51 дэх удаагийн "AMA 2025" буюу Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол тавдугаар сарын 26-ны Даваа гаригт Лас Вегас хотын "Fontainebleau" зочид буудалд зохион байгуулагдлаа. Энэ жилийн арга хэмжээг дуучин, жүжигчин Женифер Лопез хөтөлсөн гэдгээрээ онцлог байв.
Тэрбээр арга хэмжээг хөтлөөд зогсохгүй нээлтийн үзүүлбэрийг үзүүлжээ. Түүний үзүүлбэр энгийн нэг үзүүлбэр байсангүй. Бүтэн зургаан минут үргэлжилсэн түүний үзүүлбэр 2012 онд гаргасан “Dance Again” дууны удаашруулсан хувилбараар эхэлсэн юм. Үүний араас залгуулаад Кендрик Ламарын “Not Like Us”, Бэд Баннигийн “NUEVAYoL”, Билли Айлишийн “Birds of a Feather”, Доичийгийн “Denial Is a River”, Бруно Марс, Ружэ нарын “APT” зэрэг 23 хит дууны цоморлиг ая дээр түүний үзүүлбэр үргэлжлэв.
Бүжгийн цоморлигоос илүүтэй олны анхаарлыг татсан зүйл нь Жей Ло үзүүлбэрийнхээ үеэр хэд хэдэн бүжигчингтэй үнсэлцсэн явдал байлаа. Цахим орчинд үзэгчид үүнийг янз бүрээр шүүж байна. Тухайлбал, "Женифер Лопез яагаад хүн бүрийг үнсээд байгаа юм бол?", "Жей Ло 55 настай шүү дээ. Анхаарал татах гэсэн ичмээр арга байлаа. Гунигтай", "Жей Ло, бурхныг бодож бүжигчдийг авраач. Ганц бие хүн нь чи ганцаараа биш шүү дээ" гэх зэргээр хүмүүс сэтгэгдлээ илэрхийлжээ.
Шагнал хүртсэн уран бүтээлчдийн талаар товч мэдээлэл хүргэхэд:
Билли Айлиш энэ жилийн хамгийн тод од байлаа. Тодруулбал, тэрбээр "Artist of the Year" болон "Album of the Year" зэрэг нийт долоон шагналын эзэн болжээ. Гэсэн ч тэр Европоор аялан тоглолттой яваа тул шагналуудаа биеэр хүрэлцэн ирж авч чадаагүй.
Бейонсе "Cowboy Carter" цомгоороо каунтри хөгжмийн ангилалд түүхэн амжилт гаргаж, "Favorite Female Country Artist" болон "Favorite Country Album" шагналуудыг хүртжээ. Бейонсе ч бас "Cowboy Carter Tour" аялан тоглолтоосоо болоод шагнал гардуулах ёслолд ирж чадаагүй.
Жанет Жексон "ICON Award" шагнал хүртэв. Энэ нь түүний долоон жилийн дараах эргэн ирэлт байлаа. Мөн Шакира "Favorite Latin Song" шагнал хүртжээ.
Мэдээж аливаа шагнал гардуулах ёслол, арга хэмжээг үзэхийн хамгийн сайхан нь оддын хувцаслалтыг сонжих байдаг болов уу. Тиймээс 2025 оны Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслолын онцлох хувцаслалтуудаас доор сонирхууллаа.
Mandatory Credit: Photo by Chelsea Lauren/Shutterstock (15315745q)
Jennifer Lopez
2025 American Music Awards, Show, Las Vegas, Nevada, USA - 26 May 2025
0 сэтгэгдэл