"Хүүхэдтэйгээ ном уншсан өдрүүд хамгийн сайхан дурсамж болдог"

"Хүүхэдтэйгээ ном уншсан өдрүүд хамгийн сайхан дурсамж болдог"

"Хүүхэдтэйгээ ном уншсан өдрүүд хамгийн сайхан дурсамж болдог"

Зохиолч Цагаанчулуугийн Дэлгэрмаа хүүхдийн баярыг сонин ихтэй угтаж байна. Түүний "Бяцхан одны түүх" ном АНУ-д удахгүй хэвлэгдэхээр болсон бол "Баавгай нэртэй шувуу" тууж нь шинэ өнгө төрх, хэвлэлттэйгээр ахин хэвлэгдээд удаагүй байна. Мөн хүүхдийн номоор дагнан ажиллах "Little Seven" редакциа ч байгуулжээ. Ингээд зохиолчтой хүүхдийн номын ертөнцийн тухай өрнүүлсэн яриагаа хүргэе.

Хүүхдээ юунд дуртай, ямар сэдвийн ном сонирхож байна гэдгийг анзаарч ойлгож, сонголтыг нь хүндэтгэх юм бол уншлага амархан бас амжилттай болно

-"Баавгай нэртэй шувуу" туужаа шинэчилж дахин хэвлүүлжээ. Баяр хүргэе.

-Баярлалаа. Энэ номыг маань хүмүүс их асуудаг тул дахин хэвлүүллээ. Ингэхдээ зураг, текст, хэвлэл гээд бүх талаар сайжрууллаа. Том хэмжээтэй, хатуу хавтастай болсон. Зураач Энх-Од маань номын бүх зургийг шинэчлэн зурсан байгаа.

– Манайд хүүхдийн ном олноор хэвлэгдэх болжээ. Агуулга сэдвийн хувьд хэр чанаржсан бэ?
Манайд орчуулгын номууд зонхилсон боловч сүүлийн жилүүдэд монгол агуулга нэмэгдэж байна. Үүнд би олзуурхдаг. Уншлагын соёл дэлгэрч байгаа нь сайн хэрэг боловч хүүхдэдээ юу уншуулах вэ гэдэг асуулт, сонголт улам нарийсаж байна. Би өөрөө уран зохиолын хүн учраас хүүхдийн уран зохиол, уран зохиолын шинж бүхий бичвэртэй зурагт номууд олшроосой гэж хүсдэг. Текст бол эх хэлийг дамжуулагч нарийн код, түүн дээр уран зохиолын аяс янз, уран яруу илэрхийлэл нэмэгдээд ирэхээр хүүхдийн эх хэлний мэдрэмж, гүн ойлгоцын түвшин дээшилнэ.

– Уншлагын соёл хүүхдийн номоос эхэлнэ. Хүүхдэд ном уншуулахын тулд юун дээр анхаарах ёстой вэ?

-Ерөөсөө л өөрөө уншигч байх, бас хүүхэдтэйгээ хамт уншдаг байх. Төрөхөөс нь, хэвлийд байхаас нь тохирсон номыг уншиж өгөх. Номтой холбоотой орчныг бүрдүүлж өгөхөөс эхлэх болов уу. Бас хүүхэд хүүхдэд тохирсон аргыг эцэг эхчүүд өөрсдөө олох, үүний тулд хүүхдээ анхаарч ажиглаж, ажиллах хэрэгтэй болно. Хүүхдийн хүмүүжил төлөвшилд ном маш чухал гэдгийг эцэг эхчүүд ухамсарлах, үүний тулд өөрсдөө бас ном мэддэг болох, үнээр нь юм уу өнгө үзэмжээр нь, эсвэл хүүхэд зөвхөн танин мэдэхүй сургалт хүмүүжлийн агуулга л хэрэгтэй гэх мэтээр өрөөсгөл хандахаа болихоос их зүйл шалтгаална. Хүүхдээ юунд дуртай, ямар сэдвийн ном сонирхож байна гэдгийг анзаарч ойлгож, сонголтыг нь хүндэтгэх юм бол уншлага амархан бас амжилттай болно. Унших дадалгүй эцэг эхчүүдэд мэдээж эхэндээ амаргүй л дээ. Үүнийг хүүхэдтэйгээ хамтраад давах боломжтой. Хүүхэдтэйгээ ном уншсан өдрүүд хамгийн сайхан дурсамж болж үлдэнэ.

Ер нь хүүхэдтэйгээ ярилцаад, өөрөө ч хичээгээд гурван зурагт ном уншчихсан байхад их зүйл тодорхой, бас хялбар болдог. Яагаад IELTS, TOEFL гэх мэт хэлний чухал шалгалтуудад унших, бичих, сонсох чадварыг жигд шалгадаг вэ? Энэ ур чадварууд хүний өөрийн хөгжлийг шууд илэрхийлдэг болохоор тэр. Уншдаг хүүхэд асуудлыг илүү өргөн, цараатай хардаг болно. Үгийн сан нь өсөх хэрээр нэг л мэдэхэд нэмэгдэнэ. Тэгээд сайн бичдэг болно. Бичиж төвлөрч чаддаг болвол бусдыг сонсож, хамтарч ажиллаж чаддаг болж төлөвшинө.

"Бяцхан одны түүх" гэж зурагт номын зохиол маань АНУ-ын "Enchanted Lion Books" хэвлэлийн газарт сонгогдсон

– Таны ном АНУ-д хэвлэгдэж байгаа гэж байна. Ямар ном, хэрхэн хэвлүүлэхээр болов?
-2023 онд Азийн сангаас Хүүхдийн ном бүтээх феллоушип хөтөлбөрийг эхлүүлсэн юм. Тус хөтөлбөрт оролцохдоо "Бяцхан одны түүх" гэж зурагт номын зохиол бичсэн маань АНУ-ын "Enchanted Lion Books" хэвлэлийн газарт сонгогдсон байгаа. Удахгүй хэвлэгдэх байх. Тус хөтөлбөр энэ жил хоёр дахиа хэрэгжээд явж байгаа. Энэ хөтөлбөрөөр дамжаад олон залуус хүүхдийн ном бүтээхэд суралцаад зогсохгүй гаднын хэвлэлийн газартай бүтээлээрээ гэрээлэх боломжийг олгож байгаад талархаад баршгүй.

– Хүүхдийн зохиол гэхээр л хөөрхөн, хөгжилтэй байх ёстой гэдэг ойлголт үеэ өнгөрөөсөн бололтой. Өнөөгийн дэлхий ертөнцийн хүүхдэд зориулсан агуулга их нээлттэй болсон гэж харж байна?

Хүүхдэд номын хэлээр ямар ч агуулгыг хүргэж болно. Дайны сэдэв, үхэл хагацал гээд амьралын хар барааныг ч өгүүлж болох юм. Хамгийн гол нь яаж илэрхийлэх вэ гэдэгтээ л байна. Миний "Баавгай нэртэй шувуу" туужид ч анзаарч унших юм бол өвөө нь өөд  болчихож байгаа. Охин өвөөгөө нартай зүйрлэдэг. Төгсгөлийн, "Нарны охин" бүлэгт өвөө нь Баавгайтайгаа уулзчихаад ир гээд эмнэлэгт үлддэг. Өвөө нь өөд болчихлоо гэж өгүүлээгүй ч хүүхэд цааш ургуулан бодохдоо өвөө нь яасан бол гээд бодож болно. Өвөө нь нар болоод үлдчихлээ гэж анзаарах хүүхэд байна, өвөө нь эдгэсэн байх аа гэж өөдрөгөөр төсөөлж ч болно. Зарим асуултад хариулахгүй үлдээснээр хүүхэд өөрөө эргэцүүлэх нь байна. Аан харин шинжлэх ухааны юм уу, танин мэдэхүйн, хүүхдэд мэдлэг өгөх зорилготой номд бол мэдээж тов тодорхой хариулах ёстой.

– Хүүхдийн номын редакц байгуулсан байна. Редакцийн зорилго, бодлогыг яриач?
Хүүхдийн номын "Little Seven" редакцаа байгуулсан. Зах зээлд түгээмэл байгаа номуудаас аль болох өөр, гоо зүйн илэрхийлэлтэй, уран зохиолын аястай зурагт номууд гаргахаар төлөвлөж байна. Гэхдээ дандаа л урт тексттэй уран зохиолын бичвэр байна гэж ойлгуузай. Хүүхдийн сэтгэлзүй, эмпат суурийг хөгжүүлэхэд зурагт ном олон талаар нөлөөлж болно. Дэлхийн, олон улсын хүүхдийн номын нийтлэг стандартад нийцсэн, агуулгын хувьд тодорхой ялгаралтай, сайн номууд хийх нь чухал байна гэж үзсэн.

Гоё зурагт ном үзэхээр амарч, зарим талаар бясалгасан ч мэт мэдрэмж авдаг. Энэ чанарт нь болоод зурагт номд дурлан татагддаг томчууд олон бий

– Хүүхдийн ном гэхээр зургийн асуудал яригдах ёстой юм байна. Бараг л хамтарсан зохиолч гэж үзэж болмоор юм шиг?

Хүүхдийн номын зураг агуулгаа дэмжихээс гадна өөрөө бие дааж санаа илэрхийлдэг. Номын ерөнхий уур амьсгалыг бүрдүүлэхэд хамгийн чухал. Өнгө будаг илэрхийллийн зохирлоос нь хүүхэд шууд "уншиж" болох учир бага насныхнаас авхуулаад том хүнд ч чухал. Би жишээ нь гоё зурагт ном үзэхээр амарч, зарим талаар бясалгасан ч мэт мэдрэмж авдаг. Энэ чанарт нь болоод зурагт номд дурлан татагддаг томчууд олон бий. Бас нөгөөтэйгүүр хүүхдээ ойлгох, тэдэнтэй холбогдох нэг зам байж болно шүү дээ. Дан зургаар илэрхийлсэн silent book буюу үггүй номууд ч байдаг. Би ч бас тийм ном бүтээж үзэх хүсэлтэй. Тэгэхээр зураачтайгаа маш сайн ойлголцох хэрэгтэй. Зураач, зохиолч эн тэнцүү үүрэг оролцоотойгоор зурагт номыг бүтээдэг.

– Өсвөр насныханд зориулсан ном ч, агуулга ч манайд их ховор юм шиг санагддаг?

-Яг үүн дээр л анхаарч сайн зохиол бичих хэрэгтэй байгаа санагддаг. Монгол харьцангуй цөөхөн хүүхдийн зохиолчтой. Хүүхдийн төлөө төрчихсөн мэт хүмүүс л энэ хөдөлмөрт өөрийгөө зориулдаг шиг санагддаг. Бас мэдээж илэрхийллийн хосгүй авьяас байгаа болоод энэ талбартаа бичиж байгаа хэрэг. Тэрнээс хүүхдэрхэгтээ биш юм. Магадгүй сайхан сэтгэл, эвдрээгүй цэвэр тунгалаг сэтгэлээс хүүхдийн зохиол мэндэлдэг байх. Бас олон талын суурь мэдлэг, бичихүйн тодорхой ойлголт, эрдэм хэрэгтэй. Тэрнээс хүүхдийн зохиол гэхээр зүгээр л адал явдал хөөцөлдүүлээд, сонирхолтой байлгах гэж хэт хичээгээд ямар ч доторгүй юм хийчихэж болохгүй. Өсвөр насныхны сэтгэлзүйн нарийн байдлыг ойлгож, ертөнцийг нь хуваалцаж чадах ном үнэхээр үгүйлэгдэж байгаа санагддаг. "Харри Поттер" яагаад алдартай вэ гэвэл магад хүүхэд бүхэн шидтэн байхыг хүсдэг. Тэр л чанар дээр бүхэл бүтэн ертөнц үүсгэсэн. Хүүхдэд хамгийн ойр орчин болох сургуульд өрнүүлсэн. Ингэхээр тэнд найз нөхөд орчин гээд бүх юм бүрэлдэж байна. Монголд агуулгаа шинэчилж чадвал туулиас авхуулаад шид чадал бүхий дүртэй аман болон бичгийн зохиол олон бий. Энэ мэт өв бүтээлээ шинэчилж авч үлдэх, үүний зэрэгцээ орчин цагийн шинэ түүхийг хүүхдүүдэд бичиж өгөх болсон гэж санагддаг. Гаднын зөндөө ном байна шүү дээ гэх байх л даа. Гэхдээ бид чинь өөрсдийн эх хэлээрээ бичдэг ярьдаг харилцдаг улс, эх хэлээрээ бичигдсэн монгол агуулгаа хэзээд чухалчилж байх хэрэгтэй гэж санадаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-31 76.64.44.146

Улсаас болон Монголийн зоxиолчдийн xолбоо гэж байдаг бол xүүxдийн зоxиолд онцгой анxаарал тавиx цаг болсон ! Амжилт xүсье, сайxан ном гаргаарай!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж