Хятад: Авлигачдад орогнох газар үгүй

Хятад: Авлигачдад орогнох газар үгүй

Хятад: Авлигачдад орогнох газар үгүй

Авлига бол улс төрийн тогтолцоо, хөгжлийн үе шатаас үл хамааран дэлхий нийтэд нөлөөлдөг тахал мэт асуудал билээ. Авлига нь үндэсний хөгжил цэцэглэлт, нийгмийн шударга ёс, олон улсын эв найрамдлыг алдагдуулдаг, сүйрэл дагуулдаг хүчин зүйл юм. Энэхүү хүчин зүйлийн эсрэг хүчтэй тэмдэг улс орнуудыг Хятад улс тэргүүлдэг бөгөөд авлига авсан хэн ч цаазын ял эсвэл бүх насаараа хоригдох ял сонсдог нь нууц биш. Тэгвэл тус улсын төрийн албан хаагчдыг бэлтгэдэг Коммунист намын төв хорооны Намын сургуулийн дэд ерөнхийлөгч Гун Вэйбинь авлигатай тэмцэх хамгийн чухал арга замын талаар тайлбарлав.

Капиталист гэлтгүй социалист нийгэмд ч авлига байдаг тул үүний эсрэг хүчтэй хариу үйлдэл үзүүлэх нь бодит арга зам гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн юм.

КОММУНИСТ НАМЫН ТӨВ ХОРООНЫ НАМЫН СУРГУУЛЬ 

_cuva

1933 онд байгуулагдсан Намын сургууль бол Хятадын ядуурлаас дэлхийн эдийн засгийн том тоглогч, хөгжил цэцэглэлтийн үндэс суурь гэгддэг аж. Тус сургуульд төрийн албан хаагчид зургаа хүртэлх сарын хугацаанд марксизм болон социализмын хосолсон үзэл суртлыг судлахаас гадна Коммунист намын бодлогод суралцдаг. Гун Вэйбинь олон улсын сэтгүүлчдэд зориулсан семинарын үеэр сургуулийнхаа чиг үүргийг онцолж, Хятадын эдийн засгийн ялалт нь Намын сургуультай нягт холбоотойг онцлон тайлбарласан юм. Тэрбээр хэлэхдээ, "Энэхүү сургуулийн Коммунист намаас гурван үндсэн чиг үүргийг гүйцэтгэх зорилгоор байгуулсан.

Эхнийх нь төрийн албан хаагчдад намын үзэл суртал, онолыг сургах. Намын сургууль нь төрийн бүх шатны байгууллагад ажиллаж байгаа намын гишүүдэд чин сэтгэлээсээ, үнэнчээр улсдаа үйлчлэх үзэл баримтлалыг заахын тулд марксизмын онол, уран зохиол, мэдлэгийг онцгойлон авч үздэг.

Хоёрдугаарт, Намын сургууль нь намын зарчим болон томоохон бүтээн байгуулалтын талаар зөв ойлголт олгохын тулд Коммунист намын хөгжлийн бодлогын талаар сургадаг" гэв.

Харин гуравдугаар чиг үүргийн талаар хэлэхдээ, "Олон нийттэй зөв харилцах, хөгжлийг дэмжих, зөрчил мөргөлдөөн, нийгмийн асуудал, онцгой байдлын үед үр дүнтэйгээр ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд төрийн бүх түвшинд удирдах чадварыг дээшлүүлэх явдал юм" гэж Гун Вэйбинь онцоллоо.

ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН АВЛИГЫН ЭСРЭГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, БАЙР СУУРЬ

Коммунист нам авлигыг үндсээр нь эсэргүүцдэг. Гун Вэйбинь хэлэхдээ, ард түмний аз жаргалтай амьдрал, дэлхийн энх тайван, хөгжилд хувь нэмэр оруулах гэдэг нь Коммунист намын хувьд уриа, лоозон биш. Авлигагүй, шударга нийгмийг цогцлоох нь амлалт төдий биш, харин тогтвортой, хүчирхэг институтийн хүчин чармайлтаар бий болдог гэв.

Коммунист намын 18-р их хурлаас хойш Хятад улс авлигаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, ёс суртахууны хувьд эсэргүүцэх гэсэн гурван үндсэн стратеги бүхий кампанит ажлыг эхлүүлсэн байна.

Энэ хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд сөрөг үр дагавартай гэдгийг ойлгуулах арга замыг ашигладаг байна. Үндсэндээ хатуу шийтгэл оногдуулахыг хэлнэ. Албан тушаал, хэргэм зэргээс үл хамааран авлига авсан хэн ч шийтгэлээс мултрах боломжийг Коммунист нам олгодоггүй байна. Улс төрийн товчооны дээд албан тушаалтан, байнгын хорооны гишүүд ч Авлигын эсрэг мөрдөн шалгалт, байцаалтаас чөлөөлөгдөх боломжгүй аж.

Авлигын эсрэг кампанит ажил нь "бар" буюу ахлах түвшний албан тушаалтнаас "нян" гэгдэх үндсэн түвшний албан хаагчийг ялгалгүй онилж, хуулийн өмнө бүх хүн хүчин мөхөс гэдгийг харуулдаг байна.

"Үүний нэг жишээ нь саяхан Гуанси болон Шаньси мужийн захирагчдыг авлига авсан хэргээр шалгах болсон. Энэ нь Коммунист намын авлигын эсрэг хатуу байр суурийг илэрхийлж байна" гэж Гун Вэйбинь онцлон тэмдэглэсэн юм. Хятад улс мөн гадаадын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж, авлигын хэргээр буруутгагдаж зугтсан этгээдийг интерполоор эрэн сурвалжилдаг. Мөн эх оронд нь буцаан авчрах ажлыг зохион байгуулдаг байна.

Гадаад хэргийн яам болон бусад холбогдох байгууллагын хамтын ажиллагааны хүчинд авлигачдад дэлхийн хаана ч аюулгүй орогнох газар үгүй гэж Хятад улс зарласан.

АВЛИГЫГ ЭСЭРГҮҮЦЭХ ЁС СУРТАХУУНЫГ БИЙ БОЛГОХ НЬ

Авлигатай тэмцэхийн тулд ёс суртахуунтай, сахилга баттай байх ёстой. Намын гишүүдийн хамгийн эхний зорилго нь авлигыг эсэргүүцэх байх ёстой учир Намын сургууль энэ тал дээр анхаарч ажилдаг. Өөрөөр хэлбэл, авлигыг чин сэтгэлээсээ жигшиж, сахилга баттай байлгахын тулд Намын сургууль байнга сөрөг үр дагаврын талаар сануулдаг байна. Мөн ёс суртахууны хүмүүжил олгох сургалт, үйл ажиллагааг идэвхтэйгээр дэмждэг. Коммунист намд шинээр элссэн гишүүд намын дүрмийг мөрдөж, нийгмийн ашиг сонирхлыг дээдэлнэ гэж тангараг өргөдөг байна. Энэхүү тангараг нь бэлгэдэл төдий зүйл биш, үргэлж ёс суртахуунтай, улсдаа үнэнч байна гэдгийг баталгаажуулдаг гэж Гун Вэйбинь үзэж байна.

Мөн намд элсэхэд хүргэсэн анхны үзэл бодол, зорилгоо үргэлж санаж явах нь чухал гэж тэрбээр онцлон тэмдэглэв. Учир нь сахилга баттай, өөрийн үнэт зүйлдээ үнэн ч байх нь авлигад өртөх эрсдэлийг эх үндсээр нь таслан зогсоохын эхлэл аж.

ИНСТИТУТИЙН ХЯНАЛТ

Хятадын авлигаас сэргийлэх, тэмцэх арга хэмжээ нь тодорхой систем дээр суурилсан байдаг. Захиргааны журам, хариуцлага тогтоох, хяналт шалгалт явуулах зэрэг механизмыг тодорхой болгон өгч институтийн түвшинд хэрэгжүүлдэг.

Мөн Коммунист нам авлигатай тэмцэх кампанит ажлынхаа хүрээнд сэрэмжлүүлэх боловсрол (警示教育) олгодог байна.

Энэ нь буруутай үйлдлийг зогсоохоос гадна үр дагаврынх нь талаар гүнзгий ойлголт олгодог хичээлийг хэлнэ. Үүний зэрэгцээ намын эрх мэдлийн бүтэц, зах зээлийн механизм болон стандартжуулсан үйл ажиллагааны хооронд уялдаа холбоо бий болгох арга замыг эрэлхийлж, авлигатай тэмцэж байна.

ЦАР ХҮРЭЭГ ТЭЛЭХ 

Коммунист нам авлигын эсрэг ахиц дэвшил гаргасан хэдий ч  энэ нь зөвхөн намын гишүүдээр хязгаарлагдахгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг байна. Авлига нь нийгмийн бүхий л салбар, түвшинд гардаг. Тиймээс Коммунист нам авлигатай тэмцэхийн тулд нийгмийн бүх түвшинд мөн адил кампанит ажил явуулдаг байна. Тухайлбал сахилга баттай байхыг уриалдаг байна.

Гун Вэйбинь хэлэхдээ, "Манлайлагч, удирдагч байх нь өөртөө үргэлж сахилга баттай байх ёстой. Энэ нь шударга ёсыг төлөвшүүлэх нийгмийн хувьсгалын үндэс суурь болдог. Мөн өөрийгөө хөгжүүлж, сайжруулах нь нийгэмд өөрчлөлт авчирч, олон нийтийн байнгын дэмжлэгийг хүлээхэд тусалдаг гэдэг Коммунист нам итгэдэг" гэсэн юм.

Ерөнхийдөө, Коммунист намын удирдлага дор явагдаж буй авлигын эсрэг тэмцэл нь зөвхөн кампанит ажил биш аж. Энэ нь тогтолцооны, ёс суртахууны шинэчлэлт болон институтийн шударга ёсны суурийг бий болгох урт хугацааны стратеги юм. Авлигын эсрэг урьдчилан сэргийлэх, боловсрол олгох, шийтгэх зэрэг аргыг хослуулснаар Хятадын авлигыг дарангуйлах хүчин чармайлт тогтвортойгоор үргэлжилж байна. Хамгийн өндөр албан тушаалтнууддаа ч хариуцлага хүлээлгэхтэй зэрэгцэн иргэдэд хор хөнөөлийнх нь талаар анхан шатны мэдлэг олгож буй нь үр дүнгээ хэдийн өгсөн гэж Гун Вэйбинь мэдэгдсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хятадад авлига гаарсан 2025-05-27 147.188.245.189

хятадын төрийн алба маш их авлигатай гэдгийг иргэн бүр нь ярьж байна даа.

Avatar

Нэргүй 2025-05-27 139.5.216.107

агуу үндэстэн шүү

Avatar

зочин 2025-05-27 66.181.179.254

Монголын газар нутаг байглийн баялгийг барьцаа зээлээр авлигчид 2030 оноос харьд алдах үүд хааалга нээгдэж зэрэгцээд тусгаар тогтнол ганхах алхамд орно шүү ,,

Avatar

Нэргүй 2025-05-27 202.126.88.147

Тэд монгол

Avatar

Нэргүй 2025-05-27 202.21.109.18

супер

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж