Өмнөд Африкийн Клооф алтны уурхайн долдугаар амны гүнд 289 уурхайчин гацсан гэж удирдах Сибанье-Стиллватер группийн зүгээс мэдэгдэв. Тухайн уурхайчид одоогийн байдлаар гэмтэл, бэртэл аваагүй, аюулгүй байгаа бөгөөд тун удахгүй аврагдана гэж группийн зүгээс мөн дурджээ. Хэвлэлийн төлөөлөгч нь Ройтерс агентлагт хэлэхдээ, уурхайчдыг гаргахын тулд аюулгүй байдлыг харгалзан үзэж, босоо аманд дахин нүх гаргах журмыг шалгаж байгаа аж. Өмнөд Африкийн Уур уурхайн ажилчдын үндэсний үйлдвэрчний эвлэл Пүрэв гаригт (2025.05.22) бараг 300 гаруй уурхайчин оройны 22:00 цагийн үед уурхайн гүнд гацсан гэдэг мэдээллийг авснаар Сибанье-Стиллватер групптэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн байна.
Сибанье-Стиллватер группийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, газрын гадарга руу хүдэр зөөвөрлөж байх үед гүн рүү нэвтрэх хаалга гэнэт онгойж, нуранги үүссэнээр босоо амыг таглажээ. Тэрбээр мөн "Бид ажилчдаа хол зайнд алхуулж, ядраахыг хүсэхгүй байгаа тул газрын гадарга дээр гарч, аюулгүй болох хүртэл гүнийн станц дээр хүлээхийг зөвлөсөн. Бид тэднийг хоол хүнсээр хангах ажлыг хийж байгаа" гэсэн байна. Тус группийн цахим хуудаст бичсэнээр, Клооф нь Йоханнесбург хотоос баруун тийш 60 км зайд орших дунд болон хэт гүний алтны уурхай юм. Ашиглалтын хугацаа нь 2033 онд дууна. 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тус уурхайд 8900 орчим ажилтан, гүйцэтгэгч ажиллаж байна гэж бүртгэгдсэн бөгөөд Клооф дөрөвдүгээр амыг мөн онд эдийн засаг, аюулгүй байдлын үүднээс хаасан гэж группийн цахим хуудсанд онцлон тэмдэглэсэн байна.
Холбоотой мэдээ