Европд өрнөсөн Наполеоны байлдан дагуулалтын төгсгөлд Европын улсуудын төлөөлөгчид оролцсон дипломатын их хурал 1814 оны есдүгээр сараас 1815 оны долоодугаар сарын хооронд Австрийн Гадаад хэргийн сайд хунтайж гүн Клеменс фон Меттерних, түүний орлогч барон Иохан фон Вессенбергийн удирдлага дор Вена хотноо зохион байгуулагдсан билээ. Венийн их хуралд Францын эсрэг холбоотон Их Британийн төлөөлөгчдийн тэргүүн Гадаад хэргийн сайд лорд Роберт Стюарт Каслри Хаант Оросын төлөөлөгчдийн тэргүүн I Александр хаан, Гадаад хэргийн сайд гүн Карл фон Нессельроде, Пруссын төлөөлөгчдийн тэргүүн III Фредерик Уильям хаан, хунтайж Карл Август фон Хагденберг нар тэргүүлэн оролцсоноос гадна дайнд ялагдсан Францыг төлөөлж Гадаад хэргийн сайд гүн Чарльз Морис де Таллиренд нар оролцсон юм.






Венийн их хурлаар Өмнөд Голландыг (өнөөгийн Бельги) Голландын хааны мэдэлд, Саксон, Вестфаль, Рейн мужийн ихэнхи газар нутаг Пруссд оногдож, Францын холбоотон Данийн эзэмшилд байсан Норвеги Шведийн мэдэлд шилжиж, Ариун Ромын Эзэнт гүрний суурин дээр Германы холбоо байгуулагдан, Польш Оросын хааны эзэмшилд тус тус шилжсэн байна. Венийн их хурлын төгсгөлд олон улсын харилцааны Венийн систем тогтсон бөгөөд энэхүү системийн хүрээнд анх удаа “Их гүрэн” хэмээх ойлголт бий болж Австри, Их Британи, Прусс, Оросын эзэнт гүрэн, түүнчлэн Францийг Европын Их гүрэн хэмээн үзэх болсон байна. Мэдээж эл үйл явдлын дараа 1870-д оноос Итали, XIX-XX зууны зааг дээр АНУ, Японыг Их гүрний тоонд багтаах болсон.
Энэхүү их хурлын нэг онцлог нь олон талт дипломат ажиллагаа цаашид төлөвшин хөгжих чиглэлд томоохон ахиц дэвшлийг авчирч, дипломат болон консулын зэрэг дэвийг олон улсын эрхзүйн дагуу нарийн тогтоож, энэхүү эрхзүйн зохицуулалт хожим 1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвенц, 1963 оны Консулын харилцааны тухай Венийн конвенцийн эрхзүйн чухал суурь үндэс болсон байдаг.
Олон улсын харилцааны Венийн системийн чухал өөрчлөлт нь Венийн их хурлаар Европын газрын зураг шинэчлэгдэж, Европ дахь хүчний тэнцвэрт байдал өөрчлөгдөж, шинэ шинэ эзэнт гүрнүүд Европын улс төрийн бодлогод голлох байр суурьтай оролцох болсон явдал юм. Венийн их хурлын дараа Европын улс төрийн амьдралд Австрийн эзэнт гүрэн, 1867 оноос Австри-Унгарын эзэнт гүрэн чухал байр эзлэх болсон юм. Тийнхүү ХIX зууны хоёрдахь арван жилээс Австри улс олон улсын эрхзүйн дагуу олон улсын харилцаанд нөлөө бүхий их гүрний статустай болон дэлхийн тавцанд гарч иржээ. Тийнхүү Европын их гүрнүүдийн хооронд хүчний тэнцвэрт байдал тогтжээ. Үүнийг олон улсын харилцааны Венийн дэг тогтолцоо хэмээн нэрлэдэг ажгуу.
Венийн их хурлаас эхлэн хүчний тэнцвэрийг хадгалахын тулд олон улсын, хурал чуулган тогтмолжиж, зэвсэгт мөргөлдөөн, дайн тулаан эрс цөөрсөн ба Венийн их хурлаас дэлхийн I дайныг хүртэлх хугацаанд орон нутгийн чанартай зэвсэгт мөргөлдөөнийг эс тооцвол тайван байдалтай байсан юм.
Вестфалийн системээс ялгаатай нь Венийн системийн дараа зөвхөн улс бус улсуудын эвсэл холбоод уг системд тодорхой байр суурьтай оролцох болсон явдал болно.
1969 оны Олон улсын гэрээний Венийн конвенц, 1986 оны Улс, Олон улсын байгууллага хоорондын харилцааны тухай Венийн конвенц (VCLTIO), 1975 оны Дэлхий дахины шинжтэй олон улсын байгууллагуудтай харилцахдаа улсуудыг төлөөлөх тухай Венийн конвенц, 1980 оны Бараа худалдах олон улсын гэрээний тухай Венийн конвенц зэрэг бусад олон улсын эрхзүйн маш олон конвенциуд Австрийн Вена хотноо зохиогдсон дипломатын бага хурлуудын үеэр гарын үсэг зурж, хүчин төгөлдөр үйлчилж байна.
Австрийн Вена хотноо НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагын статустай Олон улсын Атомын эрчим хүчний агентлаг (IAEA), Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (OPEC), НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (UNIDO), НҮБ-ын Сансрын уудмын хэрэг эрхлэх газар (UNOOSA), НҮБ-ын Мансууруулах бодисын хууль бус гэмт хэрэгтэй тэмцэх газар (UNODC), НҮБ-ын Олон улсын худалдааны эрхзүйн комисс (UNCITRAL), НҮБ-ын Мэдээллийн алба (UNIS), НҮБ-ын Цөмийн цацраг идэвхийн үр нөлөөг судлах шинжлэх ухааны Хороо (UNSCEAR), Европ дахь Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE), Дунай мөрнийг хамгаалах олон улсын Комисс (ICPDR), Олон улсын энхтайвны институц (IIP), 2011 оноос Бреттон Вүүдсийн институцийн нэг Дэлхийн банкны группын гурван байгууллага Шинэчлэл, хөгжлийн олон улсын банк (IBRD), Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг (MIGA), Олон улсын санхүүгийн корпораци (IFA), Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM), Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээний байгууллага (CTBTO), 2019 оноос Баруун Балканы орнуудын асуудал хариуцсан ОУВС-гийн салбар Вена хотноо хаалгаа нээж, үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.
Австрийн Венийн Дипломатын Академи олон улс судлалын ахисан түвшний сургалт явуулдаг олон улсад алдартай мэргэжлийн түвшний сургалт-эрдэм шинжилгээний байгууллага юм. Тус академи нь олон улсын харилцаа, улс төр судлал, олон улсын эрхзүй, олон улсын харилцааны түүх, олон улсын эдийн засгийн чиглэлээр мэргэжилтэн, хүний нөөц бэлтгэдэг бөгөөд тус академи нь дэлхий дээрх хамгийн эртний дипломатын сургалт-судалгааны байгууллага гэдгээрээ ихэд бахархдаг.
Академийг анх 1754 онд Хабсбургийн эзэнт гүрнийг гадаадад төлөөлөх дипломат ажилтнуудыг бэлтгэх зорилгоор Австрийн цог жавхлант хатан хаан Мариа Терезагийн зарлигаар “Дорно дахины Академи” нэртэйгээр анх байгуулжээ. Үүнээс хойш академи нь хэд хэдэн удаа нэрээ өөрчилж, бүтэц, зохион байгуулалтаа шинэчилж ирсэн байх бөгөөд 1996 онд бие даасан улсын байгууллагын статустай болсон байна.
Венийн дипломатын академи Австри төвтэй Олон улсын харилцааны мэргэжлийн сургуулиудын холбооны (Association of Professional Schools of International Affairs) гишүүн байгууллага бөгөөд 1990-ээд оноос МУИС-ийн ОУХДС тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн. Мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай 1000 гаруй мэргэжилтнүүд Австри Улсад сургууль төгсний дотор Венийн дипломатын академи, Венийн их сургуулийг төгсч Монгол Улсын улс төр, нийгрэм-эдийн засгийн олон салбарт амжилттай ажиллаж байна.




ХИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор Д.УЛАМБАЯР
Нэргүй 2025-05-26 202.9.40.252
нэрээс солиод шааж бгаа шиг байхгүй юу тавиллтай жүжиг шааж.
Нэргүй 2025-05-26 202.9.40.252
Снгууль гэж худлаа х***а манж жүжиг ямар нам гаргх х***а манжууд яриа л шаачн инээдм цаашаа хэнийг хэн нам гаргаж мэдэх хошин хог юу ч бсан х***а манжууд ашиглчна машин байсан х***а манжууд хэргтэйгр шаачн тооллго шаасан т/а үүрлцн х***а манжууд шаачин 35 жил хошин порно шааж ирлээ шд снгууль болдог бсан гэж боджийнуу х***а манжууд ийм тийм нам гэсэн нэр ашиглаж барьж х***а манжууд завсаргүй гардаг дунд нь нэг хоёр монгол хүнмгарч мэдээж тэгэхгүй бол болохгүй хэр ам гарна нэг хүн нэрээс солиод ш
Нэргүй 2025-05-26 202.9.40.104
ТАНАЙ СУРГУУЛЬ ОЛОН УЛСЫН ХАРИОЦААНЫ НЭРТЭЙ БОЛОВЧ ДЭЭР ДУРЬДСАН КОНСУЛЫН ХАРИЛЦНААНЫ ВЕНИЙН КОНВЕНЦИЙГ ДУТУУ СУДАЛДАГ ГЭЖ ХАРАГДСАН. ЯЛАНГУЯА ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН СТАТУСЫН ТАЛААР ТАНАЙ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧИД ОЙЛГОЛТ МАРУУХАН БАЙГАА ХАРАГДСАН ШҮҮ