Байр суурь: Хүний сэтгэл санааны хохирлыг жагсаалтаар хязгаарлах ёсгүй

Байр суурь: Хүний сэтгэл санааны хохирлыг жагсаалтаар хязгаарлах ёсгүй

Япон улсад 15 жил тэжээсэн муураа алдсан бол эзэнд нь ижил үүлдрийн муур худалдан авч өгөхөөс гадна өнгөрсөн хугацаанд хамт байсан сэтгэл санааны хохирлыг нь нөхөн төлдөг. Ингэхдээ шүүгч тухайн эзэн нь ганц бие хүн байсан уу, гэр бүлтэй байсан уу гэх мэт нөхцөл байдлыг харгалзан үзэж, эдийн хохирол дээр нь нэмээд сэтгэл санааны хохирлыг нь тогтоодог байна. Монгол Улсад олон улсын жишгээр хүний сэтгэл санааны хохирлыг тооцдог хууль эрх зүйн орчин бүрдээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд хуулийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд ямар хүндрэл, бэрхшээл тулгамдаж байгаа талаар холбогдох албаныхны байр суурийг хүргэе.


"ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ХИЙХДЭЭ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД ТУЛГУУРЛАСАН"

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Бид энэ асуудлыг олон жил ярьсан. Гэхдээ хэн ч шийдэл гаргаагүй. Миний хувьд энэ хуулийг өөрөө гардаж боловсруулсан. Ялангуяа Иргэний хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан сэтгэцэд учирч буй хор уршгийн асуудал. Бид аливаа асуудлыг шийдэх тэр шийдлээ харахыг хүссэн. Гадаа ээж байгаа нарыг харахын тулд цонхоо арчих ёстой байсан. Тийм боломж байхгүй гэдэг. Тэгээд 2002 оны Иргэний хуулийн зүйл заалтаар түгжээ тавьчихдаг байсан. Энэ түгжээг арилгах хамгийн том зорилго байсан. Үүний цаана Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон гэмт хэргийн улмаар хохирсон хохирогчийн эрхийг сэргээх асуудал зохих ёсоор шийдэх ёстой байсан. Би өнгөрсөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллахдаа энэ хуулийн ажлыг хийсэн.

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 онд баталж, 2023 оны долдугаар сарын 1-нээс хойш хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш засч залруулах асуудал гарч, мэтгэлцээн үүсч байна.

Энэ хууль нь төрийн эс үйлдэхүйг шийдэлтэй, шийдвэртэй болгосны дараагаар зөв бурууг нь засч явъя гэсэн юм. Ер нь эрх зүйн зохицуулалт өөрөө хүн судлалын асуудал. Сэтгэц гэдэг зүйл нь хууль зүйн ойлголт мөн үү, биш үү гэдгийг ярих шаардлагатай. Яагаад гэвэл, хүний бие махбодийн эрүүл мэндээс гадна нийгмийн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд гэж бий. Өнгөрсөн хугацаанд үүнийг хууль зүйн салбар ойлгоогүй. Тийм учраас бид сэтгэл санааны хохирол гэдэг нэр томъёог гаргаж ирсэн. Гэтэл анагаах ухааны шинжлэх ухаанаар хүн гурван төрлийн эрүүл мэндтэй гэдгийг баталсан. Энийг анагаах ухааны эрдэмтэдтэй хамтран Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд тулгуурлан хийсэн. Энэ өөрөө шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Хүний бие махбодийн эрүүл мэндээс гадна сэтгэцийн эрүүл мэндийг хуулийн хамгаалалтад оруулах ёстой юм байна гэж үзэн энэ хуулийн зохицуулалтыг хийсэн юм. Сэтгэцийн эрүүл мэндийн хохирлыг ямар нэгэн аргачлалаар нөхөн төлөх ёстой. Дэлхийн бусад улс орны туршлагатай харьцуулан судалж, тодорхой босгыг тавьж өгсөн. Анхны хуулийн дэлгэрэнгүй танилцуулгаас дараа нь хуулийг зөв хэрэглээнд оруулахад ашиглаж болно. Нийлмэл өгүүлбэрээр бүх зүйлийг илэрхийлж болдоггүй юм билээ. Улсын дээд шүүхээс хуулийн нэгдмэл байдлыг тогтоох боломжгүй бол тодруулаад явах боломжтой.

"ХҮНИЙ СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛЫГ ХЭМЖИХДЭЭ ЖАГСААЛТААР ХЯЗГААРЛАХ ЁСГҮЙ"

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Баярмаа:

-Хүний сэтгэл санааны хохирлыг хэмжихдээ жагсаалтаар хязгаарлах ёсгүй. Хамгаалагдах эрх ашгууд нь тэр хуульд хэдхэн эрх ашгийн зүйл заалтаар хязгаарлагдах ёсгүй. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн гэм хорыг арилгахыг шүүхийн практик зөв гэж үзэж байгаа. Харин ингэхдээ хууль хэрэгжүүлэх байгууллагад ямар бэрхшээл тулгарч байна гэхээр нотолгооны ачаалал үүснэ. Сэтгэцийн гэм хор зарим түвшинд маш эмзэг байдаг бол зарим түвшин харьцангуй хөнгөн байдлаар учирч болно. Жишээлбэл, "Google" компани маш олон сая хүний хувийн мэдээллийг алдсан. Энэ тохиолдолд харьцангуй хөнгөн гэм хор сэтгэцэд учирдаг гэж үздэг. Гэтэл бага насны хүүхдийн хүчингийн ноцтой гэмт хэрэг, харгис хэрцгий үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд дээр сэтгэл санааны гэм хор харьцуулшгүй өөр. Энэ хоёр ялгаатай асуудал дээр хэргийн оролцогчдод нотолгооны үүргийн хуваарилалтыг иргэний процесс шиг талуудын зарчимтай хуваарилах нь шударга биш.

Хэрцгий гэмт хэргийн хохирогчийг шүүх шинжилгээ хийлгэж, бүх баримтуудаа өгч, хэдэн удаа сэтгэцийн эмчээс эм авсны батал гэх нь өөрөө бас зөв биш.

Бид гэмт хэргийн шинж байдал, зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж, зарим хэрэг дээр нотолгооны ачааллыг тэр хүмүүсээс авч, энэ төрлийн гэмт хэрэг дээр шууд гаргадаг байх ёстой. Шүүх шинжилгээний тухай хуульд заасан 85 гэмт хэрэг дээр шууд автоматаар нотолгоо гаргах нь буруу ойлголт. Үүний зарим төрөл дээр гэмт үйлдэл мөн ч сэтгэл санааны хохирол учрах уу гэдэг нь харилцан адилгүй. Ийм нөхцөл байдлыг харгалзаж үзсэн уян хатан зөв зохистой хуулийн зохицуулалт байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байна.

"АНУ-Д ХОХИРОГЧИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ ТУСГАЙ САН БАЙДАГ"

АНУ-ын Техас мужийн Рөүзбуд хотын шүүхийн ерөнхий шүүгч Мэтью Г.Райт:

-АНУ-д иргэний сэтгэл санааны хохирлыг эрүүгийн болон иргэний хэрэг нь тусдаа шийдвэрлэж явдаг. Хоёрт, хохирогчийн хохирлыг барагдуулах тусгай сан байдаг. Тэр сангаас зарим тохиолдолд хохирогчдод олгох хохирлыг гаргадаг. Прокурорын байгууллага хохирогчийн нөхөн төлбөрийг олгох асуудлыг зохицуулдаг. Үүнээс гадна төрийн бус байгууллага, шашны байгууллагуудын сангаас хохирлыг нөхөн төлүүлдэг.

Энэ процесс нь хэрэг шийдэхээс өмнө явагддаг учраас хохирогч богино хугацаанд сэтгэл санааны хохирлоо гаргуулж авах боломжтой. Хэргийг шийдэж дууссаны дараа тухайн санд гэмт этгээдээс дахин нөхөн төлүүлэх ажиллагааг хийлгэдэг.

Шүүгдэгч шүүхийн төлбөр гэдэг хураамж төлдөг бөгөөд хохирогчийн мөнгийг мөн энэ хураамжаас нөхөн төлж болдог. Аливаа улсын шүүх дээр сэтгэл санааны  хохирлыг олгохдоо удаашралтай байдаг. Тиймээс шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнө боломжтой байгаа төрийн болон төрийн бус байгууллагын сангаас хохирлыг нөхөн төлдөг системийг Монголд хэрэгжүүлэх шаардлагатай.

"ХОХИРОГЧИЙН АР ГЭРИЙН ГИШҮҮН БОЛГОНД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ЮМ УУ, НЭГ УДАА ОЛГОХ ЮМ УУ" 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн:

-Хууль тогтоогч 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан. Уг хуулийг дагалдуулан Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг "Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана" гэж тусгасан. Мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаас гадна 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгийг "Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ" гэж тус тус өөрчилсөн.

Түүнээс гадна Иргэний хуулийн 511.5 дахь хэсэгт "Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсвэл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно" гэж хуульчлан тогтоосон. Мөн хуулийн 511.4 дэх хэсэгт "Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно" гэж хүний амь нас хохирсон гэмт хэргийн улмаас гэр бүлийн гишүүнд олгох сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон юм.

Энэ хуулийг хэрэгжүүлэхэд, шүүх шинжилгээний байгууллагын хүний нөөц, ажлын ачааллаас хамааран дүгнэлт гаргах явц удаашралтай байна. Багадаа 1-2 сар хүлээгдэж байгаа учраас энэ асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай. Тиймээс шүүх шинжилгээний байгууллагаас гадна мэргэжлийн сэтгэл зүйчид тусгай зөвшөөрөл олгох замаар олон улсын аргачлалаар дүгнэлт гаргуулах асуудлыг судлах хэрэгтэй. Хоёрт, тухайн хохирогч хэдэн хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан бэ гэдэг дүгнэлтийг үндэслэн шүүгч сэтгэцийн хор уршгийг шинжээчийн дүгнэлтгүйгээр шийдвэрлэх боломжтой. Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-т "Хохирогч нь энэ хуулийн 40.1-т заасан гэмт хэргийн хохирогч байх эсвэл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх" гэж заасан. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар "Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгоно" гэжээ. Гэтэл гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд түүнтэй хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хамт амьдардаггүй эцэг, эх, төрсөн ахан дүүс, хүүхэд зэрэг ойр дотны харилцаатай байсан хүмүүсийн сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр шаардах эрх хязгаарлагдсан байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүүн гэдэгт хэнийг ойлгох вэ гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. Үүнээс гадна хохирогчийн ар гэрийн гишүүн болгонд нөхөн төлбөр олгох юм уу, ар гэрт нь нэг удаагийн нөхөн төлбөр олгох юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Мөн нөхөн төлбөрийг тогтоохдоо, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоох уу эсвэл шүүх шийдвэр гаргах үеийнх байх уу, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоох уу гэдгийг хуульд тодорхой болгох шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж