Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд нэг настай хүүхэд менингококкт халдвараар өвдсөн талаар өмнө нь мэдээлсэн. Тухайн хүүхдийн биеийн байдал сайжирч, аймгийн эмнэлгээс гарсан гэдгийг албаныхан мэдээллээ. Тодруулбал, Сүхбаатар аймагт 2025 оны тавдугаар сарын 6-ны 21:00 цагийн орчимд менингококкт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, батлагдсан юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нэг хүүхэд энэ халдвараар өвдөж, эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байгаа гэдгийг эмч нар мэдээлсэн. Нийслэлийн Чингилтэй дүүргээс дөрвөн настай хүүхэд менингококк халдвараар өвдөж, өнгөрсөн долоо хоногт /2025.05.22/ батлагдсан юм.
Хамгийн аюултай нь цахилгаан менингит буюу менингококкцеми өвчин үүсгэгч нь агаар дуслын замаар буюу шүлсээр дамжин халдварладаг. Энэ өвчний нийт тохиолдлын 80-85 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд өртөж байна. Иймд хүүхдийг үнсэхгүй байхыг ХӨСҮТ-ийн эмч нар анхааруулж байгаа юм.
2025 он гарсаар Налайхад менингитийн нэг тохиолдол батлагдаж, харамсалтайгаар нас барсан.
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн тархвар судлаач эмч Ч.Уртнасан өмнө мэдээлэл өгөхдөө "Менингококкт халдвар нянгаар үүсгэгддэг бөгөөд халдвар авсан хүнд эмнэл зүйн шинж тэмдэг 12-16 цагийн дотор хурдан илэрч эмчилгээ хожимдвол өвчтөн хурдан хүндэрч, эндэгдэлд хүргэдэг.
Халдвар өвчтэй хүн, эрүүл нян тээгчээс агаар дуслын замаар дамжин халдварлана. Хүүхэд гэнэт маш өндөр 38-40 хэм хүртэл халуурч, хурдан хүндэрч, шоконд ордог.
Эцэг эхчүүдийн хувьд ханиад томуутай андуурч, улам хүндрүүлэх тохиолдол их гардаг. Мөн хүүхдийн хөлнөөс эхэлж улаан өнгөтэй тууралт гардаг учраас эцэг эхчүүд анзааралгүйгээр хожуу үед эмнэлэгт ханддаг. Судалгаанаас харахад, энэ халдварын нийт нас баралтын 60-70 хувь нь эмнэлэгт хожуу хандсанаас болж хүндэрч, эндэгдэлд хүрсэн байдаг. Хэрэв хүүхэд 38 хэмээс дээш халуурч, биеийн халуун нь буурахгүй, гэрэл болон дуу чимээнд маш мэдрэг болж, толгой нь хүчтэй өвдөж байгаа бол яаралтай эмнэлэгт хандах ёстой. Мөн өвчин үүсгэгч нян гадаад орчинд амьдрах чадвар маш сул. Тасалгааны дулаанд 1-3 цаг, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Ариутгагч бодисын нөлөөгөөр 1-2 минутын дотор үхдэг. Иймээс гэр ахуйн орчинд цэвэрлэгээ ариутгалыг сайн хийхийг зөвлөж байна" гэдгийг зөвлөсөн юм.
Холбоотой мэдээ