь бий.
Өнөө үед амжилттай бизнес эрхлэгчид, алдартнууд, олны танилуудын нөлөөгөөр хүмүүс эрэгтэйлэг шинж чанарт илүү анхаарал хандуулах болсон. Тухайлбал, "Мета"-ийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг нэгэнтээ "Бизнест эрэгтэйлэг байдлыг илүүд үздэг" гэж хэлсэн удаатай. Тиймээс эмэгтэйлэг, зөөлөн шинж чанар, дүр төрхөө нуухыг оролдож буй эрчүүдийг гайхах шаардлагагүй.
Эр хүний уламжлалт дүр төрх болох түрэмгий, чанга хатуу, өрсөлдөөнч зан байдлыг ил тодоор дэмждэг гэдгээрээ алдартай АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс хүртэл гадаад төрхөөсөө болж шүүмжлэлд өртөж байв. 2024 оны аравдугаар сард Ж.Д.Вэнс телевизийн мэтгэлцээнд оролцсон. Энэ үед түүний бараан өтгөн сормуусийг олон нийт хэлэлцэж, сормуусны будаг түрхсэн гэж хүртэл таамаглаж байжээ. Энэ цуу яриа сүүлдээ хэрээс хэтэрсэн тул Конгрессын гишүүн асан Жорж Сантос "Х" хаягаараа "Вэнс сормуусны будаг хэрэглэдэггүй. Би түүнтэй сенатор болохоос нь өмнө биечлэн уулзаж байсан. Түүний сормуус нь төрөлхийн урт. Хүмүүс ээ, том болцгоо" гэж бичиж байв.
Гэхдээ эрчүүд өөрсдөө л эрчүүдээ шүүмжилдэг аж. 48 настай Спенсер Бэйли "Би өтгөн, хар сормуусныхаа төлөө олон жилийн турш шүүмжлэлд өртсөн. Гэхдээ би хэзээ ч сормуусаа хусч байгаагүй. Охин шиг харагдаж байна гэх сэтгэгдэл ихэвчлэн эрчүүдээс л ирдэг. Сормуусаа будсан юм уу, хиймэл сормуус наасан юм уу гэж хүмүүс асуудаг. Эхнэрт маань миний сормуус таалагддаг. Гэтэл зарим хүн үүнд үнэхээр санаа зовдог бололтой" гэж ярьжээ.
АНУ-д жендэрийн уламжлалт үзэл улам бүр нэмэгдсээр байгааг "The New York Times" хэвлэл сүүлийн үеийн мэдээллүүдээс эш татан мэдээлжээ.
Трампийг улиран сонгогдсоны дараа явуулсан судалгаагаар Бүгд найрамдахчуудын 75-аас илүү хувь нь эрчүүдийн уламжлалт үүрэг, зан чанар өөрчлөгдсөн гэж үздэг нь тодорхой болжээ. Энэ нь нийгэмд муу үр нөлөөтэй гэж тэд үзэж байна. Мөн Бүгд найрамдах намын эрчүүдийн 48 хувь нь эмэгтэйчүүд нийгэм дэх уламжлалт үүрэгтээ эргэн орох ёстой гэдэгтэй санал нийлж байжээ. Энэ үзүүлэлт 2022 оны тавдугаар сард 28 хувь байсантай харьцуулахад мэдэгдэхүйц өссөн байна. Үүнийг хүлээн зөвшөөрч буй эмэгтэйчүүдийн эзлэх хувь ч эрс өсчээ.
Сормуус, гадаад төрхийн тухай яриа мэт боловч энэ нь цаашлаад жендерт хандах хүмүүсийн зан төлөвтэй шууд холбогдох юм. Орчин үед эмэгтэйчүүд ажиллаж, суралцах нь энгийн зүйл болохыг дагаад гэрлэх, төрөх нь буурсан. Энэ нь сүүлийн хагас зуун жилийн хандлагыг эрс өөрчилсөн явдал. Эмэгтэйчүүд гэрт л байх ёстой гэж 1970-аад онд бараг гурван хүний нэг тутам нь боддог байсан бол 2008 онд авсан судалгаагаар хүмүүсийн зургаан хувь нь л ийм бодолтой үлджээ.
Эмэгтэйчүүдийг эрчүүдээс доор гэж үзсээр байвал эрчүүд эмэгтэйлэг гэж харагдах, ойлгогдохоос зайлсхийх нь аргагүй юм.
"Ж.Д.Вэнсийг сормуусаар нь шоолсон боловч яг үнэндээ Трамп ч бас нүүрээ буддаг" гэдгийг Лондонгийн Брунел их сургуулийн Жендэр судлалын хүндэт профессор Мередит Жонс ярьжээ. Гэхдээ Трампийн нүүр будалт нь түүнийг илүү эрэгтэйлэг харагдуулдаг.
Эрэгтэйлэг шинж чанар гэхээс гадна минимал, байгалийн гоо сайхныг эрхэмлэгсэд "Сормуусны будаггүй төрх" гэх хөдөлгөөнийг эхлүүлсэн билээ. Үүнийг дагаад эмэгтэйчүүд ч бас хэт сүржин сормууснаас татгалзаж эхэлсэн. Гэсэн ч сормуусны будаг нь хамгийн өргөн хэрэглэгддэг гоо сайхны бүтээгдэхүүн хэвээр байна.
Нэргүй 2025-06-04 202.9.47.86
За тэгээд байгалиараа байсан нь дээр дээ. Хэт их будаг хиймэл харагддаг
Зочин 2025-06-04 66.181.188.80
охидууд хэт урт сормуус хийлгээд бүрч муухай харагдаад бгаагаа мэдэрдэг болоо зүгээр л багахан Буд хөмсөгч мөн адил жоохон тодруулаад болоо