Д.Пүрэвсүрэн гэх эмэгтэй 40 гаруй жил гутал засч буй. Тэрбээр хүмүүсийн хэлж заншсанаар "Урт цагаан" ахуй үйлчилгээний төвд олон жил ажилласан бөгөөд хуучин барилгыг нурааснаас хойш гурван жил подвал түрээсэлж байгаагаа учирлав. Тэрбээр "Бид шинэ барилга ашиглалтад орохыг хүлээж сууна. Хэрвээ өмнөх түрээслэгчдийг шинээр баригдаж байгаа худалдаа үйлчилгээний төвд оруулна гэвэл ороход бэлэн" гэсэн юм. Хуучин "Урт цагаан" ахуй үйлчилгээний төвийг нурааснаар дотор нь үйл ажиллагаа явуулж байсан түрээслэгчид энд тэнд тарцгаасан. Тэд "Урт цагаан"-ы ойр орчимд байрлах орон сууц оффисын булан тохойг түрээсэлж, амьдралаа залгуулж байгаа юм.
Гуталчин Д.Пүрэвсүрэнгийн хувьд гурван оёдолчинтой хамтран оффисын подвалыг нэг сарын хоёр сая төгрөгөөр түрээсэлдэг аж. Энэ мөнгийг дөрвүүлээ хувааж төлдөг байна.
Хэдийгээр түүний ажлын байр өөрчлөгдсөн ч байнгын үйлчлүүлэгчид нь эрж хайгаад олоод ирдэг гэдгийг хэлж байлаа. Түүнтэй хамт нэг өрөөнд ажилладаг оёдолчин Д.Нарантуяа "Хуучин биднийг зориод ирдэг байсан үйлчлүүлэгчид маань илт цөөрсөн. Зарим нь "Урт цагааныхан байна уу" гээд хайсаар байгаад олоод ирдэг. Аль болох "Урт цагаан"-ы ойр орчимдоо байхын тулд оффис түрээсэлж байна. Байнга ийш тийшээ нүүх нь их хүндрэлтэй байдаг. Уг нь ахуй үйлчилгээний төв нь төвлөрсөн нэг газраа байх нь иргэдэд ч амар шүү дээ. Миний хувьд 1994 он хүртэл Оёдлын үйлдвэрт ажиллаж байгаад "Урт цагаан" ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байна.
Одоо шинэ барилга ашиглалтад орохоор түрээсийн төлбөр нь бас нэмэгдэх байх.
Гэхдээ давхар түрээс төлөхгүйгээр шууд нийслэлтэй гэрээ байгуулбал илүү амар юм шиг санагддаг. Бид хаана ч ажилласан түрээсээ төлнө шүү дээ. Хуучин "Урт цагаан"-д ажиллаж байхдаа 4-5 хүн дамжаад нэг сарын 450 мянган төгрөгийн төлбөр өгч байсан. Одоо хувийн оффист нэг сарын 500 мянган төгрөг төлж байна" гэсэн юм.
ГАЗАР ДООР 196 МАШИНЫ ЗОГСООЛ БИШ 107 МАШИНЫ ЗОГСООЛ БАРИГДАНА
"Урт цагаан" ахуй үйлчилгээний төвд 30 гаруй жил оёдолчноор ажилласан Ц.Наранцэцэг "Шинэ барилга ашиглалтад орвол бид түрээсээ төлөөд л ажиллана. Хуучин барилга байхад ч гэсэн түрээсээ цаг хугацаандаа төлж ирсэн. Гэвч давхар түрээслэгч эзэн олон болж, цаашаагаа ус дулаан, цахилгааны төлбөрөө өгдөггүй байсан учраас хүчээр тасалсан. Тэрнээс биш үйл ажиллагаа явуулж байгаа түрээслэгчид сар бүр хариуцлагатайгаар түрээсийн төлбөрөө төлдөг байсан. Албаныхан анх "Урт цагаан" барилгыг нураахдаа аль нэг буланд нь түрээслэгчдийг оруулна гэж хэлсэн.
Бидний хувьд одоо шинээр баригдаж буй гурван давхар шинэ барилгад орох гээд л хүлээж сууна. Өдөр бүр дэргэдүүр нь өнгөрч, барилгын ажлаа хэрхэн хийж байгааг хардаг" гэсэн юм.
Алт мөнгөний дархан, оёдол, гутал болон хувцас засвар гэх мэт хотын төвд ахуйн үйлчилгээний төвөөр үйл ажиллагаа явуулж байсан алдарт "Урт цагаан"-ы дахин төлөвлөлт олон жил яригдсаар 2024 онд хэрэгжсэн. Нийслэлийн удирдлагууд цэцэрлэгт хүрээлэн болон газар доорх автомашины зогсоолын бүтээн байгуулалт 2025 оны долдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэж мэдээлсэн.
Барилгын ажлын талаар барилгын инженер В.Энхтөрөөс тодруулахад "Урт цагаан" худалдааны төвийн шинэ барилгын бүтээн байгуулалтын тохижилтын ажлыг хийж байна. Нийт 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Долдугаар сарын хэдэнд гэж нарийн хугацаа хэлэх боломжгүй. Газар доор 107 автомашины зогсоол баригдаж дууссан. Худалдаа үйлчилгээний зориулалттай гурван давхар барилга баригдаж байгаа. Барилгын талбайд 100 орчим хүн ажиллаж байна" гэв.
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОХИЖИЛТЫН АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА
"Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд тохижилтын ажил өрнөж байна.
Урт цагааны нураасан барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Гэвч түрээслэгчдийн зүгээс эсэргүүцэж, тус дахин төлөвлөлтийн ажлыг удаа дараа хойш татаж байсан нэг бус тохиолдлууд бий.
Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу "Урт цагаан" үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх ажил 2020 онд эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын зураг төслийн ажлын тендерийг 2024 оны гуравдугаар сард зарлаж, гүйцэтгэгч "Бодь пропертийз" ХХК-тай байгуулсан.
Гүйцэтгэгч компаниар сонгогдсон "Бодь пропертийз" ХХК нь "Бодь групп"-ийн охин компани. "Бодь групп" нь олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон нийт "Голомт" банкны эзэн Г.Баясгалангийн эзэмшлийн гэдгээр нь илүү сайн мэддэг билээ. "Бодь пропертийз" ХХК хамгийн сүүлд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилга байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Гүйцэтгэгчдийн зүгээс дээрх бүтээн байгуулалтын ажлыг товлосон хугацаандаа хүлээлгэж өгөхөөр амралтгүй ажиллаж байгаа бөгөөд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг долдугаар сарын 1-н гэхэд дуусгана гэсэн юм.
Зөвхөн ногоон байгууламж, газар доорх авто зогсоолоос гадна тус газарт жуулчдад зориулсан хэсгийг мөн багтааж байгаагаар онцлог. Тодруулбал, B1 давхартайгаа нийлээд нийт дөрвөн давхар жуулчдад зориулсан үйлчилгээний барилгыг зураг төсөлд багтаасан. Одоо баригдаж буй барилга нь 30х32 харьцаатай бөгөөд нийт цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн 10 хувийг эзлэх аж.
Урт цагааны үйлчилгээний төвийн буурин дээр 196 автомашины далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнг барих бөгөөд тус гудамжны тохижилтод 44 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. Тендерт шалгарсан "Бодь пропертийз" ХХК нь 38.9 тэрбумаар гэрээлсэн байдаг.
Нэгдсэн гараашийн нийт талбай 7484 метр квадрат байх бөгөөд ногоон байгууламжийн тохижилттой хамт ашиглалтад орох юм байна. Гэтэл автомашины далд зогсоолын тоо 196 байснаа 107 болж цөөрчээ.
МОНГОЛЫН 2 ТОМ АРХТЕКТОРЫН НЭГ Б.ДАМБИЙНЯМ ОРЧИН ҮЕИЙН ХУДАЛДААНЫ БАРИЛГЫГ БАРЬСАН
Судлаач Г.Очбаяр "300 гаруй жилийн өмнө Хүрээнд анх худалдаа үүссэн. 1727 онд Орос, Хятад хоёр гэрээ хийгээд Монгол нутаг дээр анх хүрээнд худалдааг зөвшөөрсөн. Хүрээнд худалдаачдын гудамж нүүж явж байгаад Урт цагаан байгаа газар албан ёсоор суурьшаад, суурьшмал байдалтай бий болсон. Хятад, орос, түвд, швед, америк, дани, япончууд худалдаа хийдэг гудамж бий болсон. Олон улсын шинж чанартай худалдааны гудамж бий болсон. Хамгийн их хөл хөдөлгөөнтэй, Монголын хамгийн их хүн ам цугладаг худалдааны гудамжийг бий болгосон.
Модны, чулууны, төмрийн, барааны, хүнсний, дархны, эмийн сангуудтай, маш олон төрөлжсөн гудамжтай. Худалдааны гудамжинд худалдаа наймаа хийхээс гадна мэдээллийн үүрэг гүйцэтгэдэг. Тухайн үеийн хүмүүс зах дээр ирээд мэдээлэл солилцдог. Мэдээллийн маш том хэрэгсэл болж байсан.
1950-иод оны үед ил задгай худалдааг орчин үеийн барилгад оруулъя гээд Монголын анхны хоёр том архтекторын нэг Б.Дамбийням орчин үеийн худалдааны барилгыг барьсан. Худалдааны гудамжинд пүүсүүдийн загварыг ашиглаад сүм хийдийн загвартай барилга барьсан. Энэ нь орчин цагийн хот байгуулалтын хамгийн анхны модернист барилга болсон.
Урт цагаан бол социализмын үеийн Монгол Улсын хамгийн анхны худалдаа үйлчилгээний нэгдсэн төвийн барилга юм. Урт цагаантай холбогдуулж, жуулчны гудамжийг яагаад ингэж нэрлэсэн бэ гэхээр эргэн тойрон нь түүхэн олон барилгууд бий. 1936 онд баригдсан шар дэлгүүр, 1961 онд баригдсан Урт цагаан, 1946 онд баригдсан Туул ресторан, 1914 онд баригдсан Занабазарын нэрэмжит музей, 1909 онд баригдсан хамгийн анхны эмийн сангийн барилга энэ бүхэн тэр чигээрээ Богдын хүрээ болон социализмын дүр төрхийг харуулдаг. Архитекторч Б.Дамбийням гуайн барилга нь хөндлөн баригдсан тул Урт цагаан гэж нэрлэгдсэн. Үйлдвэрлэл хоршоодын нэгдсэн төв гэж нэрлэж байсан. Буулгавал Урт цагаан гэдэг нэр алга болно. Урт цагаан бол Улаанбаатар хотын таних тэмдэг. Урт цагаан дээр уулзая гэхэд бүгд мэддэг. Ийм нэр томъёо 80-100-гийн хооронд хэлбэлзэж байгаа" гэдгийг өмнө нь хэлж байсан юм.
Гэрэл зургийг О.Болорсувд
Нэргүй 2025-05-29 66.181.188.153
ха ха энэ ч нохойн замаар орцон байхөө
Нэргүй 2025-05-29 66.181.186.184
Ахиал архичид цугладаг газар болох юм бна даа
Иргэн 2025-05-29 66.181.186.156
Арай ахисан түвшний ажилын байртай цэвэрхэн чанартай байвал болж бн!!! Хэтэрхий зүү орох зайгүй муухай шавсан бохир орчин бий болох вий!
ИРГЭН 2025-05-29 66.181.186.156
Эргээд нөгөө стандарт бус муухай орчин бий болох вий дээ!!! Дархчуудаа дагасан архичид гээд зүсэн зүйлийн юм бий шүү!!!
Нэргүй 2025-05-29 66.181.189.63
Дарга нар нь зүгэр түрээслүүлж байгаа юм
Нэргүй 2025-05-29 103.212.116.114
SEKSEER AJIL XNE VANXANDI BOOW XXOOD ANUSDAAD80955877
Нэргүй 2025-05-29 14.1.81.66
УРт цагаан дээр байсан Нийтлэг Үйлчилгээнүүд Чанаргүй, Хүн хулхиддаг, Найдваргүй байсан. Тийм Нийтлэг Үйлчилгээгээр юуга ч хийнэдээ.
Нэргүй 2025-05-29 103.212.118.35
Судлаач Г.Очбаяр "300 гаруй жилийн өмнө Хүрээнд анх худалдаа үүссэн. 1727 онд Орос, Хятад хоёр гэрээ хийгээд Монгол нутаг дээр анх хүрээнд худалдааг зөвшөөрсөн." Бидэнд худалдаа хийх эрх өгсөн гайхамшигт хятад ах нар, гайхамшигт орос ах нартаа баярлалаа. Та бүхэн минь байгаагүй бол бид чиь худалдаа гэж мэдэхгүй, өөрсдөө л юмаа хийгээд хэрэглэдэг арчаагүй амьтас байх байлаа. Тэрнээс өмнө Монгол оронд худалдаа гэж байгаагүй, зөвхөн дээрэм л байсан. Өрнө дорныг холбосон торгоны зам энэ тэр бол худ.