Шуурхайлж эхэлсэн нь “но”-той

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Шуурхайлж эхэлсэн нь “но”-той

Монгол Улсын хууль, шүүх байгууллагын
шийд­вэрийг биелүүлэхгүй зор­гоо­роо аашилдаг газар ма­найд олон бий. 
Үүний тод жишээг сүүлийн үед “Цаст Констракшн”-ынхан баталж өгөв. Тус
компани нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт 30
айлын орон сууцны барилга барьж  байгаа. Барилга барьж буй талбай нь
“Монгол эм импекс”, “Монгол глобал” компаниудын эзэмшлийн дунд байдаг
1458 ам.метр газар. Харин тэд хууль журмын дагуу үйл ажиллагаагаа
явуулахын оронд зэргэлдээ компаниудынхаа газраас хумсалж, хохирол
учруулсаар байгаа. Үүнээс үүдэн дээрх компаниуд  “гурван талт” газрын
маргааныг үүсгэж, одоог хүртэл шийдэлд хүрч ча­дахгүй явсаар байгаа
та­лаар манай сонин өмнө нь сурвалжлан уншигчдадаа хүр­гэж байсан
билээ.  “Цаст констракшн” компанийн “Мон­­гол эм импекс”, Монгол
гло­бал” компаниудын  эд хөрөнгөд хохирол уч­руул­саныг холбогдох
бай­гуул­лагууд нь шалгаж нийт арван сая төгрөгөөр торгохоор болсон.
Гэ­тэл тэд торгуулийн мөнгөө өгөх нь битгий хэл дахин хо­хи­рол
учруулсаар байгаа аж. Мөн “Цаст констракшн” ХХК-ыг барилга барих
зөв­шөөрлийг Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
Г.Мөнхбаяр цу­цалсан. Өнгөрсөн наймдугаар сарын 12-ны өдөр Захиргааны
Хэргийн шүүгчийн шийдвэр гарч гурван талын мар­гаан шийдвэрлэгдэж
дуус­тал барилгын ажлыг үргэлж­лүүлж болохгүй гэсэн шийд­вэрийг
гаргажээ. Гэтэл “Цаст констракшн” ХХК ажлаа үргэлжлүүлсэн хэ­вээр л
байна. Тиймээс хол­бог­дох албаны хүмүүсээс Захир­гааны хэргийн шүүгчийн
шийд­вэр яагаад биелэхгүй бай­гаа талаар тодруулсан юм.

МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Ц.Ганбат:

-Захиргааны хэргийн шүүг­­чийн шийдвэрт гур­­­ван талын маргаан
шийд­­вэрлэгдэж дуус­тал “Цаст констракшн” ком­­панийг  барилгаа
бари­хыг хориглосон шийдвэр гар­сан байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх
алба­наас НМХГ-т барилгын аж­лыг зогсоох талаар өн­гөрсөн наймдугаар
сарын 25-ны өдөр мэдэгдэх хуу­дас хүргүүлсэн байна. Гэсэн ч тус компани
ба­рилгаа үргэлжлүүлэн барь­саар л байна. Үүнд та ямар хариу өгөх вэ?

-Анх “Цаст костракшн”-ынхан барилга барих зөв­шөөрөл авсны үндсэн дээр
үйл ажиллагаагаа эхлүүл­сэн юм билээ. Сүүлд нь зөв­шөөрөл нь хүчингүй
бол­чихоод дээрх асуудлууд үүссэн. Одоо энэ асуудал шүү­хээр
шийдвэрлүүлэх шатанд явж байгаа. Тиймээс бид оролцох эрх байхгүй.

-Танай байгууллагыг хяналт тавь гэж албан бичиг хүргүүлсэн гэсэн шүү дээ?

-Энэ талаар мэдэх юм алга.
Төрийн нэг байгууллага нь үүрэг өгсөн, нөгөө нь мэдэхгүй гээд л сууцгааж
байна. Шүү­хийн шийдвэр гарах хүр­тэлх хугацаанд барилга үр­­гэлжлүүлэн
барихыг нь хориглосоор байхад мэр­гэжлийн байгууллага нь ч иймэрхүү
хариулт өгч, ха­риуцагч тал нь ч барилгаа үргэлжлүүлэн барьсаар байх юм.

Замын цагдаагийн газ­рын Замын зохион бай­гуулалтын тасгийн дарга, цагдаагийн хурандаа М.Ариунболд:

-“Цаст констракшн”-ы барилга барьж буй тал­байд  барилгын материал
ач­­сан машин оруулахыг хо­­риглох тухай албан би­чиг замын цагдаагийн
газ­раас хүргүүлсэн. Гэ­­сэн ч ту­хайн компани ба­рилгаа үр­гэлжлүүлэн
барь­саар бай­гаа нь танай шийд­­вэрийг биелүүлэхгүй бай­гааг но­толж
байгаа юм биш үү?

-Манай зүгээс наймдугаар сард шаардлага хүргүүлсэн. Гэхдээ машин орж
гарч бай­гааг нь байнга харж зогсох боломж, бололцоо байх­гүй. Харин
хажууд нь үйл ажиллагаа явуулдаг “Мон­гол Глобал”, “Монгол эм им­пекс”
компанид шаардлага зөрчсөн үйл явдал гаргавал мэдэгдэхийг хүссэн.

-Тэгээд энэ талаар мэ­дэгдсэн тохиолдол гарсан уу?

-Шаардлага хүргүүлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хоёр ч удаа барлигын
мате­риал ачсан машин орсныг мэдэгдсэн. Тохиолдол бүрт нь 30 мянган
төгрөгөөр “Цаст констракш”-ныг торгож, машиныг нь журамласан.

-Дахиад ийм үйлдэл давтагдвал яах вэ?

-Дээрх арга хэмжээг дахин авна.

“Улаанбаатар дулааны шугам сүлжээ” төрийн өм­чит хувьцаат компанийн дэд захирал Г.Баярсайхан:

-Танай байгууллага ду­лааны шугам сүлжээн дээр барилга барьж байгаа
“Цаст констракшн”-ыг  орон сууц барьж болно гэсэн ат­лаа хажуу дахь
жижигхэн гражыг нь нураах сануулга өгсөн байна билээ?

-Бидний зүгээс “Цаст конст­ракшн”-д барилга барьж болно гэсэн зөвшөөрөл
өгөө­гүй. Хэрэв тухайн газарт ба­рилга барих юм бол Сүх­баатар дүүргийн
дулаан, усны шугамуудад  засвар, үйл­чилгээ хийхэд хэцүү бо­лох
магадлалтай. Тиймээс тэр хавийн шугаман дээр бай­гаа барилгуудыг буулгах
мэдэгдэл өдөр болгон л хүр­гүүлж  байгаа. Гэсэн ч мэдэгд­лийг хүлээж
авахгүй л байна.

-Хүлээж авахгүй байгаа газруудад ямар хариуцлага тооцох ёстой юм бэ?

– Шүүхийн шийдвэр гартал мэдэгдлүүдээ өдөр болгон  л хүргүүлж байна.
Холбогдох газрууд нь бүгд л хүлээлтийн байдалд шилжжээ. “Тэд шүүхээс
ямар шийдвэр гарахыг хүлээж суухаас өөр аргагүйд хүрсэн юм байж. Харин
энэ тайван байдлыг далимдуулан Цастынхан барилгаа дуусгахаар, ядаж рамыг
нь зангидхаар шуурхайлан хөдөлж  эхэлсэн. Хэрэв ингэж чадах аваас
шүүхийн шийдвэр тэдний талд гарах нь дамжиггүй” гэж ярих хүмүүс цөөнгүй
байна. Тэдний хэлснээр ердөө торгууль мэтийн арга хэмжээ авах нь
томоохон компанийн хувьд юу ч биш учир торгуулийг нь төлөөд барилгаа
дуусгахаар шаргуу хөөцөлдөж эхэлсэн бололтой.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж