Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн том, нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн финалын тоглолт орон нутгийн цагаар өчигдөр/2025.05.31/ Германы Мюнхен хотын Альянц аренад боллоо. Энэ улирлын финалд Францын ПСЖ болон Италийн Интер Милан багууд учраа таарав.
ПСЖ 5 – 0 ИНТЕР МИЛАН
ПСЖ Европын клубуудын аварга болсон 24 дэх клубээр тодорч, багийнхаа түүхэн дэх анхны дэлдэн чихтийг өргөлөө. Тэд финалд өрсөлдөгчөө 5-0 гэсэн харьцаатай хожиж, рекорд тогтоов. Месси, Неймар, Мбаппе гээд өнөө цагийн дэлхийн шилдэг ододтой хамт авч чадаагүй цомоо туршлага нимгэн ч эрч хүч, амбиц дүүрэн залуу тоглогчдын хамт авч чаджээ.
Тоглолтын өмнө ПСЖ-ийн ахлах дасгалжуулагч Луис Энрике ярихдаа "Би бурхан болсон Шана охинтойгоо Аваргуудын лигт түрүүлснийхээ дараа Барсагийн тугийг талбайн голд хатгаж буй гайхалтай гэрэл зургаа санадаг юм. Одоо ПСЖ-ийн хамтаар ч тэгэх сэн гэж хүсч байна. Тэр маань энд байхгүй ч түүний сүнс энд байх болно. Энэ л надад маш чухал" гэжээ.
Германд хүрэлцэн ирсэн ПСЖ-ийн фанатууд ч тоглолтын өмнө Луис Энрике болон түүний бурхан болсон охин Шанагийн ПСЖ-ийн өмсгөлтэй хамт байгаа баннерыг дэлгэж, хүндэтгэл үзүүлжээ.
Тоглолтын тухайд эхний гоолыг Ашраф Хакими оруулж, хуучин багийнхаа хаалгыг мялаав. Удалгүй Дезире Дуэ багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан. Өдгөө 19 настай франц хүү энэ улирал жинхэнэ утгаараа нээлт болж байгаа. Дембеле болон Кварацхелияатай гайхалтай гар нийлж, учраа таарсан баг бүрийнхээ хамгаалалтыг үгүй хийж байгаа гэхэд хилсдэхгүй.
0-2 гэсэн харьцаатай хожигдож эхэлсэн Интер Миланыг хариуг нь барина гэж фанатууд нь хүлээсэн биз. Гэвч тийм зүйл болсонгүй. Хоёрдугаар үед Дуэ хүү дахин гоолдож, удалгүй Кварацхелия, Маюулу нар 5-0 болгов. Хэдий Дембеле гоол оруулаагүй ч багийнхаа довтолгоонд чухал үүрэгтэй оролцож, Интерийн хамгаалалтын анхаарлыг өөр дээрээ татаж байлаа.
Дембеле энэ улирал нийт 35 гоол оруулж, Францын хөлбөмбөгийн бүхий л шагналыг хүртэж, эцэст нь Европд ноёрхлоо. Түүнийг энэ жил Баллон д’Ор буюу Алтан бөмбөгийн эзэн болно гэх яриа ч эрчийг авч байна.
Тоглолтын дараа Луис Энрике "Энэ багт ирсэн эхний өдрөөсөө л би чухал тэмцээнүүдэд түрүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Парис Аваргуудын лигт хэзээ ч түрүүлж үзээгүй байсан. Бид хамгийн анхных нь боллоо. Олон хүнийг баярлуулах гайхалтай мэдрэмжийг төрүүлж байна" гэжээ.
Харин Интер Миланы дасгалжуулагч Симоне Инзаги "Парис энэ ялалтыг, энэ цомыг хүртэх эрхтэй. Бид сэтгэл дундуур байна. Гэхдээ энэ хүртэлх зам гайхалтай байлаа. Дасгалжуулагчийн хувьд би тамирчдаараа бахархаж байна. Тоглолтын тухайд бид сайн биш байлаа. Тамирчид маань бүхнээ зориуллаа" гэв.
Холбоотой мэдээ