Хүүхдийн баяр болно гэхээс нойр хүрэхгүй догдолж хамгийн гоё хувцсаа бэлдэн хүлээдэгсэн. Зургадугаар сарын 1-ний өглөө бүхнээс түрүүлж сэрээд, өнөөдөр “миний баяр” гэж бодохын төдийд хүн болгонд очиж хөөрлөмөөр, хүссэн бүхнээ авч зоргоороо тоглоно гэж бодохоор л цаг явахгүй байгаа мэт санагддаг байж билээ…
Цаг агаар тогтуухан 13 хэмийг зааж байв. Хаашаа л харна, ганган даашинз, гоёхон дүфль, өөрсдийн дуртай баатрын хувцсаар гоёсон хүүхдүүд гартаа дуртай амттанаа, хүссэн тоглоомоо барин ээж, аавыгаа даган алхана. Зарим нь унадаг дугуй, скүүтэр, удирдлагатай машин гэх мэт дуртай унаагаа хөлөглөсөн харагдана. Тэд Төв талбайг зорьж буй нь энэ. Нийслэлд гэр бүлээрээ баярлах газар хуруу дарам цөөн. Баяр болгоноор ихэнх хүмүүсийн зорьж очдог газруудын нэг бол Сүхбаатарын талбай.
Энэ өдөр Сүхбаатарын талбайд “Монгол хүүхэд-2025” арга хэмжээ 11:00 цагаас эхлэв. Баярын арга хэмжээ олон төрлийн хөтөлбөрөөр үргэлжилж хүүхдүүдийн нүд, чихийг баясгаж байлаа. Тэр дунд бид бүгдийн зөвхөн зурагтаар л хардаг байсан Араатан ба гоо үзэсгэлэн, Zootopia, Мангасуудын сургууль, Frozen, Мадагаскар гэх мэт үлгэрийн баатруудыг амилуулж дэргэдээс нь харах боломжийг бүрдүүлсэн нь хүүхдүүдэд маш сонирхолтой байгааг тэнд байсан хүүхдүүд хэлж байсан юм.
Үдийн хойно 15:00 цаг. Цаг агаар нэлээд сэрүүсчээ. Гэсэн ч Төв талбай хүн ихтэй хэвээр. Учир нь хүүхэд, залуучуудын сонсох дуртай Реппер ThunderZ, охидын Wasabies хамтлаг, Foux хамтлаг, дуучин Davaidasha, Becca, Лууяа, Мичидмаа, Уянгадарь зэрэг уран бүтээлчид ээлжлэн ая дуугаа өргөж тэдний баярт баяр нэмж буй нь хүйтнээс ажрахгүй тэнд байх бас нэг шалтгаан болж байв.
МИНИЙ ХУВЬД "АЗ ЖАРГАЛ" ГЭЖ ААВ ГЭРТЭЭ БАЙГАА ӨДРҮҮДИЙГ ХЭЛНЭ
Ааваа одоо харья аа гэж хүү аавыгаа шалах ажээ. Харин дүү нар нь явах болоогүй гэж тэдний дунд зөрчил үүсэх нь тэр. Ээж нь тэдний учрыг олох гэж арга сийлнэ. Энэ гэр бүл бол Д.Баярхүүгийнх. Эднийх ам бүл тавуулаа. 3-13 насны гурван хүүхэдтэй. Аав нь хөдөө ажилдаг тул өнгөрсөн гурван жилийн хүүхдийн баярыг хүүхдүүдтэйгээ өнгөрөөж чадаагүй гэнэ. Тиймээс энэ жил зорьж гэр бүлээрээ хүүхдийн баярыг тэмдэглэж хүүхдүүдийнхээ хүслийг биелүүлж яваа нь энэ.
Том хүү Б.Манлай нь 13 настай.
Чиний хувьд аз жаргал юу вэ гэх асуултад тэрбээр, аав гэртээ байгаа өдрүүд гэх товчхон хариултыг хэлэх нь тэр.
Түүний хамгийн дуртай баяр нь хүүхдийн баяр, шинэ жил. Тэрбээр, цагдаа болох мөрөөдөлтэй. Хүүхдийн баярын хамгийн гоё нь хүүхдийн Паркад тоглох гэнэ. Энэ жилийн хувьд дүү нарынхаа хүслийг биелүүлж анх удаа Сүхбаатарын талбайд баяраа тэмдэглэж байгаа ажээ.
Б.Манлай аавын эзгүйд аавын үүргийг дааж үлддэг аж. Учир нь аав нь 14 хоног амраад 14 хоног хөдөө ажилладаг тул ээжийгээ ажилдаа явсан хойгуур дүү нараа сургууль цэцэрлэгт нь нь өгч, оройд авах үүргийг хүлээнэ. Түүнээс гадна усаа зөөх, өвөл түлээгээ хагалах гээд гэрийн ажилд тусална. Түүний аав ээлжийн ажилд ороод гурван жил болж буй. Тэрбээр, "намайг бага байхад баяр болгоноор аав гэртээ байгаа нь гоё байсан юм байна лээ. Сүүлийн жилүүдэд зарим баяраар эзгүй байх нь хэчнээн гоё зүйл байлаа ч, дуртай юмаа авсан ч гэлээ муухай байдаг байсан. Миний хувьд том болсон болохоор хоёр дүүгийнхээ аяыг хараад аав, ээж хоёрыгоо дагаад явж байна. Орой найзуудтайгаа Парк орж тоглоно гэж аав, ээжээсээ зөвшөөрөл авсан байгаа. Талбай дээр дүү нарт маань гоё байх шиг байна. Надад бол хүн ихтэй дугуй ч унах зай байхгүй болохоор нэг их гоё биш байна" гэж хэрсүүхэн ярина.
Энэ мэт зургадугаар сарын 1-нд хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр гэр бүл бүхэн өөрсдийн боломжид тохируулан хүүхдүүдээ баярлуулж, тэдний хүслийг дагана. Гэсэн ч Төв талбайд хүүхдийн нүд баясгах зүйл тун ховор ажээ.
ТАСАЛБАРАА ҮХҮҮЛЭЭД, СЭЛҮҮХЭН ГАЗАР БАРААДААД ЗОГСОЖ БАЙНА
Талбайн зүүн талаар урагш алхахад мөн л зам битүү, хөл хөдөлгөөн их. Хүүхдүүд өөрсдийн унаагаар олон хүн дундуур сүлжин давхина. Аав, ээж нь "болгоомжтой, унав" гэх үгсийг захина. Ингэж явсаар Хүүхдийн Паркад ирэв. Парк ч мөн ялгаагүй түм түжигнэх ажээ. Үүднээсээ эхлээд тасалбар зардаг цагаан байшингийн үүд шат хүртэл дараалал үүсчээ. Ээж, аавууд нь уух зүйлс, хувцас, бэлэг сэлт зэргийг барин алсаас ажиглан зогсоно. Азаар энэ өдөр нар, хур тэгширсэн өдөр байж таарав. Цааш алхаж хэсэг ажиглахад бүх тоглоом дээр урт дараалал үүссэн ч хүүхдүүд түүнийг үл тоон өөрийн ээлжийг хүлээн зогсоно.
Хүүхдийн Парк энэ жил таван тоглоом шинээр нэмжээ. Эдгээр тоглоомууд нэлээд эрэлттэй байгаа аж. Н.Цэцэнгийн хэлснээр, шинээр нэмэгдсэн экстрим тоглоом дээр сууж үзэхийн тулд нэг цаг гаруй хугацаанд оочирлож сууж үзсэн гэнэ. Тэрбээр, "дээшээ явж байгаад гэнэт доошоо унаж байгаа юм шиг мэдрэмж төрөөд маш их айсан ч гоё байсан. Дараа найзуудтайгаа заавал ирж сууна аа. Жил бүр Паркад ирж тоглож, гэр бүлээрээ хоол идэж баяраа тэмдэглэдэг. Олон цагаар дугаарлаж зогсдог ч яг хүүхдийн баяраар иж тоглохоор гоё байдаг. Өмнө жилүүдэд ээж, аавтайгаа ирдэг байсан бол энэ жил найзуудтайгаа ирсэн нь бүр ч илүү гоё байгааг хэлэв. Ингэж хэсэг хором тогтож ядан хэдэн асуултад хариулж дараагийн тоглоом дээрээ суухаар гүйж одов.
Бага насны буюу 0-8 насны хүүхдүүдэд суух тоглоом ховор, үзэх юм байхгүй байгаад зарим ээж нар шүүмжлэлтэй хандаж байсан юм. "бага насны хүүхдүүд олон цагаар дугаарлаад тоотой хэдхэн тоглоом дээр л суух юм. Нэг тоглоом бараг цаг, зарим дээр нь хоёр цаг дугаарлаж суулгалаа. Тиймээс үлдсэн тасалбараа үхүүлээд тасалбаргүй тоглоом дээр нь агаарлаж байгаад явсан дээр санагдаж байна" гэсэн юм.
Монгол улс анх 1952 оны зургадугаар сарын 1-нд хүүхдийн баярыг орон даяар тэмдэглэж эхэлсэн. Энэ жил 73 дахь жилдээ хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.
зочин 2025-06-02 192.82.66.30
энд тэнд болж байгаа Хүүхдийн баярууд хүүхдийн насны онцлогоор нь хувааж хийвэл таарх юм байна шүү
Т1 2025-06-02 202.9.46.233
тэгж байтал том хүүхдүүд нь архидан согтуурч зодоон цохион хутга шөвгөндөө хүрч бөөн гэмт хэрэг хулгай дээрэм, насанд хүрээгүй хүүхэд машин жолоодож онхолдоод 3 хүүхэд үхсэн ч гэх шиг. ёстой нөгөө '" эд эзнээ дуурайна" гэдэг нь тэр дээ. УИХ-ын танхимд хүн шанаадаж унагаад гишүүн болсон өдрөө хөөгдсөн банкны хулгайч Жидүүчин хүн еөк болсноос хойш эрүүгийн нөхцөл байдал эрс уруудсан шдээ.