Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

ГАУДИЙН БАРСЕЛОНА

Гауди агуу уран барилгач, агуу модернист, Барселоны агуу иргэн

Барселон хотноо 1926 оны зургадугаар сарын 7-нд анхны трамвай баяр ёслолын байдалтайгаар замдаа гарлаа. Тэр өдөр нэгэн ядуу өвгөн трамвайнд дайруулжээ. Түүнийг Санта-Креугийн эмнэлэгт авчирсан боловч ухаан орохгүй байсаар өөд болжээ. Тэнүүлч хүмүүсийн адил түүнийг нийтийн булшинд оршуулах ёстой байв. Гэвч сүүлийн эгшинд түүнийг нэгэн эмэгтэй таньжээ. Тэр хүн бол агуу уран баригач, агуу модернист, Барселона хотын нүүр царайг бүтээгч, хотын агуу иргэн Антонио Гауди байлаа. Түүний амьдрал ид шид, домгоор дүүрэн байв.

МЕТАЛЛЫН ВАН
Албаны хэллэгээр Барселон хот нь Испанийн Каталониа мужийн нийслэл. Хөгжөөнтэй, шөнө нойргүй, зуун хэлт, зөгнөгч, зугаалагч, ихэмсэг байдал, тоо томшгүй зоогийн газар, хайр сэтгэлтнүүдийн зогсоол,  Монжуик, Тибидабо толгодын энгэр дэх модернистуурын үүр уурхай. Ганнибал, эзэн хаан Августаас эхлээд олон алдар цуутнууд Барселон хотын гайхамшигт хэв загвар, боловсронгүй мэдрэмжийг бүтээж өгсөн юм.


Гуэль цэцэрлэгт

Цуутнуудын нэгийг Антонио Пласид Гильем Гаули-и-Корнет (испаниар: Antonio Plбcido Guillermo Gaudн y Cornet; католикаар: Antoni Plаcid Guillem Gaudн i Cornet) гэх бөгөөд бас металлын ван, уран барилга, модерны хаан гээд л янз янзаар нэрлэж байлаа. Гаудийг азтай хүн гэж болно. Тэрээр хэрэгтэй газраа, хэрэгтэй цагтаа төрж суут зөгнөлөө хэрэгжүүлж чаджээ. Одоо Барселоны гудамжнаа луу наадаж, чулуун давалгаа хаялан сахиусан тэнгэрүүд бүрээгээ үлээх үдшийн гэгээнд эртний баатруудын дуулга, загалмай сүүмэлзэн харагдах аж.


Каса Мила

Испанийн ямар ч хотод очсон явган хүний зам Рамбла гэх цэцэрлэгт гудамжнаас зугаалгаа эхлэх хэрэгтэй гэдэг. Тэгээд жуулчид Барселонд бол Рамблагаас гараад Хаантны талбай Пласа Реалд ирэх нь их. Талбайн гэрлийн цул цутгамал шонгууд нь Антонио Гаудийн анхны бүтээлүүдийн нэг. Тэрээр үүнийг уран барилгын дунд сургуулийн оюутан байхдаа 1878 онд бүтээжээ.
Төмрөөр дархлах ажил нь түүний мах цусанд шигэсэн байлаа. Түүний эцэг, өвөө, өвөөгийн эцэг, элэнц хуланц нь тогоо цутгадаг дархан байжээ. Тэд ямар ч тогоог зураг төсөлгүйгээр бүтээдэг байв. Гауди барилга байшингаа зураг төсөлгүйгээр босгож байсан учир хэн ч дараа нь тэднийг нөхөн барьж чадаагүй юм.

МОДЕРН ЗАГВАРААР

Каса Мила

Орон зайн логикаар явах юм бол талбайгаас дахиад л Рамблагаар дамжин Ноу-де-ла Рамбла гудамжинд байрлах гурав гэсэн дугаартай байшингаар орно. Тэнд Гуэлийн харш нэрээр алдартай Театрын музей бий. Гүн, хөрөнгөтөн дон Эусебио Гуэль Гаудийг цаг ямагт ивээн тэтгэж, түүнд захиалга өгдөг байснаараа эрин цагтаа алдаршжээ.

Одоо нарийн гудамжинд шахагдсан 1886-1888 онд боссон ордны нүүрэн талыг бүтнээр харах боломжгүй. Төмрөөр дархлан хийсэн хаалга, цонхны тор нь юун түрүүнд нүдэнд тусна. Төмөр угалзаар чимэглэсэн хонгилын агуйнууд, Үүдний өрөөний ер бусын багана, дугуй хаалгануудыг сүлдний бүргэд мандаг. Энэ бүх металл урлаг Гаудийн нэрийн хуудас юм.
Саграда Фамилиа- нүглээ наминчлах ариун гэр бүлийн сүм

Гуэлийн ордон Хаантны талбайн төмөр дэнлүүнүүдтэй хил залгана. Энэ хоёр бүтээлийг хийж байхад Гаудийн хувь заяанд нэг ид шидэт тохиолдол учирчээ. Санамсаргүй ирсэн захиалгыг биелүүлж байх зуур тэрээр модерн урлагийн үнэр гарч ирж буй мэдэрсэн гэдэг. Европын уран барилгад модерн дөнгөж үүсч байх 1880 онд Гауди Каролинас гудамжинд мавританийн  цамхаг шиг, өнцөгт наамалч юм шиг, самар жимс, шатар шиг юм шигээр будсан сонин барига босгочихсон байлаа. Вааран эдлэлийн үйлдвэрлэгч Мануэль Висенса-и-Монтенарын тэр байшинг Каса Висенс гэж нэрлэдэг._Уран барилгач уг байрны чимэглэлд захиалагчийнхаа үйлдвэрт гологдол болсон шаазан хавтангуудыг зоригтойгоор хэрэглэсэн байна. Тэр муруй хазгай вааран наамал тренкади гэдэг нэртэй болсон бөгөөд зохиогч нь модерн урлагийн эцгүүдийн нэг болжээ.

ӨРӨГЖИЛТЙН ХӨГЖИМ

Саграда Фамилиа

Ивээн тэтгэгчид, захиалагчдаар тэр дутаж байсангүй. Цаг үе, орон зайн хувьд ч тэрээр азтай байлаа. Түүнийг Барселонд гарч ирж байхад Каталония муж тусгаар тогтнолоо зарлаж хот нь эрчимтэй хөгжиж эхлэжээ. Барселончууд хотын дүнсгэр хэрмийг 1860 онд эвдэн нурааж парк байгуулав. Оюутан байсан Гауди багш нарынхаа хамт уг паркт “”Хүрхрээ” гэсэн ялалтын хаалга ч гэмээр, усан давалгаа ч гэмээр байгууламж босгов.
Пасео-де-Гарсиагийн 43-р байранд тэрээр өөрийн уран сэтгэмжийг ёстой чөлөөтэй гаргасан юм. Каса-Батльо гэх байшин жинхэнэ модерн. Лууны хайрсан арьс гэмээр дээвэр , хохмойн толгойн тагт, яс мэт цонхны сараалж… Казанова гэдэг эзнийх нь нэрэнд тохирсон дүрийг уг байрнаас харж болно.
Энэ байшин япончуудын бишрүүлж тэд Гаудийг уран барилгын бурхан үндэсний баатраа болгожээ. Япончууд Барселон хотод өөрсдийн холбоог байгуулан агуу уран барилгачтай холбоотой ямар нэгэн эдлэл худалдан авахаар эрмэлзэж байна. Нэгэн удаа тэд Каса Батльо байрыг эзнээс нь худалдан аваад Япон рүү зөөх төлөвлөгөө хийсэн байжээ. Аз болоход тэдний санаа нь илэрсэн юм.
Мөн тэр гудамжинд Каса Мила гэдэг барилга бий Түүнийг барилга байгууламж гэхээсээ гудамжинд ургасан чулуун давалгаан буюу цохио гэлтэй. Ла Педрера гэх энэ байрны дээвэр нь хамгийн уран сэтгэмжийн илэрхийлэл. Тэнд шат, хонгил холболдон, төмөр дуулгатай асар том баатрууд, чулуун хонх  байх аж. Хананд нь чулуун сарнай сийлэн мөргөлийн үгийг сийлжээ. Хотын иргэд Гаудийн чулуун баатрууд тэднийг, манаж байдаг гэж ярих дуртай.

ГҮН ГУЭЛИЙН ЭРДЭНЭСИЙН САН
Гуэлийн ордоны чимэглэлийн хэсэг

Гүн Гуэлийн сэрүүн лавринг Гауди Педральбес дүүрэгт босгожээ. Уг ордонд Гаудийн кафедра ба вааран эдлэлийн музей байрлана. Паркийн хотхон байгуулах хүсэлтэй гүнд Гаудигийн хамгийн баяр баясгалантай бүтээлээ хийж өгчээ. Гэвч хотхон болж чадаагүй учир нь газар авах хүн олдсонгүй. Харин тэнд Гуэлийн парк боссон билээ. Тэнд зам, гүүр, сандал урсан хөврөнө. Цэцэрлэгийн манаачийн жижигхэн байранд Гауди өөрөө амьдран нойр авч бусад цагаа байрилга байгууламж дээрээ өнгөрөөж явжээ.Түүнд хайртай бүсгүй байсангүй. Муур, нохой ч үгүй байв. Түүнийг сэтгэлийг эзэмдсэн ганц зүйл нь Вагнерын хөгжим байлаа. Одоо тэнд Гаудийн музей бий.

АМЬДРАЛЫН ҮЙЛС
Саграда Фамилия гэх ариун гэр бүлийн нүглээ наминчлах сүмийг Гауди нэрлэж байв. Ямар нүгэл хийсэндээ тэрээр наминчлах болов? Сүм хийдэд өгсөн буяны өглөг нь багадаа гэж үү. Тэрээр энэ сүмийг хүмүүст биш бурхдад зориулсан гэдэг. Өмнө байгаагүй ер бусын 170 метрын өндөр эргэдэг шаттай, хананаас нь баримал ургасан цамхгийг Венецийн шилэн наамалтайгаар босгожээ.
Тэрээр барилга дээрээ амьдран хоол ундаа мартан яарч байлаа. Түүний толгойд дараагийн шинэ бүтээл орж ирсэн байв. Нас нь 74 хүрээд байлаа.. Хөгжөөнтэй зорчигчдоор дүүрэн анхны хурц улаан өнгийн трамвай төмөр замаараа хурдалж явлаа…


Каса Батльо


Ла Педрерагийн яндангууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж