
Ашигт малтмалын түлшний нөөцийн хэмжээ ба олборлолтын хурдыг мэдсэнээр түлш хэзээ дуусах тооцоог хийхэд амархан. Хаббертын эхний өгүүллийн тоо хуучирсан ч түүний хийсэн дүгнэлт нь хүчин төгөлдөр хэвээр. Ашигт малтмалын олборлолтын хэмжээ нь цаг хугацаанаас хамаарах график хонх шиг хэлбэрийн муруй. Дээд хэмжээндээ хүрээд бага зэргээр тогтож байгаад доош унадаг. “Одоо бид бараг эгц дээшээ явж байгаа муруй шугаман дээр байна. Энэ нь маш муу. Муруйн оргил хэдий чинээ огцом байна уналт нь төдий чинээ хурдан” гэж Хабберт бичсэн байлаа. Бидэнд нэгэнт ухрах боломжгүй учир урагш явах л гарцтай. Ирээдүй нь ашигт малтмал түлшний нөөцийн төгсгөл ирнэ хэмээн Хабберт дүгнэж байжээ. Ярилцах нь бусад мэргэжилтнүүд түүний графикийг эхлээд хүлээн аваагүй гэдэг. Гэвч эрдэмтэн өөрийн санааг хөгжүүлэн долоон жилийн дараа бас нэг шинэ тооцоо гаргаж нефтийн олборлолт унаж эхлэх хугацааг хэлсэн юм. Түүний тооцоогоор 1965-1970 онуудын хооронд нефтийн үйлдвэрлэл унах бөгөөд 1995 оны үед дэлхийн олборлолтын дээд цэг ирэхээр байв. АНУ-д 1971 онд олборлож буй нефтийн хэмжээ унаж эхэлсэн юм. Ингээд Кинг Харберт алдаршиж, түүний санаа нь “Харбертын оргил” буюу “Нефтийн оргил” гэж нэрлэгдэх онолын хэмжээнд үнэлэгдэх болжээ. Энүүхэндээ гэхэд өөрийн багагүй нөөцөө ирээдүйд үлдээн эрчим хүчнийхээ хангамжийг нефтийн бусад олборлогч нарт тавьсан цорын ганц улс бол АНУ юм.
Дэлхийн эдийн засаг Хаббертын оргилыг нэг биш удаа тооцон гаргаж байлаа. Түүний хийсэн тооцооны дагуу 1995 он болоход нефтийн олборлолт улам өсч байв. Нефтийн олборлолтын хэмжээ буурсангүй. Олборлолтын шинэ шинэ технологи гарч ирж байгаа нь нефтийн хэмжээнд нөлөөлж байна. Мөн эрчим хүчний хэмнэлт ч энд нөлөөтэй. Эх газрын үргэлжлэл болох далайн ёроолоос уламжлалт бус хүхэр, парафины хольцтой хүнд нефть, битумминозын сланц зэргийг олборлох болсон нь нефтийн хэмжээний олборлолтод нөлөөлж байна. Энэ бүгдийг тооцсоны үндсэн дээр нефтийн нөөцийн бууралтыг 2025 оноос гэсэн шинэ тооцоог гаргажээ. Нефтийн нөөц шавхагдах хугацааг ойрын ирээдүйд гэж тооцоолсноор Кинг Харберт зөв үү? гэсэн асуудал гарч ирнэ. Нефтийн ордуудын орчин үеийн мэдлэгт тулгуулан дүгнэлт хийхэд одоо тийм ч хэцүү биш. Дэлхийн нефтийн батлагдсан нөөц 40,6 жилийнх, байгалийн хийн нөөц нь 65,1 жилийнх гэсэн тооцоог British Petroleum гаргаад байгаа юм. Нефть, байгалийн хийнээс эрчим хүчний хамаарах нь ирээдүйд багасах болов уу гэтэл мэргэжилтнүүд өөр дүгнэлттэй байдаг. Жишээлбэл, тэдний үзэж байгаагаар эрчим хүчний нөөцийн хэрэглээ 2000 оныхоос 2030 он гэхэд 1,7 дахин өсөх аж. Ингэсрээн жилдээ 15,3 тэрбум тонн түлш түүний тоонд 5,7 тэрбум тонн нефть, 4,2 тэрбум тонн байгалийн хий хэрэгтэй болох гэнэ. Хэрэв бид дэлхийн бүх орд газрыг мэдэж байгаа гэхэд Хаббертын гаргаж тавьсан асуудлыг шийдэхгүй. Дэлхий эрчим хүчний хөгжлийн өнөөгийн замыг өөрчлан ашигт малтмалын олборлолтыг багасгах нь залшгүй гарч ирэх асуудал болно.
Гарал үүслийн маргаан
Нефть болон бусад шатдаг ашигт малтмалын гарал үүслийн талаар ихээхэн маргаан гаргадаг зүйл геологид бараг байхгүй. Тэд амьтан, ургамлын үлдэгдлээс үүсэв үү эсвэл органик бус нэгдлээс гаралтай юу?
Эхний асуудал нь шинжлэх ухааны хүрээнд өргөн дэлгэрсэн бөгөөд хоёр дахь нь сүүлийн 100 жилийн дотор багагүй баримт цуглуулж чаджээ. Дэлхийн цөмөөс газрын гадаргад нэвтрэх флюидоос нефть үүсдэг схемийг химийн элементын үелэлийн системийг зохиогч Дмитрий Менделеев анх гаргаж ирсэн хүн. Гүний хагарал хийн нүүрсхүчлийн урсгалыг бий болгодог гэдгийг нь ч хожим бусад нэртэй геологчид дэлгэрүүлэн хөгжүүлсэн байна. Гүнийн томоохон хагарлуудад шатах ашигт малтмал холилдоход байгалийн катализаторуудын идэвхжилт, гүний флюидын өндөр хэм болон түүний бүтцийн чөлөөт устөрөгчийн хөдөлгөөн ихээхэн тустай. Шатах нүүрс устөрөгчийн үүслийн асуудал зөвхөн эрдэмтдээс гадна бид бүгдэд хамааралтай. Хэдэн зуун сая жилийн өмнө үхэж үрэгдсэн амьтдын үлдэгдэл нь нефть юм бол нефть, байгалийн хийн хэмжээ хязгаарлагдмал дахин нөхөгдөшгүй гэсэн үг. Хэрэв органик нэгдэл газрын гүнд органик бус бодисоос үүсч байгаа бол тэр процесс одоо ч явагдаж нөхөгдөж байх учиртай. Органик ба органик бус гэсэн хоёр санаа нэг мөр шийдэгдээгүй, тогтмол шинэчлэгдэн нэмэгдэж байгаа ч нефтийн гаралтын талаар цэг тавихад эрт байна.
Таамаглал ба ирээдүй
Ашигт малтмал түлшний тоо хэмжээний үнэлгээ өөр өөр. Тэдний хэмжээ нь юуг тооцож байна вэ гэдгээс ихээхэн хамааралтай. Түүхий эдийн нөөцийн хэмжээ, баталгаатай тогтоогдсон эсвэл хайгуул хийгдэж буй гэх мэтээр. Тооцоонд ирээдүйд ашиглахад ашигтай байх уу гэсэн орд газруудын нөөцийн хэмжээг оруулсан эсэх, мөн түүнээс гадна гүнийн хэмжээ ямар байх нь ашиглахад ашигтай байх уу гэдэг нь чухал. Тавьхан жилийн өмнө эх газрын орд газрын ашигтай гэх гүний хэмжээ нь хэдэн арван метр байсан бол одоо эхний км-ууд хүртэл ашигтайгаар тооцогдож байна.
Нээгдсэн ба батлагдсан орд газрын нөөц нь мэдээлэл хуримтлах явцад 20 хувиар өснө гэж мэргэжилтнүүд тооцоолдог. Урьдчилсан тооцоо үүнээс ч их зөрөөтэй гардаг. British Petroleum-ын тооцоолсноор дэлхийн бүх нефтийн хэмжээг 2005 оны эцэст 163,8 тэрбум тонн, байгалийн хийн хэмжээ нь триллион метр куб гэж гарчээ. Энэ тоо шинэчлэгдэж байх нь мэдээж. Далайн эх газрын үргэлжлэл бүс, далайн гүнийн орд, Антарактидын бүсийн нөөцүүд энэ тооцоонд огт ороогүй байгаа. Эдгээр бүс нутгийн ашигт малтмал огт судлагдаагүй бөгөөд тэнд хайгуулын ажиллагаа явуулахыг олон улсын хэрэлцээрээр хориглосон байгаа юм. Тиймээс ч тэндхийн нөөцийн тухай багцаалан хэлэх ч хэцүү.
Геологчид 1980-аад он гэхэд нефть, байгалийн хийн хувьд ирээдүйтэй гэх 600 орчим тундаст савыг олж илрүүлээд байна. Тэдний 400 орчмыг ашиглаж байгаа бөгөөд 200 орчим нь одоогоор ашиглагдаж эхлээгүй байна. Дэлхийн үндсэн нөөц нь Персийн ба Мексикийн булан, баруун Сибирь гэх мэтийн цөөхөн тооны сав газруудад байгаа ажээ. Үлдсэн хэдэн зууд дэлхийн нефтийн нөөцийн 10 хувь нь л байгаа. Огт судлагдаагүй 200 орчмоос наад зах нь 10 том ордыг нээнэ гэж байсан юм. Шинжээчид эр газрын үргэлжлэлийн далайн ёроолын хэсгээс томоохон ордуудыг олно гэж тооцоолж байгаа юм. Одоо далайн эргийн бүсээс бүх олборлолтын 34 хувийн нефть, байгалийн хийн 25 хувийг гарган авч байна. Далайн ёроолын хайгуул дөнгөж эхлээд байгааг хэлэх нь зүй. Эх газрын үргэлжлэлийн ашигт малтмалын ирээдүй тэнд маш их байна. Нефтийн геологийн нөөц 305 метр хүртлэх гүнд 280 тэрбум тонн, байгалийн хий нь 140 триллион тонн болж байна. Өнгөрсөн зууны сүүлчээр Ангол, Нигерийн эрэг хавь болон Каспийн тэнгис, Арктикт нээгдсэн нефть, байгалийн хийн орд газруудын хэмжээ асар том байна. Гэхдээ далайн гүнээс олборлолт хийхэд маш үнэтэй, техникийн хувьд нарийн бөгөөд эрсдэлтэй. Эх газрын гүнийн ордуудад идэвхтэй хайгуул явуулах бас нэг хувилбар бий. Эх газрын гурав хүртэл км-ын гүнд үндсэн нөөцүүд байх бөгөөд түүнээс өөр гүнд нөөц бараг байхгүй, голдуу байгалийн хий байх аж. Флоридагийн хойгийн баруун хойд хэсгийн орд газруудыг судалсан дүнгээр нэгэн цооногийн 4,7 км-ын гүнээс хоногт 234,5 тонн нефть, 60 000 шоо дөрвөлжин метр хий олборлодог. Саяны нээлтээс өнгөрсөн жилд Мексикийн булангийн хоёр км-ын усан давхарга дор 8,5 км-ын гүнээс олдсон үйлдвэрлэлийн нөөцийг хэлж болно. Орост гүнийн хайгуул нь шинжлэх ухааны зориулалтын өрөмдөлгө болж байна. Жишээлбэл Баруун Сибирийн хэт гүнийн 7,5 км-ын палеозойн үеийн ирээдүйтэй давхаргыг нээсэн боловч үйлдвэрийн нефть, хийн нөөц тэндээс илэрсэнгүй.
Нефтийн бас нэг эх сурвалж нь давхаргад үлдсэн үлдэгдэл юм. Газрын гүнд нефть даралт дор байдаг. Тиймээс өрөмдлөгөөр нээхэд дээш оргилно. Олборлолт эхэндээ давхарга дахь даралт нь унатал амархан олборлогддог. Дараа нь тэндхийн нефтийг гаргаж авахаар ус шахах буюу хүчтэй насосоор соруулдаг. Гүний даралт бага байх тутам өндөр үнэтэй технологи хэрэгтэй. Нефтийн үлдэгдлийг шахан авах нь үнэтэй бас түүнд хүрэхэд хүндрэлтэй. Нефть зунгааралдсан бол түүнийг бүрэн шахан гаргана гэж бараг байхгүй. Ер нь зарим орд газраас шинэ технологи хэрэглэн авч байгаа нефтийн хэмжээ нь бүх нөөцийн 35-40 хувь хүрдэг. Ер нь бол гарган авч байгаа нефтийн хэмжээ нь нөөцийн 18-25 хувь хүрдэг. “Гүнийн” болон “үлдэгдлийг” авах нь далайн олборлолтоос хямд биш. Хаана мөнгөө зарах вэ гэдэг том асуудал бий. Далайн ёроолын хайгуулын өрөмдөлөг 15 сая доллар эсвэл тэр мөнгийг газарт “булаад” хаях уу? Аляскад нефть олборлох дэд бүтэц сайн хөгжсөн учир газарт ганц ч дусал тос үлдээхгүй төлөө тэмцдэг.
Хойд тэнгисийн олборлолт
Хойд далай тэнгист таталцлын хүчинд тулгуурласан өөрийн жингээр далайн ёроолд баттай зогсох цооногийн цамхгийг ашиглана. Тэр нь дээш харуулаад тавсан дөрвөн хөлтэй ширээ маягийнх. Ширээний хөлүүдийн дотор нь хөндий хийх бөгөөд тэнд олборлосон түүхий эдээ хадгалдаг. Хөндий зай нь байгууламжийн жин хөнгөн болгох бөгөөд далайгаар чирэхэд тустай. Цооногийн цамхгийг усан онгоцоор хэрэгтэй газраа авчраад хоосон зайд нь ус хийж “живүүлнэ”. Олборлох төхөөрөмжтэй дээд хэсгийг нь тусд нь цуглуулан далайд цамхгийн сууринд угсардаг. Энэхүү далайн олборлолтын стандарт болсон анх 1970-аад онд Норвегид хэрэгжүүлж эхэлжээ. Энэ загварын “Тролл-А” гэсэн хамгийн том цамхаг 472 м өндөртэй суурийн хамт 656 мянган тонн жинтэй бөгөөд 1996 оноос Хойд далайд ажиллаж байна. Агнуурын тэнгисийн Лунское гэх байгалийн хийн ордыг ашиглахаар “Сахалин Энержи” компани Норвегийнх шиг цооногийн цамхаг бүтээжээ. Агнуурын тэнгист 8 баллын хүчтэй газар хөдлөлт болдог мөн өвөлдөө хөлдөнө. Энэ бүх нөхцөлийг тооцсон цамхгийн суурийг 69,5 метрийн өндөртэйгөөр төмөр бетоноор зутгаад дараа нь далайгаар чирч ордын дээр авчран 48 метрын гүнд живүүлсэн байна. Хүнд нь 103 мянган тн жинтэй учир түүнийг ёроолд бэхлэх хэрэг гарсангүй. “Лун-А” гэсэн цамхгийн дээд хэсгийг Samsung өмнөд Солонгосын Кожи арлын усан онгоцны үйлдвэрт бүтээсэн байна. 2006 оны зун Сахалинаас 15 км-ын зайтай газарт суурийг живүүлэн тогтоогоод дээр нь дээд хэсгийг нь угсарчээ. Тийм байгууламж, далайн шуурга, мөсний түрэлтэд үл нэрвэгдэн бүтэн жилийн турш олборлолт хийдэг. Дээд хэсэгт нь өрөмдлөгийн 45 метрийн өндөр цамхагтай бөгөөд тэр нь төмөр замаар тойрон хөдөлж тэнд ойр ойрхон зайтай нийт 27 өрөмдлөгийг хийнэ. Цооногууд нь орд газрыг модны үндэс мэтээр тал талаас нь нэвтрэн барьж байх юм. Зургаан давхар 22 000 тн жинтэй дээд хэсгийн талбайг Хятадад хийлгэсэн чирэгч хөлөг онгоцоор авчран сууринд угсарчээ. Тэнд нисдэг тэрэгний талбай, орон байр, агуулах байгаа. Энэ цооног нь ганц ч грамм хог, нэг ч дусал бохир далайд хаягдахгүй стандартаар хийгдсэн байна.
Анхдагч нар
Эхэн үедээ хувин, олстой хэдхэн тооны зоригтнууд ашиг хөөн далайд орж эхэлсэн юм. Нефтийн давхарга хуурай газраар төгсөхгүй гэж тэд бодож байсан нь зөв л байлаа. Оросын түүхчдийн бичсэнээр 1824 онд Бакугаас холгүй Апшероны хагас арал дээр эргээс хэдэн арван метрийн цаана худаг хийж тэндээс хувингаар нефть хутган авч байсан гэнэ. Эрэг орчмын олборлолтыг анх бид хийсэн гэж америкчууд ярьдаг.
Нэгэн баримтаар 1896 онд Калифорнийн нефтьчин мистер Уильямс гэгч эргээс далайд 400 метрийн далан босгоод өрөмдлөгөө хийсэн гэнэ. Далайд нефть олборлоно гэж амаргүй. Хүчтэй салхи, далайн давалгаа өрөмдлөгийн цамхгийг нураах аюул үргэлж байдаг. Тэр үед хуурай газрын нефть хангалттай байсан учир далайд олборлолт хийхийг эрмэлзээд байх хүнгүй байлаа.
Каспийн тэнгисийн “Нефтяные Камни” хот далайн эргийн олборлолтын хамгийн анхны төслүүдийн нэг. Одоогоос 60 жилийн өмнө 1947 оны арваннэгдүгээр сард Америкийн “Керр Макги” (одоо ч байгаа) компани Мексикийн буланд эргээс 16 км-ын зайд зургаан метрийн гүнтэй усанд дэлхийн анхных болох нефтийн цамхаг босгон тэндээс өрөмдөлгө эхэлжээ. Орон сууцны ердийн нэг өрөө шиг хэмжээтэй “Кермак-16” тэр үед 230 мянган долларын зардлаар боссон бөгөөд 1984 онд түүнийг буулгажээ. Үүнээс нэг жилийн дараа 1948 онд Каспийн тэнгист Апшероны хойгоос 42 км-ын зайд байгууламжыг босгож эхэлсэн нь хожим “Нефтяные Камни” нэртэй хот болжээ. Чулуун хясааны дагуу шонгууд дээр босгосон энэ хот асфальтан хучилттай замтай, дэлгүүр хоршоо, байр сууц бүгд тэнд бий. Тэр хавийн далайн гүн нь дөнгөж 10-12 м.
Далайн ёроолд
Баренцевын тэнгис шиг бүс нутагт ажиллах технологи одоогоор дэлхийд байхгүй. Тэнд ажиллана гэхэд түүнээс хүнд нөхцөлд дасгал сургуулилалт хийх хэрэгтэй. Хөлдөг тэнгист нефть, хий олборлох технологийн туршилтын талбай нь Норвегийн тэнгис. Өндөр давалгаа болон мөс, хүйтний нөлөөг багасгах арга зам нь төхөөрөмжийг далайн ёроолд байрлуулах асуудал болж байна. Түүнийг хэрэгжүүлэх үүргийг Норвегийн Norsk Hydro компани авч мэдэлдээ 400 тэрбум шоо метр хийн нөөцтэй Ормен Лангегийн орд газрыг авчээ. Орман Лангег 1997 онд илрүүлсэн бөгөөд тэр нь Норвегийн тэнгист эргээс 120 км-ын зайд хоёр км-ын гүнд, нэг км усан дор байна. Төслөөр бол өрөмдөх төхөөрөмжийг далайн ёроолд байрлуулан өрөмдлөг хийж тэндээс усан доорх хоолойгоор эрэгт орших хий шахах үйлдвэрт нийлүүлэх ёстой. Дараа нь үйлдвэрийн дамжлагаас шингэн хийг усан доорхи хоолойгоор Их Британид нийлүүлнэ. Төслийн дэд бүтцийг 2004 оны дөрөвдүгээр сараас байгуулж эхэлсэн бөгөөд одоо усан доорхи өрөмдлөгийн төхөөрөмж ажиллаж эхэлсэн байна. 2005 оны наймдугаар сард ёроолын хоёр талбайг байрлуулсан ба усан доорхи хүчтэй урсгалын улмаас тэднийг ёроолд бэхэлжээ. Тэд 16 цооног өрөмдөх юм. Тэндээс зургаан өрөмдлөг хийж байна. Хэрэв ажил амжилттай болбол дахин хоёр талбайг ёроолд суулгана. Энэ дөрвөн талбайг хий шахах хоёр хоолойтой холбож өгнө. Хоолойн өөр хоёр салаагаар метаны хийнээс бага температурт үүсэх хатуу биет гидратаас хоолойг цэвэрлэх антифриз шахах ажээ. Хий ба антифризийг үйлдвэрт ялгах юм. Далайн ёроолын хадархаг газраар хоолой тавих нь ихээхэн хүндрэлтэй байлаа. Хэдэн сарын турш “Спайдер” гэх робот далайн ёроолоор мөлхөж зарим газрыг дэлбэлэн тэгшилжээ. Дэлбэрэлтээс үүссэн чулуун овоолгыг усны хүчтэй урсгалаар цэвэрлэж байв. Өнгөрсөн жилийн зунаас “Солитер” гэдэг хөлөг онгоц хоолойг угсарч байна. Эргийн үйлдвэрээс шилэн кабелиар усан доорхи бүх ажиллагааг удирдан хянаж байх юм. Хэдхэн жилийн өмнө Ормен Лангегийн орд газарт усан доорх төрөөрөмж бүрэн ажиллаж эхэлсэн байна.
Үл танигдсан газар нутаг
Судалгаанд хамгийн их ороод байгаа далайн бүсүүд нь Мексикийн булан, Перс ба Гвинейн булан, Каспийн сав газар, Зүүн өмнөд Ази, Африк, Төв Америк. Тэд бараг бүгд л дулаан бүсэд орших бөгөөд олборлолтыг бүтэн жилийн турш хийж болно. Дэд бүтэц сайтай бол эдгээр бүсийн олборлолт зардлаа хурдан нөхнө. Тийм газарт нэлээд гүнийн бага хэмжээний ордыг ч ашиглахад ашиг өгнө.
Далайчдын эрт дээр цагаас эзэмшээд байсан Хойд тэнгисүүд хар алт хайгчдын хувьд үл танигдах орон удаан хугацаанд байлаа. Голландын Гронингенмуид эртний элсэн ширхгийн хийн ордыг 1959 онд нээлээ. Тэр нь асар том Слохтерены орд газар байв. Геологчид элсэн ширхгийн давхаргын хий Хойд тэнгист үргэлжилж байгаа гэж үзсэн юм. Хэдэн жилийн дараа далайн эргийн эх газрын үргэлжлэл бэлийг эзэмшигч орнууд хууль зүйн асуудлаар зарим талын хэлэлцээр байгуулсны дараа хайгуулийн өрөмдлөг идэвхтэй эхэлжээ. Хойд тэнгийн эрэг хавийн бүс дэлхийн нефть, байгалийн хийн хамгийн томоохон “агуулах” юм. Энд зөвхөн Их Британи гэхэд л 300 ордтой, тэдний 100 гаруй нь хийн ордууд юм. Хойд далайн нөөцийн буянаар Норвеги улс нефтийн экспортоор дэлхийн гурав дахь орон болов. Далайн ёроолын хэмжээ нь хуурай газрынхаасаа дөрөв дахин их Норвегид 40 өмнө нээгдсэн асар том орд газрууд бий. Норвеги 1980-аад оноос Баренцевын сав нутагт хайгуул хийж байна. Далайн шуурга ихтэй, цаг агаар -25 хэм хүртэл хүйтэрдэг Баренцевын тэнгист олборлолт хийнэ гэж амаргүй. Хэрэв халуун дулаан орны тэнгист гүнзгий өрөмдөлгө хийлээ гэвэл 2,5 сая долларын зардалтай. Яг тийм өрөмдлөгийн зардал хойд тэнгист найман сая хүрдэг аж. Өрөмдсөн бүгдээс нефть, хий гарахгүй учир “цооног өгөхөөсөө илүүтэй мөнгө залгилаа” гэх яриа нефтьчдын дунд байдаг.
Аюултай ажил
Нефтийн ажилбар үргэлж аюултайд тооцогддог. Далайд олборлолт хийх нь хоёр дахин их эрсдэлтэй. Далайн цамхаг хичнээн бат бэх байлаа ч дайсан дандаа олдоно. Хий дэлбэрэх аюул байгаа гэсэн ч сүүлийн статистикаас харахад тэнд том осол ховор. Шатаж байгаа буюу живж буй төмөр аралд тусламж амжиж очих нь хэцүү. Ньюфаундлендын эргээс 315 км-ын зайтай, хагас живсэн зохион бүтээл болох Японд хийсэн Оушен Рейнжер талбайд 1982 онд гарсан осол өнөөдөр хамгийн том гэж тооцогддог. Тэр том талбайг хамгийн хүнд нөхцөлд ажиллуулдаг байлаа. Канадын усанд Оушен Рейнжер хоёр жил ажиллан ямар нэг осол ирнэ гэж хүлээгүй байхад нь гэнэтийн далайн шуурга болж цамхгийг хазайлган төхөөрөмжийг сүйрүүлж эхлэв. Тэнцвэрийн баллонуудад ус орж тэр живж эхэлсэн байна. Багийн 84 хүн бүгд үрэгдсэн юм. “Катрина”, “Рита” гэгдэх далайн шуурганы үеэр Мексикийн булангийн 4000 олборлох цамхгийн 115 нь бүрэн сүйрч 52 нь эвдэрсэн байв. Дамжуулах хоолойн 535 сегментийн ажиллагаа тасалдаж тэнд нефть олборлолт бүрэн зогссон байлаа. Харин азаар хүний амь үрэгдээгүй юм. Нефть, байгалийн хий олборлолт нь хамгийн бохир үйлдвэрлэлд багтдаг. Үйлдвэрлэлийн бүхий л дамжлага хүрээлэн буй орчинд заавал бохирдолт гаргадаг. Мөн хөрсний дээж авахаас эхлэн далайн ёроолоор хоолой тавих хүртэл далайн экологийн системд сөрөг өөрчлөлт авчирдаг. Өрөмдөлгөд хэрэглэх химийн бодис нь далайд ихээхэн хор хөнөөлтэй. Тиймээс энэ салбар 1980-аад оноос эхлэн “тэглэх хаягдал” гэсэн стандартаар ажилладаг бөгөөд өрөмдлөгөд хэрэглэсэн бодисоос ганц ч грамм далайд хаягдах ёсгүй. Гэлээ ч далайд осол гарах нь ховор ч гарсан нэгнийх нь үр дагавар орчиндоо тарах нь газрынхаас аюултай. Үүний тод жишээ нь Аляскад нефть зөөгч “Вальдез” онгоцны 1982 оны сүйрэл юм. Exxon компанийн зөөгч 300 метрийн урт онгоц 200 000 тн түүхий нефтийг Калифорнид зөөж явжээ. Жонон Уильямын хоолойд усан доорх хад мөргөснөөс онгоцны их бие цоорч дэлхийн хамгийн цэвэр далайн бүсэд 41500 тн нефть асгарсан байна. Салхи нефтийн толбыг Кадьяк арал хүртэл 3000 км-ын урттай болгожээ. Ослоор хорь гаруй халим, 300 далайн хав, 3000 далайн арслан, 150 цагаан толгойт бүргэд, 250 орчим бүргэд болон 250 мянган далайн шувуу үхэж үрэгджээ. Гамшгийн үр дагавар өнөөг хүртэл арилаагүй.
Өнөөдөр ВР компанийн Мексикийн булангийн цамхгийн дэлбэрэлтийн улмаас АНУ-ын түүхэнд байгаагүй мөн дэлхийн хэмжээний томоохон бохирдолт болсон билээ. Хоёр сарын турш оролдож байж далайд хаягдах нефтийн асгаралтыг тогтоож чадсан боловч түүний ул мөрийг арилгах ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор ВР компани бохирдлыг арилгах мөн нөхвөр зэрэгт найман тэрбум ам.долларыг зарцуулаад байгаа ажээ. Хохирлын гарз нь 20 тэрбумд дөхөж байна.
Эх газрын далайн үргэлжлэлийн бүс дэлхийн нефтийн хамгийн сүүлчийн том нөөц нь. Гэвч эргээс хэдхэн метрийн зайн олборлолт ч өөр технологи шаардана. Эрэг хавийн бүсийн энэ их нөөцийг ашиглана гэдэг нь бас л олон асуудалтай. Хамгийн гол нь ашиг орлого. Тэндхийн нөөцийг хямд бага зардлаар олборлох технологийг бодож байх зуур хөдөлгүүрийн шингэн түлшийг орлогч гарч ирж болно. Тэгвэл нефтийн хэрэглээ эрс буурч эргийн тэр их баялаг хөндөгдөхгүй үлдэж ч магад.