УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2025.05.29/ 10.00 цагт эхэллээ.
Чуулганы ээлжит хуралдаан өндөрлөлөө
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ хэлэлцэж, зарчмын зөрүүтэй хоёр санал хураалт явуулж, Эдийн засгийн байнгын хороонд бэлтгүүлэх чиглэл өгөв.
1. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байнгын хорооны саналаар тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэснийг тоглоом зохион байгуулах гэж өөрчлөх санал хураалт явуулж 56 гишүүн дэмжлээ.
2. Зохион байгуулах гэмт хэргийн үйлдэлд гэснийг зохион байгуулахад гэж, ашиглуулах замаар дэмжлэг үзүүлсэн гэдгийг ашиглуулсан гэж тус тус өөрчлөх санал хураалт явуулж, 58 гишүүн дэмжлээ.
Үдээс хойшх чуулганы хуралдаан үргэлжилж байна
“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Хуулийн төслийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай танилцуулав.
УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Энэ төсөлтэй холбоотойгоор Монгол Улс олон улсын Сэргээн босголт хөгжлийн банк хоорондын хэлэлцээрийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ хөгжлийн гэдэг зээл авчихаад ашиглаж чаддаггүй. Төсвийн зарлагын дээд хязгаартаа тулсан, төсөв алдагдалгүй баталдаг болсон гэдэг зарчмын хүрээнд авсан зээлийн ашиглалт, хэрэгжилт, бүтээн байгуулалтын ажил удааширдаг. Одоо энэ зээлээ ашиглаж чадах уу?
Сангийн сайд Б.Жавхлан:
-2025 оны батлагдсан төсөв дотор 12 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтын дүнгээс 1.5 их наяд төгрөг л төсөв дээр суусан. Энэ хэлэлцээр соёрхон батлагдмагц энэ жилийн хувьд нэг орчим сая ам.долларын төслийн бэлтгэл ажил хангагдах санхүүжилтыг тусгасан байгаа. Энэ жилийн 1.5 их наядын зээлийн ашиглалт дотор энэ төслийг багтаан эхлүүлнэ. Цаана нь дахин 46 сая ам.доллар үлдэнэ. Ирэх жилийн төсвийн багтаамж ямар байхав. Нефть боловсруулах үйлдвэр 1.7 тэрбум ам.доллар буюу 5.6 их наяд төгрөгийн өртөгтэй. Энэ жилийн 1.5 их наядын зээлийн ашиглалт дотор 350-400 тэрбум төгрөг гарахаар байгаа. Нэмж авч байгаа зээлүүдэд өндөр шалгууртай, харам хандаж байгаа. Стратегийн хүрээнд дэд бүтэц, эрчим хүчний төслүүд дээр урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг авахаар зөвшөөрөл авч байгаа. Мөн Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц гээд том дүнтэй төслүүд хүлээгдэж байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Эрчим хүчний дутагдалтай холбоотой асуудлыг байнгын хороогоор хэлэлцэж, дэмжсэн. Зээлийн ашиглалтыг хэрхэн сайжруулах вэ. Өнөөдөр энэ бодлого барьж байгаа яам нь нэн тэргүүнд хэрэгжүүлэх асуудлаа эрэмбэлэх ёстой.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гэхэд, жилд 2 тэрбум ам.долларын нефть хэрэглээд явж байгаа. Төсвөөс санхүүжүүлж байгаа графикаар төсвийн хязгаарыг авч үзвэл 10-15 жилийн дараа бүтээн байгуулалт ашиглалтад орно. Гэтэл УИХ-аас 2028 онд дуусга гэдэг зээлийн хэлэлцээр, төлөвлөгөөг гаргаж өгсөн. Энэ хэмжээндээ оруулж чадахгүй бол нэг жилд нэг тэрбум ам.долларыг авч үлдэх боломжоо алдана гэсэн үг. Тэр мөнгө нь ЭКЗИМ банк зээлийн шугам нээгдсэн. Монголд валют орж ирж, бүтээн байгуулалт ажлын байр бий болгох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
-Энэ хэлэлцээрт Сангийн сайд 2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр гарын үсэг зурсан юм байна. Гэрээний ерөнхий нөхцөл хаана байгаа юм бэ. Зээлийн хэлэлцээрийн салшгүй нэг хэсэг байна гэж заасан байдаг. Гэхдээ ерөнхий нөхцөлийн өөрчлөлт нь байгаад байдаг. Ерөнхий нөхцөл нь хавстралтаараа байхгүй байна. Гишүүдэд тараасан материалд ч байхгүй байна. Хэлэлцээрийн зүйл 4.4.3-т гарын үсэг зурснаас хойш 20 жил гээд хэлэлцээр дуусгавар болох огноо гэжээ. Гэтэл үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хугацаа 2030 оноос хойш 25 жил, Сангийн сайдын танилцуулгаар 30 жил. Санхүүжилт хаагдах хугацаа 2029 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр. Энэ ямар утга учиртай юм бэ?
Б.Бат-Эрдэнэ сайд байхдаа кофег Монголд хийнэ гэж 400 тэрбумыг төсөвлөсөн
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн танилцуулав.
Асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Зарчмын зөрүүтэй нэг санал дээр санал хураалт явуулж, Нөмрөг- Улаангом чиглэлийн автозамаас Арц суурь хилийн боомт хүртэл зам барих төсөл арга хэмжээ нь дэд заалтад байгаа төсөлтэй давхцаж байгаа тул уг саналыг нэгтгэж, зорилтот түвшинг 30 гэснийг 100 гэж, 17.5 тэрбум төгрөгийн төсвийг 28.5 тэрбум болгон өөрчлөх саналыг Эдийн засгийн байнгын хорооноос гаргав. Санал хураалтаар 71 гишүүн буюу 67 хувиар санал дэмжигдлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Төсвийн хууль бүтэн жил хэрэгжих ёстой. Төрийн хэмнэлтийн тухай хууль гэж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажилд тодорхой хугацаа заасан юм шиг байгаа юм. Үүний дагуу Засгийн газрын тогтоол гарч, парламентын баталсан хуулиас давсан арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь буруу. Парламентын эрхэнд бүрэн халдаж байна. Зургадугаар сарын 1-ний дотор тендер, худалдан авалтыг хийж, цаашаа бүгдийг нь хурааж авна гэдэг. Энэ бол парламентын эрхэнд халдаж байна. Засгийн газар хэрэглэхгүй гэсэн үг. Бүх худалдан авалт яамдууд дээр байгаа. Энэ ажлыг хийгээгүй бол өөрсдөө буруутай гэсэн үг. Тэгэхээр зургадугаар сарын 1-нээс бүх хөрөнгийг татах юм байна. Бидний эрхэнд халдаж байна. Б.Бат-Эрдэнэ гэж сайд байхдаа кофег Монголд хийнэ гэж ам гарснаас болж 400 тэрбум төгрөг гарах тооцоолол байгаа. Энэ жил 60 тэрбум төгрөгийг зарцуулна. Өнөөдрийг хүртэл худалдан авалт хийгээгүй байгаа. Энийгээ татвал бидний олон улс дахь үүрэг байхгүй болно. Нэг сайдын дураараа мэдэгдсэн үгнээс болж, баахан хурал зөвлөгөөн хийдэг байж болохгүй. Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Зургадугаар сарын 1-ний дотор тендерээ зарлаж чадаагүй хөрөнгө оруулалтын ажил яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Давхар давхар тушаал гэсэн үг. Олон шалтгаанаас болж тендер зарлаж чадахгүйгээс болж гэрээ хийгээгүйгээс хөрөнгө оруулалт татагдана гэдэг нь дэндүү хайран. Цаашдаа тендер зарлагдаагүй хөрөнгө оруулалтын ажлыг цаашид яах вэ. Зээл тусламжтай холбоотой асуудлыг хэрхэн яаж ашиглалтыг сайжруулах вэ. Гуравт, концесс болон бусад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаардаг байх вэ гэдгийг Засгийн газар талаас сайн бодож оруулж ирэх хэрэгтэй. Бүгдийг хүнд байдаг, алддаг гэдэг ойлголтоор хаавал улс орны хөгжил удааширна.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Засгийн газраас өргөн барьсан 2026 оны хөгжлийн төлөвлөгөөгөөр нийт 17.5 их наяд төгрөгийн төслийг төлөвлөсөн. Ажлын хэсэг шуурхай ажилласанд баярлалаа. Энэ хугацаанд зарчмын зөрүүтэй 142 санал гарч, 17 нь шалгуур үзүүлэлтийн, үлдсэн 125 нь санал нийт 1.6 их наяд төгрөгийн төсөл шинээр тусгагдаж, ирэх жил 19 их наяд төгрөг зарцуулахаар болж байгаа. Хот төлөвлөгч хүний хувьд зардлыг салбараар хуваасан график тараасан. Эндээс харахад, төлөвлөсөн арга хэмжээний 33 хувь нь гишүүдийн оруулсан саналын 44 хувь нь зам барихад зориулагдсан. Боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбартаа чиглэж хөрөнгө оруулах ёстой. Харамсалтай нь боловсролдоо 5, эрүүл мэндэд 3-хан хувийг зарцуулах нь ээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Улсын төсвийн бүтэц ямар байх агуулга яригдаж байна. Нийгмийн бүхий л салбарт хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байгаа. Баруун бүс нутагт эдийн засгийн хөгжлийг бодитоор бий болгох, ард иргэдэд зах зээлийг нь ойртуулах чухал ач холбогдолтой авто замын төсөл учраас баруун бүс нутгаас сонгогдсон гишүүд санал гаргаж байгаа. Жил бүр амсуулах байдлаар төсөвлөж, 10, 20 жил баригддаг гэдгийг анхаарах ёстойг гишүүд хэлж байгаа. Улсын төсвөөр гэж харахаас илүүтэйгээр хөнгөлөлттэй зээл хэлбэрээр хэрэгжүүлбэл төсөвт бага дарамт ирэх байх. Ард иргэдийн хүсч байгаа нийгмийн даатгалын хөнгөлөлт, дэмжлэг татварын дарамтаас ангижруулах боломж гэдгийг төсвийн урсгал зардлыг бууруулж байж бодитоор бий болгох зарчимтай явж байна. Зардал бууруулах дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.
Байнгын хорооны саналаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ санал хураалт явуулж, 72 гишүүн буюу 67.9 хувиар санал дэмжигдэж, тогтоолын төсөл батлагдлаа. Үдээс хойшх хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.
"Инфляцийн түвшинг 7 хувь гэсэнтэй гишүүд санал нэгдэхгүй байгаа"
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Тийм. Бууруулж байгаа юм билээ. Одоо 35 их наяд төгрөг байгааг 34 их наяд болгож, цаашдаа төсвийн зардал хурдацтай байсныг бууруулахаар төлөвлөж байгаа юм билээ. Үндсэндээ 2021 онд 11 их наяд төгрөгийн төсөв 35 их наяд төгрөг болсон.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:
-Төсвийн хүрээний мэдэгдэл дээр хэд хэдэн асуудал байна. 2025 онд Засгийн газар эдийн засгийг 8 хувиар өснө гэж өөдрөгөөр төсөөлсөн. Өнөөдөр ямар хувьтай байна вэ. Миний мэдээллээр 5-6 хувьтай байна гэж сонссон. Энэ буруу тооцсон асуудалд хэн хариуцлага хүлээх вэ. Засгийн газрын сайд нар залилан мэхлэх үйл ажиллагаа явуулсан байхад хэн хариуцлага үүрэх ёстой вэ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хариулт өгөөч. Инфляци энэ жил 5-6 хувьтай байна гэж харж байгаа бол ирэх жил 7 хувьтай байна гэжээ. Хэрэглээний сагсанд түлш, дулаан цахилгааны үнэ ордог уу. Ирэх жилийн өсөлтөд ямар бүтээгдэхүүнийг оруулсан юм бэ. Миний тооцоогоор өнөөдөр 12 орчим хувьтай байгаа байх. Ирэх жил инфляци бүр өснө гэж тооцоолж байна. Яаж тооцоолсон юм бэ. Урсгал зардал буюу төсвийн зардлыг ирэх жил хэдээр хэмнэж, төрийн албан хаагчийн тоо хэдээр цомхотгож, улсын үйлдвэрүүд хэд болж багасах юм бэ?
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Төсвийн байнгын хороон дээр энэ асуудал хөндөгдсөн. Байнгын хорооны ихэнх гишүүн инфляцийн хувь хэмжээ үндэслэл муутай байна гэсэн. Дэлхийн банк, ОУВС бодитоор буюу 6.2 хувьтай гэж тооцоолсон байдаг. Манайхан ДНБ-ийг 2025 оныг 6 хувь, 2027-2028 онд 6.5 хувь байхаар тооцсон байна лээ. Инфляцийн түвшинг 7 хувьтай гэсэнтэй гишүүд санал нэгдэхгүй байгаа. Ирэх 2027-2028 онд үе шаттайгаар инфляци буурна гэдэгт эргэлзэж байгаа.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:
-Бидний хувьд 2025 оны эдийн засгийн өсөлтийг 7.5 хувь байх боломжгүй буюу 5 хувиар орж ирсэн. Цаашдаа 2026 он 5.4 хувьтай, 2027-2028 онд 5 хувьтай байна гэж таамагласан. Засгийн газрын тооцооллоос хоёр хувиар доогуур байгааг хэлье. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засагт нөлөөлөх уул уурхайн салбарын эрсдэлийг хөндсөн. Тийм учраас 2026 онд уул уурхайн салбар хүнд байдалтай байна гэж харсан.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Хариуцлагыг хэн хүлээх вэ гэхээр УИХ-д оруулж ирсэн Засгийн газар хүлээнэ. Энэ бодлогын баримт бичиг батлагдаад, хэрэгжихгүй бол Засгийн газартай хариуцлагыг ярих ёстой юм.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Нүүрсний үнэ 2025 оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 40 хувиар буурсан. Нийт экспортын орлого 17 хувиар, улсын нэгдсэн төсвийн нийт орлого 16 хувиар буурсан. Түүхий эдийн үнэ буурсны улмаас үүссэн энэ нөхцөл байдал 2025-2026 онд дамжин үргэлжилнэ гэж тусгаж оруулсан. Тэгсэн мөртлөө орж ирж байгаа төлөвлөгөө, төсөв нь энэ статистикаа үгүйсгэсэн байдлаар орж ирж байна. Эдийн засаг, хөгжлийн яамнаас асуухад, шинжлэх ухаан, инновацийг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, одоогийн ДНБ-ийг 0.5 хувьд байлгана гэж байгаа. Угаасаа статистикийг нь харахад дунджаар 0.5 хувийн зарцуулалт хийж байгаа. Энд боловсролын яаманд их дээд сургууль нь харьяалагддаг мөртлөө Эдийн засаг, хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний байгууллага мөн гэсэн чиглэлээ баталгаажуулаад байдаг. Мэдлэг бүтээж байгаа газар нь өөрөө хөрөнгө оруулалт хийж, судалгаа хөгжүүлэлтийг хийдэггүй юм уу?
Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөл:
-Төсвийн хүрээний мэдэгдэл төсвийн зарлагын нийт дээд хэмжээг баталж өгдөг. Тэрнээс биш салбар салбараар нь задалж баталдаггүй. Тэгэхээр үүний дараа хэлэлцэх жилийн төлөвлөгөө хэлэлцэх үеэр хариулах боломжтой.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Төсвийн хүрээний мэдэгдэл чинь төсвийн тогтвортой байдлыг хангах үзүүлэлтийг ярьж хэлэлцдэг. Зардал гэхэд хөрөнгө оруулалтын шинэ боломж хэд байгаа вэ гэдэг дүнгээ тавьж, төсвийн зардал нь ДНБ-ий хэдэн хувь байна гээд тавьчихсан 9-10 үзүүлэлтийн хүрээнд төсвийн хүрээг баталдаг. Тэрийг бид хэлэлцэж байна. Нарийвчлан хөрөнгө оруулалт нэг бүрээр ярьсан зүйл байхгүй. Нүүрсний үнийг 75-80 ам.доллар гэж авсан юм билээ. Одоогийн байдлаар ийм үнэтэй байгаа. Эхний улирлын гүйцэтгэлээр экспортын орлого 1.3 тэрбум ам.доллараар буурсан ч Засгийн газар алт, зэсээрээ нөхсөн гэж хариулж байгаа.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Эрчим хүчний реформыг 2024-2028 онд хэрэгжүүлнэ гээд УИХ-аас асар өндөр дэмжлэгтэй байгаа. Тиймээс 2026 онд гэхэд, шинээр есөн төслийг 175 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр УИХ-ын гишүүд саналаа гаргасан. Гэтэл 2025 онд тавигдсан байсан 35 төсөл нь хөдлөөгүй. Энэ бол Эрчим хүчний яам ажлаа хийж чадахгүй байгааг харуулж байна. Өмнөх төслүүдээ хэрэгжүүлж чадаагүй яам дараа жилийн шинэ төслүүдээ хэрэгжүүлж чадах юм бэ. Эрчим хүчний тусгай зөвшөөрлийн асуудлыг хөнгөвчилж өгөх шаардлагатай байсан. Ж.Батсуурь сайд яаман дээрээ маш том шинэчлэлийг хийж байгаа. Хүн гэрээсээ материалуудаа бүрдүүлж өгөх боломжийг бүрдүүлж байна. Энэ жишээг бэлхэн аваад Эрчим хүчний сайд нь хэрэгжүүлээд ажиллах хэрэгтэй. Тэгэх юм бол энэ олон төслүүд цаг хугацаандаа хэрэгжих боломжтой болно. Хоёрт, С.Одонтуяа сайд олон жил гацсан Эгийн голын усан цахилгаан станцын хэлэлцээрүүдийг хийж байна. Энэ дээр дэлхийн өвийн сангийн ЮНЕСКО-гийн 2015 онд гаргасан зөвлөмжийг өөрчилж, судалгаа нэмж хийхээр 2026 онд 3.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энийг салбарын яамнаас хөдөлгөж, Эрчим хүчний яаманд шилжүүлж байгаа юм байна. Энэ ажлыг хийж чадах уу. Дотоодоосоо эрчим хүчээ хангах хамгийн том боломж юм. Энэ ажлыг яаж хийхээр төлөвлөж байна вэ?
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Тусгай зөвшөөрлийн тухайд би 2022 оны наймдугаар сараас хойш энэ салбарын сайдаар ажиллаж байна. Ямар нэг хүндрэл бэрхшээлгүй, хүнд сурталгүй ажиллах шаардлагыг тавьж байгаа. Ажлын 10 хоногтоо багтаан хариу өгч байгаа. Гагцхүү шаардлагаа биелүүлэхгүй байгаа компаниуд улстөржүүлж байгаа байдал бий. Танд тодорхой мэдээлэл байгаа бол бичгээр ирүүлээрэй.
Эгийн голын усан цахилгаан станцын тухайд, өмнөх Засгийн газрын үеэр энэ ажлыг ярьж байсан. Гэтэл ОХУ-аас ЮНЕСКО-д гомдол гаргаж, Засгийн газраас байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэхээр болж, Францын компани дүгнэлтээ гаргасан. Байгаль нуурт нөлөөлөл багатай гэдэг дүгнэлтийг ирүүлсэн. Энийг ОХУ-ын сайдад бичгээр хүргүүлсэн байдаг. Гэтэл хоёр улсын төрийн тэргүүний айлчлалын үеэр францын компанийн дүгнэлт хангалтгүй байна, хоёр улсын шинжлэх ухааны байгууллагууд хамтран дүгнэлт хийхээр болсон. Хамтарсан ажлын хэсэг томилогдож, 2026 оны эхний улиралд дүгнэлтээр гаргахаар ажиллаж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тогтолцооны шинэчлэлт хийе гэдэг зарчмаа тохирч, зураглал гаргахаар хамтдаа сууж байгаа. Ингэснээр эхийн хэвлийгээс төрөөд хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь оношлогдсон бол боловсролын үйлчилгээг хэрхэн авах вэ, шилжих вэ гэдэг зураглалыг гаргаж, тэтгэвэр тэтгэмжийн асуудалд тохирсон шилжилтийг хийхээр маш сайн шинжилгээ, анализ хийх ёстой.
УИХ-ын гишүүн Б.Заяабал:
-Төсвийн хүрээний мэдэгдэл энэ жил боловсруулалт, тооцоо судалгаа, хэлэлцүүлгийн хувьд шаардлага хангахуйц хэмжээнд байсангүй гэж дүгнэж байна. Байнга өөрчлөлт ордог учраас энэ асуудалд онцгой анхаарахгүй байна гэж үзэж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл ажиллаж байгаа ч 7-8 гишүүнтэй. Их ажлыг даалгадаг, Засгийн газрын ажилтай давхацдаг. Байнгын зөрчил үүсч, энэ асуудал нь УИХ руу орж ирдэг.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Энэ оны эхний дөрөв, таван сарын экспортын орлогын гүйцэтгэлийг харахаар нүүрсний үнэ 1.3 тэрбум ам.доллараар буурсан. Засгийн газар үүнийг алт, зэсийн орлогоор нөхөж байгаа гэсэн. Үнэндээ тийм биш. Алт, зэсний дийлэнх нь Оюутолгойн орлого. Түүний тавхан хувь нь татвараар улсын орлого болж байгаа. Тэгэхээр бодит нөхцөл байдал дээр экспортын орлого дээрээ тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд эхэлсэн. Загварчлалын хувьд нэг загвараар тооцоолдог гэж хариулсан. Түүвэр авахдаа янз бүрээр авдаг байж магадгүй. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Засгийн газрын оруулж ирж байгаа хоорондын зөрүүг ярьж байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Төсвийн хүрээний мэдэгдэл орж ирэхээс өмнө төсөөллөө Сангийн яаманд хүргүүлж байгаа. Тэрийг харж тооцдог байх гэж бодож байна. Одоо УИХ дээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Төсвийн алба хоёрыг зохицуулсан эрх зүйн орчинг бүрдүүлэх хуулийн ажлын хэсэг ажиллаж байна. Өчигдөр бид хуралдсан. Энийг нэг мөр шийднэ. Төсвийн албыг Тамгын газар дээр байлгаж болохгүй ээ УИХ-ын дарга аа. Энэ буруу. Төсвийн алба байнгын хорооныхоо дэргэд байсан. Тэгж байж төсөв дээр дүн шинжилгээ хийдэг байх ёстой.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
-Өргөн бариагүй байгаа татвар болон тэтгэврийн шинэчлэлийн аль аль нь төсвийн орлого дээрээ үр дагавартай байна. Тэр чинь батлагдвал 2026 оны төсөв дээр хэрэгжүүлж чадах юм уу, үгүй юм уу?
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
-Эрүүл мэндийн салбарын талаар тав дахь жилдээ ярьж байна. Салбарын эмч мэргэжилтнүүдийн нийгмийн асуудал улам дордож байна. Хүний нөөцийн дутагдалтай байна. Ажиллах боломжгүй болсон. Асрагч нар өдрийн найман цаг ажиллаж, дотоод халдвар нэмэгдэх эрсдэлтэй байна. Энэ талаарх төсвийг тусгадаггүй юм уу. Үндэсний эмийн үйлдвэр байхгүй. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү дээ. Малын түүхий эдийн асуудал байна. Эсгий, малын түүхий эд боловсруулах үйлдвэр барих төсөл байна уу. Сэргээгдэх эрчим хүчний асуудал байна. Эрчим хүчний зохицуулах хороо, их сургуулийн тэнхимтэй хамтран Бээжингийн компани 100 хувь хөрөнгө оруулалт хийж, 100-10 мянган кВт-ын хүчин чадалтай нар салхины сэргээгдэх эрчим хүч барьж өгье гэсэн. Зөвхөн борлуулалт дээр Засгийн газартай тохирьё гэсэн. Б.Чойжилсүрэн сайдтай уулзсан уу?
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Таны яриад байгаа компанийн төлөөлөл ирээгүй. Хоёрт 100-10 мянган кВт хүчин чадлыг шингээх хэрэглээ дотоодод байхгүй. БНХАУ-ын эрчим хүчний сайдтай уулзахад Монголд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бариад Хятад руу экспортлох санал тавьж байна. Танайх энэ хэрэглээг хүлээж авахад бэлэн үү" гэхэд "Бид судалъя. Шаардлагатай бол бизнесийн загвараа тодорхой болгож, хамтарсан ажлын хэсэг байгуулаад дүгнэлт гаргая" гэж ярьсан.
УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлж дууслаа. Зарчмын зөрүүтэй нэг санал дээр санал хураав. Төсвийн байнгын хорооноос тогтоолын төслийн хавсралтын 3.1 хэсгийн тавигдах шаардлага гэснийг тавих шаардлагыг хуулиар нарийвчлан зохицуулж гэж өөрчлөх санал ирүүлжээ. УИХ-ын гишүүдийн 71 буюу 68.3 хувь нь дэмжлээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Малын эмчээр ажиллахад Удирдлагын академид сурах ямар хэрэгтэй юм
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ хэлэлцэж байна. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хийлээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Уг нь Ж.Энхбаяр сайд хуралдаанд сууж байсан бол. Малаа эрүүл байлгах нь их чухал байна. Бид малаа эрүүл байлгаж байж экспортлоно. Хувийн мал эмнэлэгт даатгахаар тэр эмнэлгийг нь тухайн сумын Засаг дарга нь шууд захирч асуудлаа шийдвэрлэж чаддаггүй. Жаахан ажил муутай байвал ямар ч тарилга хийдэггүй. Сүүлдээ малчид нь өөрсдөө тарилгаа хийдэг. Иймэрхүү нөхцөл байдалтай байгаа. Хувийн хэвшилд даатгасан боловч харамсалтай нь энэ бодлогод сайн нийцэж чадахгүй байна. Тиймээс төрийн чиг үүргээр хариуцлагажуулж, баг болгонд малын эмчийг ажиллуулах ажлыг төсөвт суулгах зайлшгүй шаардлага байна. Малын эмч ажиллана гэхээр төрийн албаны шалгалт авдаг. Сум дээр зургаан удаа шалгалтад орсон ч хүн байна. Мал тарихад тэр хүнээс заавал эрүүгийн хууль асуух ямар шаардлага байна вэ. Тэр хүмүүст тусгай арга хэмжээ зохион байгуулж, Төрийн албаны зөвлөлтэй хамтран өөрсдийнх нь мэддэг мэдлэгийн хүрээнд шалгалт авч, малын эмчээр томилох хэрэгтэй. Өндөр оноогүй, сайн мэдлэгтэй хүмүүс малын эмчээр очихгүй байгаа. Хөдөөд малын эмчийн хэрэгцээ шаардлага их байна. Тийм учраас та бүхэн төрийн албаны шалгалтыг хялбаршуулж, ажлыг нь хийлгэх хэрэгтэй байна. Малын эрүүл мэнд маш хүнд байна. Хүйтэн орон руу мах экспортлох ажил эрчимжинэ. Ирэх намраас энэ боломж бий болох учраас бэлтгэл ажилд анхаарах хэрэгтэй. Малын эмчээр ажиллахад заавал Удирдлагын академид сур гэнэ. Тэр ямар хэрэгтэй юм бэ. Тэрнээс нь болоод иргэдийн ажил төрөл нь явахгүй байна. Ийм юмаа хөнгөлж, хялбаршуулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:
-Өмнөх чуулган дээр хариултаа авч чадаагүй. 2026 оны хөгжлийн хөтөлбөр дээр 2025 онд хийж амжаагүй ажлууд энэ удаагийн төлөвлөгөөнд ордоггүй юм уу. Эрчим хүчний салбарт 2025 оны төлөвлөгөөнд 35 ажил хийх ёстойгоос нэлээд ажлыг хийж эхлээгүй. Энэ ажлууд 2026 оны төлөвлөгөөнд ор тас орж ирээгүй байсан. Жишээлбэл, Дулааны цахилгаан станцыг 500 тонн цагаар өргөтгөнө гэсэн. Энэ маш чухал асуудал. ТЭЦ-4 өргөтгөлийн ажлыг хийснээр өвөл цахилгаан хязгаарладаг байдал үгүй болно. Энэ яагаад хасагдав. Арванхангай, Өвөрхангай, Баянхонгор гээд гурван аймгийн цахилгаан хангамж маш найдваргүй байдаг. Хаа байсан Эрдэнэтээс насжилт өндөртэй эх үүсвэрээс урт шугамаас тог цахилгаанаа авдаг. Энэ асуудал өвөл тулгарвал хэдэн арван сум хөлдөх эрсдэл нүүрлэнэ.
Энэ жил бол улсын төсөв биш хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх байсан. Эрчим хүчний яамнаас техникийн шаардлага, тендерээ зарлаад хийх ёстой байсан. Тэгэхээр яагаад ирэх оны төлөвлөгөөнд орохгүй байна вэ. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг 2026 оны хөгжлийн хөтөлбөртөө тусгадаггүй юм уу. Бид олон ажлыг хийнэ гэж амласан. Нэг ажил нь, нарны зайн хураагуураар айл өрхүүд өөрсдийн хэрэгцээгээ хангаж, илүүдэл цахилгаанаа борлуулдаг боломж бүрдүүлье гэж амласан. Энэ рүү чиглэсэн ажил байхгүй байна.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Энэ жилийн Монгол Улсыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөөн дээр өмнө нь үргэлжилж байгаа ажлуудыг улсын төсөв шиг үргэлжилж байгаа болон шинээр хэрэгжүүлэх нь энэ гэдэг форматаар УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. Харамсалтай нь бид 2026 онд шинээр эхлүүлэх төслүүдээ суулгасан учраас 2025 оны төслүүдээ тусгахгүй байх хийдэл гарч байна. 2025 оны дуусаагүй байна. УИХ-ын шийдвэр тогтоолоор баталсан төлөвлөгөөг Засгийн газар он дуустал хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргах боломж байна. Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн асуудлын хувьд, Эрдэнэтээс Хөвсгөл орж, 1000 гаруй км зайд энэ гурван аймаг цахилгаанаар хангагддаг. Эрсдэл өндөр байгаа учраас Өвөрхангай аймгийн төв дээр 100 мВт 4 цагаар гаргах хүчин чадалтай батерей станцыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барихаар шийдвэрлэсэн. Нарны хураагуураар цэнэглэх ийм нөхцөлтэй, хөрөнгө оруулагчаа олдсон. Нэг, хоёр сарын дотор ажил нь эхлэх болов уу.
ТЭЦ-4 өргөтгөлийн ажлыг 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан. Бид хөрөнгө оруулагчдад санал тавиад явж байна. Өнөөдөртөө эцэслээгүй учраас илтгэхэд хэцүү байна. Энэ төслөөс гадна хэд хэдэн төслийг үргэлжлүүлнэ. Архангай аймаг дээр байгаа нарны станцын ажлыг хөөцөлдөж байгаа. Жил дуусаагүй байна.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэж байгаа биздээ. Хөгжлийн хөтөлбөр асуугаад байх юм. Төсвийн хүрээний мэдэгдлийн тогтоолыг харахад, ирэх оны төсвийн зарлага санхүүжилтыг 33.4 их наяд төгрөгт барина гэсэн байна. Энэ жилийнхээ төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй гэдэг байр суурьтай байгаа юм байна. Энэ зөв үү. Сангийн яамныхан төсвийн зарлагын санхүүжилтэд бүтцийн өөрчлөлт хийвэл яасан юм бэ. Төсвийн урсгал зардлаа бууруулж, хөрөнгө оруулалтаа нэмэх чиглэлээр намар хүртэл судалбал яасан юм бэ?
Хийх ажил маш их байна. Засгаас Ардчилсан нам гарах нь тодорхой болсон юм чинь яамыг нь татан буулгаж, төсвийн зардлыг хэмнэж болох уу. Тэр яамгүй сайд нар одоо юу хийхэв дээ. Хэцүү шүү дээ. Олон шадар сайдын хэрэггүй байх. Бүтцээ цомхотгож, урсгал зардлаа хэмнэе.
Дөрвөн асуудал хэлэлцэнэ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Хаврын ээлжит чуулганы хуралдаан эхэлж байна. Хуралдаанд нийт 67 УИХ-ын гишүүн оролцож байна. Ирц 53.2 хувьтай байна. Нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ. Тодруулбал,
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ · “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ | 10.00 | “Их хуралдай” | ||
· “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ · Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ | 14.00 | |||
Иргэн. 2025-05-29 103.212.162.215
126 г буцаж 76 болоод бялууны яамдыг татан буулгаж зардлаа бууруулахыг шаардаж байна. баахан хий орон тоо гарах ажлын байр гаргачихсан нөгөөдүүл нь энэ тэнд шалгалт нэрээр зугаалан, хувийн хэвшил үүдийг торгож, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулж байна.
Нэргүй 2025-05-29 103.212.117.160
Удирдлагын академи болон төрийн албаны зөвлөлийг татан буулгаж өгнө үү
Нэргүй 2025-05-29 43.242.242.59
АН засгаас гарч байгаа юм чинь тэдэнд зориулсан бүх яамд. тусгай газар, дипломат албан тушаалуудыг татан буулгаж цомтгох нь зүйтэй юмаа.
зөв бичээ шараа юм 2025-05-29 202.179.15.114
кккк кофе ч биш л дээ. COP-17 /КОП-17/ хурал The Government of Mongolia and the United Nations Convention to Combat Desertification (UNCCD) have signed an agreement paving the way for the 17th session of the Convention’s Conference of the Parties (COP17) in Ulaanbaatar in 2026.
Иргэн 2025-05-29 82.144.201.2
Юуны түрүүнд Та нар гадаад улсуудад ажиллаж бгаа ДТГ- уудаа татан буулгах, цомхотгох ажлуудыг хийвэл төсвийн их хөрөнгө хэмнэгдэнэ шүү дээ. Ямар ч худалдаа, э/з, боловсрол техникийн холбоогүй газруудад бгаа ЭСЯ, КГ-уудаа татан буулга!!! Жнь: Болгар улсад бгаа ЭСЯ татан буулга, худалдан авсан байртай гэдэг үндэслэлээр байлгаад байх шаардлага алга, хажууд нь Герман,Польш-д манай ЭСЯ- ууд ажиллаж л бн….Болгарт байгаа ЭСЯ-ны байрыг зарж мөнгийг Польш улсад суугаа ЭСЯ- шилжүүл, тэд байргүй бдаг.
ө 2025-05-29 103.143.41.2
Төрийн захиргааны албан хаагчдыг 30 хувь цомхотгохгүй бол зүгээр суусан хүмүүс бүр дэндлээ шүү.
Т1үүд огцор 2025-05-29 202.9.46.140
126 ч авах юм алга, тарцгаа!
Жоомоо а**х гээд......... 2025-05-29 14.1.81.66
Жоомоо а**х гээд гэрээ нураахнэээ манай Эх Орноо Сүйтгэгчид хахахахаха
Нэргүй 2025-05-29 188.162.254.126
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад Монгол улсын баялагыг худал ярьж олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагч баярцогт даргаас асуугаад туухэн алсын хараатайгаар муу сайн ялаануудыг зоригтой зохицуулчихна !!!!!
Нэргүй 2025-05-29 202.131.227.134
Оюун-Эрдэнэ огцор.
сонгогч 2025-05-29 202.9.46.14
100 ЯМААНД 60 УХНАТАЙ ……МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….
Нэргүй 2025-05-29 66.181.189.63
Одоо байгаа өлөнгүүдийг бүгдийг нь зайлуулах хэрэгтэй. Ийм байдлаар ирэх өвлийг давахгүй шүү !
Нэргүй 2025-05-29 66.181.189.63
Юу ч хийж чадаагүй Засгийн газраа татан буулга өө
зочин 2025-05-29 66.181.168.82
Сумын захиргаанд төрийн албан хаагчдыг заавал шалгалт гэлгүй томилоод, цалингийн шатлалыг нь ахиулах бол төрийн албаны шалгалтанд тэнцсэн байх зохицуулалт оруулмаар байна. суманд шалгалтанд тэнцэж, мэргэжил таарах албан хаагчид олдохгүй байгаад байгаа шүү. нарийн шаардлагатай л биш бол бодлогын мэрэгжилтнүүдийг ажлын байранд нь сургаад ажилуллах боломжийг нээж өгмөөр байна.