Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх төслийг УИХ-д мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2025.05.29-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх төслийг УИХ-д мэдүүлжээ

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх төслийг УИХ-д мэдүүлжээ

Засгийн газрын өчигдрийн /2025.05.29/ хуралдаанаас Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжсэн байдаг. Тэгвэл энэхүү тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлжээ.

Тогтоолын төсөлд “Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар нь 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудыг хурдтай хөгжлийн төлөөх зориг уриан доор хэрэгжүүлж эхний бодит үр дүнг гарган ажиллаж байгаа боловч үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, дэвшүүлсэн бодлого зорилтоо тогтвортой тууштай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг хэрэгтэй байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хамтын хариуцлагын зарчим, улс төрийн соёлын хувьд Монгол Улсын их хурлын бүрэн эрхийг хүндэтгэн, итгэл хүлээлгэх эсэх асуудлыг ард түмний төлөөллийн төв байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье” хэмээжээ.

Ерөнхий сайд итгэл үзүүлэх эсэх асуудалтай холбоотой тогтоол УИХ-д ирсэнтэй холбогдуулж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж "Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар тогтоолыг оруулсан. Үндсэн хуульд Ерөнхий сайд төсвийн болон тодорхой бусад бодлогын асуудлаар өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулбал УИХ түүнийг гурав хоногийн дараа хэлэлцэж эхэлж, 10 хоногийн дотор чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж дуусна гэсэн заалт байдаг. Тогтоол өчигдөр орж ирсэн гэдэг нь УИХ-ын холбогдох байнгын хороо гурав хоногийн дараа хэлэлцэж эхэлнэ. Нийт эцэслэн шийдэх хугацаа 10 хоног, энэ хугацаанд чуулганаар эцсийн шийдвэр гарсан байна гэсэн үг" гэлээ.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж