Дээд лигийн драфтын тэргүүн сонголтоор Б.Энх-Амар тодорч, О.Баярцогтын шавь нар өнгөлөв

The League

Дээд лигийн драфтын тэргүүн сонголтоор Б.Энх-Амар тодорч, О.Баярцогтын шавь нар өнгөлөв

Дээд лигийн драфтын тэргүүн сонголтоор Б.Энх-Амар тодорч, О.Баярцогтын шавь нар өнгөлөв

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн энэ жилийн драфтын үйл ажиллагаа өчигдөр/2025.05.29/ боллоо. Эрэгтэй, эмэгтэй лигийн багууд өнгөрсөн улирлын гаргасан амжилтаасаа шалтгаалан олон улсын жишгийн дагуу сонголтоо хийв.

Дээд лиг шинэчлэгдэн зохион байгуулагдсан цагаас хойш энэ жил хоёр дахь удаагаа драфтаа хийлээ.

Энэ жилийн драфтын тэргүүн сонголт хэн байх вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байсан. Оюутны лигт түрүүлсэн, гадаадад сагсан бөмбөгөөр хичээллэж байсан, сурагчдын лигт цойлсон гээд л олон залуу тамирчдын нэрс яригдаж байв. Энэ дундаас Этүгэн Ирвэсүүд багийнхан онцгойрч байлаа. Тэд энэ жил оюутны лигтээ дахин түрүүлж, сагсан бөмбөгөөр Монголдоо тэргүүлэх их сургууль гэдгээ баталсан. Тэр ч утгаараа хэн нэгэн залуу ирвэс дээд лигийн тэргүүн сонголт болно гэх яриа гарсан.

Улмаар энэ жилийн драфтын тэргүүн сонголтоор дээд лигийн шинэхэн цэрэг Монголианс баг Этүгэн Ирвэсүүд багийн тоглогч Б.Энх-Амарыг сонгож, түүнийг Бишрэлт Металл баг руу сольжээ. Металл Б.Энх-Амарын төлөө энэ жилийн драфтын ес дэх сонголт болон Б.Сүхбатыг өгсөн аж.

Б.Энх-Амарын хувьд оюутны лигт хэдийнэ өөрийгөө таниулж, Монгол Улсын шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүнд хүртэл дуудагдаж байсан нэгэн. Өдгөө 21 настай, 201 см өндөртэй түүний хувьд Металлын ирэх улирал гол тоглогчдын нэг байх нь гарцаагүй. Оюутны лигийн хоёр дахь улиралдаа тэрбээр 23.3 оноо, 6.7 самбар, 3.2 ашигтай дамжуулалт гэх үзүүлэлтийг үзүүлж, энэ жил түрүүлээд зогсохгүй финалын "MVP" болсон амжилттай.

Тэгвэл хоёр дахь сонголтоор мөн лигийн шинэ баг Ховд Шонхорууд Этүгэн Ирвэсүүд багийн төвийн тоглогч О.Өсөхбаярыг сонгожээ. Өдгөө 23 настай, 198 см өндөртэй тэрбээр энэ жил оюутны лигт 13.4 оноо, 12.4 самбар, 2.8 ашигтай дамжуулалт, 1.8 хаалтыг дунджилж, билигдлийн багийн төвийн тоглогчоор нэрлэгдэж, багтайгаа аварга авсан юм.

Харин гурав дахь сонголтоор мөн л Этүгэн Ирвэсүүд багийн тоглогч сонгогдсон. Дархан Юнайтед баг гурав дахь сонголтоор Этүгэний З.Нямцогтыг багтаа авчээ. Энэ жилийн оюутны лигийн "MVP" түүний хувьд 22.1 оноо, 8.6 самбар, 3.4 ашигтай дамжуулалт, 2.9 бөмбөг таслалтыг дунджилсан аж.

Ийнхүү Этүгэний энэ улирлын аварга авсан бүрэлдэхүүний гурван гол тоглогч нь дээд лигийн драфтын эхний гурван сонголт болжээ. Гавьяат дасгалжуулагч О.Баярцогтын хувьд дээд лигийн шилдэг тамирчдыг бэлтгэсээр байна.

Бусад сонголтуудыг та бүхэндээ хүргэе.

  • Дөрөв дэх сонголт: Завхан Бродерс – Х.ЗОЛБАДРАХ /Сити Аянга/
  • Тав дахь сонголт: Эрдэнэтийн Уурхайчид – Б.БИЛИГ-УНДРАХ /СЭЗИС/
  • Зургаа дахь сонголт: BCH Найтс – Т.ГҮЕН /BCH Найтс өөрийн академи/
  • Долоо дахь сонголт: Сэлэнгэ Бодонс – А.АДЪЯА /ШУТИС Шаркс/
  • Найм дахь сонголт: SG Эйпс – Б.ЦЭНД-АЮУШ /СЭЗИС/
  • Ес дэх сонголт: Бишрэлт Металл /Монголианс руу шилжсэн эрх/ – О.ТӨГӨЛДӨР /МУИС Шонхорууд/
  • Арав дахь сонголт: Хасын Хүлэгүүд – Н.ПҮРЭВСҮРЭН /ХИС Хавкс/

Эмэгтэй лигийн тэргүүн сонголтоор Старс баг Рояаль их сургуулийн тоглогч А.Намуунааг сонгожээ. Тайванийн оюутны лигт тоглож байсан тэрбээр эргэн эх орондоо ирж, Рояалийн төлөө нэг жил тоглохдоо 19.6 оноо, 10.2 самбар дунджилж, билигдлийн багийн төвийн тоглогчоор нэрлэгдсэн аж.

  • Хоёр дахь сонголт: Скорпионс – Г.УРАНЧИМЭГ /Тайвань/
  • Гурав дахь сонголт: М Винкс – Г.ЭНХЛЭН /24-р сургууль/
  • Дөрөв дэх сонголт: Аравт – Г.НОРЖМАА /ОТИС Шилүүснүүд/
  • Тав дахь сонголт: Хасын Хүлэгүүд – М.ДАВААХҮҮ /МУБИС Буганууд/
  • Зургаа дахь сонголт: Улаанбаатар Амазонс – М.ЭРДЭНЭ-ОД /Тайвань/
  • Долоо дахь сонголт: Улаанбаатар Амазонс – Н.АЛТАЙ /МУБИС Буганууд/

Улаанбаатар Амазонс баг өнгөрсөн жил драфтаас тоглогч сонгоогүй, энэ жил хоёр сонголт хийжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-05-30 203.98.77.114

О.Баярцогт үнэхээр сайн дасгалжуулагч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж