Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийх Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен өчигдөр/2025.05.25/ Монгол Улсад ирсэн. Тэгвэл түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төв талбайд 10:00 цагаас албан ёсоор угтаж авах юм. Австри Улсын Ерөнхийлөгчийн анх удаа Монгол Улсад хийх тус айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Австрийн Хамтарсан тунхаглалыг байгуулах юм.
Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүнд Австрийн талаас соёл, урлаг, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөлөл багтсан байна.
Тухайлбал, Австрийн хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецбергер 2025 оны тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд Монголд айлчлан ирж, монгол уран бүтээлчидтай хамтран ажиллаж, “Сонгодог үдэш” тоглолтыг өнөөдөр УДБЭТ-д толилуулах юм.
Монгол Улс, Австри Улс 1963 оны долдугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж иржээ.
Хоёр улсын худалдааны эргэлтийг аваад үзвэл 2024 онд 39,53 сая ам.доллар байснаас 34,5 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолж, 5,03 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна. Австри улсад 2600 гаруй Монгол иргэд оршин суудаг бөгөөд 2024 оны байдлаар 200 орчим Монгол оюутан суралцаж байгаа юм. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт- 2100” хөтөлбөрийн хүрээнд тус улсад 6 оюутан Леобен хотын Монтанагийн их сургуульд суралцаж байна. Энэ жил 81 настай Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нь 2017 онд Австри Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан бол 2022 онд дахин сонгогдсон юм.
БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АЛЕКСАНДР ВАН ДЕР БЕЛЛЕН
Төрсөн огноо: 1944 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр
Төрсөн газар: Австри Улсын Вена хотод төрж, Тирол мужид өссөн
Боловсрол:
1950 – 1962 Инсбрук хотод бүрэн дунд боловсрол
1962 – 1966 Инсбрукийн их сургуульд Эдийн засгийн ухааны бакалавр
1967 – 1970 Инсбрукийн их сургуульд Эдийн засгийн ухааны доктор
Ажил эрхэлсэн байдал:
1968 – 1975 Инсбрукийн их сургуулийн дэргэдэх Төрийн санхүүгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
1972 – 1974 Баруун Берлиний Шинжлэх ухааны төвийн Олон улсын захиргаа, удирдлагын хүрээлэнд судлаач
1976 – 1980 Инсбрукийн их сургуульд дэд профессор
1977 – 1980 Вена дахь Төрийн удирдлагын академийн зөвлөх
1980 – 2009 Венийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор
1990 – 1994 Венийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимд дэд эрхлэгч, тэнхимийн эрхлэгч
1994 – 2012 Австри Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн
1997 – 2008 Австрийн Ногоон намын хэвлэлийн төлөөлөгч
1999 – 2008 Австрийн Үндэсний зөвлөл дэх Ногоон намын бүлгийн дарга
2012 – 2015 Вена хотын Төлөөлөгчдийн хурлын гишүүн бөгөөд Хотын зөвлөлийн гишүүн
2017.01.26- Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч
Шагнал:
2004 онд Бүгд Найрамдах Австри Улсад оруулсан гавьяаны төлөөх Алтан одот их хүндэтгэлийн одон
Гэр бүлийн байдал: гэр бүл, 2 хүүхэдтэй
Нэргүй 2025-05-26 192.82.92.204
орос улсын гадаад хэргийн сайд Сергей лавровтой яасан адилхан юм бэ
батаа 2025-05-26 66.181.164.23
Ирэнгүүт нь 1 шанага Полов өг, аан бас данхтай цай өг, данх нь том шүү
Зочин 2025-05-26 202.126.90.182
Хоёр орны харилцаа гүнзгийрч үр дүнтэй хамтын ажилагаагаа эхлүүлэх болтугай.
Зочин 2025-05-26 192.82.92.42
Тев талбайгаа засч цэвэрлэмээр. Ямар заваан юм бэ!!! Нийслэлд эзэн алга!
Т1т 2025-05-26 202.9.46.191
Нянбактертаа хэл
Зочин 2025-05-26 202.131.240.147
Энэ их даруухан хүн. Вена хотын гудамжаар алхаад л ажил руугаа явж байдаг.