"Хөгжлийн бэрхшээл гэдэг нь нийгмээс тусгаарлагдах гэсэн үг биш"

"Хөгжлийн бэрхшээл гэдэг нь нийгмээс тусгаарлагдах гэсэн үг биш"

"Хөгжлийн бэрхшээл гэдэг нь нийгмээс тусгаарлагдах гэсэн үг биш"

Дэлхийн хамгийн их хүн амтай улс орнуудын хоёрт Хятад улс жагсдаг. Тус улсын хувьд 1.4 тэрбум хүн амтай бөгөөд хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзэхэд 85 сая гаруй иргэн нь хөгжлийн бэрхшээлтэй гэж бүртгэгджээ. Энэ нь нийт хүн амын 6.21 хувь юм. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нь нийт хүн амтай харьцуулахад бага мэт боловч Хятадын засгийн газар тэдний хөдөлмөрлөх, сурч боловсрох чадварыг нь хөгжүүлэх хүчин чармайлтаа тогтвортойгоор үргэлжлүүлж байна. Тодруулбал, 85 сая гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 75 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг гэх албан бус судалгаа байдаг. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусламж үйлчилгээ, сургалт, эмчилгээнд хамрагдахад хүндрэл учирдаг байжээ.

Харин тус улсын засгийн газар Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо (CDPF) зэрэг байгууллагуудаар дамжуулан муж бүрт тусгай хэрэгцээт хүн амыг дэмжих бодлого хэрэгжүүлэх болсон байна.

Үүнд мэргэжлийн боловсрол олгох, сургалт үйлчилгээнд тэгш хамрагдах, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн бодлого ордог аж. Энэ нь ч үр дүнгээ өгч, 2023 онд 544 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь ажлын байртай болсон байна. Тухайлбал, хөдөө орон нутагт байх хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ практик ур чадварын сургалт гол төлөв явуулснаар нийгэмтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлж өгчээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулсан хүчин чармайлтын томоохон хэсэг нь Бээжингийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний төв юм. Фэнтай дүүрэгт байрлах энэхүү төв буюу Хуй Ай барилга нь Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мужийн түвшний хамгийн том нэгдсэн үйлчилгээний байгууламж гэгдэж байна. 2022 оны гуравдугаар сард нээлтээ хийснээсээ хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах төдийгүй тэдний гэр бүлд чухал дэмжлэг үзүүлэх цогц үйлчилгээг үзүүлж эхэлжээ.

Нийт 24 давхар 33.2м2 Хуй Ай барилга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт, фитнес, эмнэлэг, нөхөн сэргээх төв болон кино театр, уран зураг, хөгжмийн дугуйлантай.

Мөн хөдөлмөр эрхлэх ур чадварыг нь сайжруулах зорилгоор бичих, хэл ярианы хичээл орохоос гадна бие даах чадварыг нь хөгжүүлэх анги хүртэл байдаг байна. Тус төвийн төлөөлөгчийн хэлснээр, хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь нийгмээс тусгаарлагдах ёстой гэсэн үг биш. Эдгээр хүмүүс нь нийгмийн нэг хэсэг. Хэдийгээр энгийн хүмүүстэй харьцуулахад өөр мэт боловч зөв чиглүүлж өгснөөр бусадтай адил бүхий л зүйлийг бие даан хийж чадна. Бидний зүгээс эдгээр иргэддээ ялгаатай талаа давуу тал болгоход нь дэмжлэг, туслалцаа үзүүлдэг" гэсэн юм.

Бээжингийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний төвөөр зочлоход үйлчлүүлэгчдийн бүтээсэн гар урлал, уран зургийг алхам тутамдаа олж харна. Хуй Ай барилга нь бүхэлдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулж тав тухтай, аюулгүй байдлыг нь хангасан архитектурын шийдэлтэй учир нүдээ аниад алхсан ч унаж, бэртэнэ гэх айдасгүй. Мөн тус төвд харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан ухаалаг малгай, робот нохой, виртуал дохионы хэлний өргөн нэвтрүүлгийн систем зэрэг шинэлэг бүтээгдэхүүнүүдийг харуулсан өндөр технологийн үзэсгэлэнгийн талбай бий. Тэргэнцэртэй иргэдэд зориулсан хиймэл оюун ухаант өөрөө явагч робот хөл, хүүхэн харааны хөдөлгөөнийг таних өнгөт дэлгэц зэрэг багтана.

Мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хөгжмийн дугуйлан ажилдаг бөгөөд энэ нь ч үр дүнгээ өгчээ.

Тархины саажилттай гэх оноштой хэдий ч төгөлдөр хуурын сонгодог аяыг ямар ч алдаа мадаггүй тоглох өсвөр насны хүүгээс эхлэн тэргэнцэртэй хэдий ч уран бүжиг бүжиглэх хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь зүгээр л нэр тэмдэг гэдгийг батлан харуулах шиг.

2021 оноос эхлэн Бээжингийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний төв 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сайн дурынхны багийг бүрдүүлжээ. Хятадын урлагийн үндэсний төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний гэр бүлд зориулсан 100 гаруй удаа сайн үйлсийн тоглолт зохион байгуулж, соёлын оролцоо ямар чухал болохыг сурталчилсан байна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр хязгаарлагдахгүй, нийгэмд ойлгогдоход нь дэмжлэг үзүүлдэг байна.

Өдгөө тус төв нь бүхий л насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хүүхдийн нөхөн сэргээх хэсгээр үйлчлүүлж байсан 4000 хүүхэд үе тэнгийнхэнтэйгээ нэгэн адил алхаж, гүйж, тоглож чаддаг болжээ.

Хятад улс хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний гэр бүлийг дэмжих бодлогоо өргөжүүлсээр байна. 2017 оны байдлаар улс даяар 8334 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төв байдаг гэж бүртгэгдсэн бол өдгөө 10 мянга хол давжээ. Тус улсын засгийн газар 2024 оны арваннэгдүгээр сард хөгжлийн бэрхшээлтэй 1.18 сая иргэндээ орон гэрийг нь засварлах, сэргээн босгох дэмжлэг үзүүлсэн байна.

Мөн 2021-2023 онд бараг 1.24 сая хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нөхөн сэргээх эмчилгээнд хамруулсан бөгөөд 2024 онд 443 мянган хүнд тусламж үзүүлсэн байна.

Эдгээр бодлого, хүчин чармайлтын үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд бусдын адил сурч, хөдөлмөрлөж, бусдаас хараат бус байх боломжтой болж байна. Бээжингийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний төвийн төлөөлөгчийн хэлснээр, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төвийн тоо цаашид ч нэмэгдэх болно. Тусламж үйлчилгээний хамрах цар хүрээг тэлж, тэдний хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн бодлого хэрэгжүүлэх чиглэлд засгийн газар онцгой анхаарал хандуулсан хэвээр байна" гэв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-30 202.9.40.14

1.4 их байгаа. Өсөлтийг эрчимтэй багасгах ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж