“Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-гийн Удирдах зөвлөлийн дарга, Монголын банкны холбооны зөвлөх З.Шагдарсүрэнг өнөөдрийнхөө зочин хойморт урилаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа. Танд болон уншигч олондоо энэ өдрийн мэнд хүргэе. Мөн банкны салбарынхандаа “Банкны ажилтны өдөр”-ийн баярын мэнд хүргэе.
-Хоёулаа “Тэрбум мод сан”-ийн талаар, яагаад банкны салбарынхан ойжуулалтад хүч түрэн, хөрөнгө мөнгө босгон оролцох болов гэдэг асуултаар ярилцлагаа эхлэх үү?
-Тэгье. Нээрэн л олон хүн банкныхан өөрийн үндсэн үйл ажиллагааныхаа хажуугаар “Тэрбум мод” тарих ажилд хүн хүч, хөрөнгө мөнгө зарцуулах болсныг гайхаж асуудаг л даа. Магадгүй өнөөдрийг хүртэл манай банкны салбарынхан тус тусдаа нийгмийн хариуцлагын хүрээнд өөр өөрсдийнхөө төслөө хэрэгжүүлж ирсэнтэй ч холбоотой байх. Гэтэл эдгээр төслүүдийн зорилго нэг, бид чинь нэг л эх дэлхийтэй. байгаль орчны асуудал өөрөө хил хязгааргүй, хамтарч нэгдэж, хамгийн зөв менежментээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой том ажлыг зоригтой хийхгүй бол хохирогч нь та бидний үеэр зогсохгүй, үр хойч, улс үндэстнээрээ болох тул одоо л нэгдэж нийлэх тийм л цаг үед тулж ирээд байна. Авсныхаа хэрээр өгөх байгалийн хатуу хуульд захирагдаж ган, зудын давтамж, элсний нүүдэл, агаар орчны доройтол араасаа ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөн, гэмт хэрэг гээд бүх улсын засгийн газрын толгойны өвчин болсныг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Иймд, банкны салбарынхан маань “50 сая мод” тарьж ургуулах амлалт авсан. Сонсоход их том тоо биш ч яг мод тариад ургуулаад үр дүнг нь үзье гэвэл нэгдсэн удирдлага, зөв зохион байгуулалт, шинжлэх ухаанч ойжуулалт, үр дүн дээр суурилсан санхүүжилт, дээр нь сэтгэл зүтгэл нэмэгдэж, 50 сая модоор ойн сангаа “баяжуулах” юм. Энэ утгаараа “Тэрбум мод сан”-г Монголбанкны дэмжлэгтэй 2022 оны гуравдугаар сард байгуулсан. Банкууд маань олсон ашгаасаа эх дэлхийнхээ ирээдүйд зориулах үүргээ биелүүлж байна л гэсэн үг.
-“Тэрбум мод сан” үүсэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл хүрсэн үр дүнгээс бидэнтэй хуваалцвал…
-Манай сан 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Мод тарина, ургуулна гэдэг бидний хувьд өдөр бүр сорилт, бэрхшээл дундуур өөрсдөө дагаж хөгжсөн өдрүүд байсан. Монгол орны говь болон хангайн бүс нутагт олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийх бидний ажлын цөм байсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь түймэрт өртсөн 1000 га талбайд шинэсэн ойн нөхөн сэргээлт, 21 аймагт “Банкны ногоон төгөл” гээд нийт 1 сая ширхэг модыг тарьж, тарьсан мод маань ургаж байна. Та бод доо. 3 сая модыг гуравхан жилийн дотор, ургалт нь 90 хувьтай байгаа гэхлээр бид зөв замаар явж байгааг баталсан хэрэг биз. Энэ бол хамтын хүч, хөдөлмөрийн үр дүн.
Манай сангийнхан ганцхан хөдөө л мод тариад байдаг улс бас биш. Улаанбаатар хотын 6 дүүргийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын 9 сургууль, 19 цэцэрлэг, бас нэгдүгээр эмнэлэг, ХСҮТ, СЭМҮТ гэсэн 3 том эмнэлгийн гаднах талбайн ногоон байгууламжид тохижилт хийж ажилласан.
Үүний зэрэгцээ экологийн боловсрол олгох чиглэлээр 7 төсөл хэрэгжүүлсэн. Хамгийн гол нь ойн салбарын чадварлаг мэргэжилтнүүдийг эхнээс нь энэ их үйлсэд нэгтгэж чадлаа. Олны хүч оломгүй далай гэдэг чинь л энэ шүү дээ. Ингээд 3 жилийн хугацаанд нийт 81 төсөлд 16 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, 1’089 га талбайг ойжуулжээ.
Банкныхандаа, багийнхандаа, орон нутгийнхандаа баярлалаа гэдэг үгийг амлалтаасаа эмээн зогссон өдрөөс хойш анх удаа чанга дуугаар тод хэлж байгаадаа баяртай байна.
-Банкны салбарынхан байгаль орчин тэр дундаа ойн салбарыг дэмжин ажиллаж байгаа нь тун сайхан зохицол. Та бүхэн шинэ жишиг тогтоочихлоо. Ойн салбарт банкны салбарын онцлогийг яаж ийм оновчтой уялдуулан ажиллаж чадсан бэ?
-Банкнаас та зээл аваад авсан зээлээ цаг хугацаанд нь төлөөд ахиад зээл авах эрх үүсдэг биз дээ. Үүнийг хүүхэд ч мэднэ. Их энгийн шударга зарчим. Энэ хэрээр ажил нь урагшилж, бизнес нь өргөждөг. Эсвэл ахуйн асуудлаа шийддэг. Яг л энэ зарчмыг ойн салбарт нэвтрүүлсэн юм. Мод тарих бараг мода боллоо ш дээ. Гэтэл ургасан нь хэд вэ гэхээр урамгүй тоо гардаг байв. Тэгвэл бид тариснаа ургуулдаг, ургуулсанд нь дахиад санхүүжилт олгодог банкны зарчмыг уяж өгсөн. Таны тарьсан мод ургаж байгаа бол та нэмээд тарь. Бид хөрөнгийг нь шийднэ. Аливаа ажил амжилтанд хүрэхэд хариуцлага хамгийн чухал биз дээ.
-Нээрэн л банкны үндсэн зарчим байна даа…
-Тийм, тийм. Одоо нийт газар нутгийнхаа 8-хан хувийг эзэлж байгаа ойн санг нөхөн сэргээх, улам тэлэхэд тогтвортой хариуцлагатай санхүүжилтийн зөв тогтолцоог нэвтрүүлж байна. Цаашдаа ч ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд төвлөрч ажиллана. Хэдүүлээ эх дэлхийн иргэний хувьд төр нь хувийн хэвшилтэйгээ хамтраад хамаг чадлаараа зүтгээд үзье л дээ. Цаашдаа ч манай сан байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж байгаа бүх сайн санаачилгыг дэмжиж, төр хувийн хэвшлийн сонгодог хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
Бид сангийнхаа үйл ажилагааг зөвхөн мод тарихаар хязгаарлахгүй. Өмнөх амжилтаасаа урам авч өргөн дурангаар харж, томоор сэтгэе л дээ.
Бидний зорьж байгаа дараагийн нэг том ажил, Өвөрхангай аймгийн Хархорин суманд түүхэн нийслэл “Хархорум хот”-ыг сэргээн байгуулах их бүтээн байгуулалтад банкны салбар хувийн хэвшлүүдээ хэдийнэ түүчээлээд явж байна. Хэн хүний сэтгэлийг сэргээх ногоон байгууламж байгуулах ажлыг эхлүүлж, ажлын гүйцэтгэл 80 хувьтай явж байгааг дуулгахад таатай байна.
-Бүтээн байгуулалтын энэ их ажлынхаа хажуугаар бидэнд цаг зав гарган ярилцлага өгсөн танд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэн Монгол орны ойн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулан бусад салбаруудаа манлайлан ажиллаж байгаа “Тэрбум мод сан”-гийн хамт олны цаашдын ажилд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Ногоон ирээдүй – Бидний ирээдүй. Та бидний хамтын хүчин чармайлт, ойн салбарт оруулж буй энэ их хөрөнгө оруулалт байгаль орчноо хамгаалж, хойч үедээ ногоон эх орныг үлдээхэд чиглэсэн. Бидний зорьсон ажил бүхэн Монгол Улсын хөгжилд төдийгүй дэлхийн бусад улсад ч эерэг өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэлтэй байна.
Холбоотой мэдээ