"Microsoft"-ын гүйцэтгэх захирал Сатяа Наделлагийн үгийг тасалсан ажилтан ажлаасаа халагджээ. Тодруулбал, технологийн аварга компанийн жил бүр зохион байгуулдаг хөгжүүлэлтийн бага хурал Даваа гаригт болох үеэр гүйцэтгэх захирал Сатяа Наделла Израилийн армид технологи нийлүүлэх тухай ярьсан. Энэ үеэр програм хангамжийн инженер Жо Лопез түүний яриаг таслан, хашгирчээ. Түүнийг тэр даруй танхимаас хөөж гаргасан бөгөөд сүүлд нь хамтран ажиллагсаддаа цахим шуудангаар тайлбар илгээсэн байв. Тэрбээр "Microsoft"-ын "Azure" үүлэн технологийн платформыг Газын зурваст ашиглахыг эсэргүүцэж байгаа аж.
Гэхдээ Жо Лопез бол арга хэмжээний үеэр үймээн дэгдээсэн цор ганц хүн биш. Үүнээс хойш удирдах ажилтнуудын яриа дор хаяж гурван ч удаа тасалджээ. Нөхцөл байдал ноцтой хэмжээнд хүрч магадгүй байсан тул компани шууд дамжуулалтынхаа дууг хаах хүртэл арга хэмжээ авсан байна. Мөн "Seattle Convention Center"-ийн гадаа Израилийн армид технологи нийлүүлэхийг эсэргүүцсэн хүмүүс цуглажээ.
"Microsoft" өмнө нь ч бас эсэргүүцэл илэрхийлсэн ажилтнуудыг халж байсан түүхтэй. Тухайлбал, өнгөрсөн сард болсон 50 жилийн ойн арга хэмжээний үеэр ийм зүйл тохиолджээ.
Тус компани өнгөрсөн долоо хоногт Израилийн армийг хиймэл оюун ухааны үйлчилгээгээр хангасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Газын зурваст хиймэл оюун ухааны технологи болон "Azure" платформоос болж аливаа хохирол учирсан гэх нотлох баримт гараагүй гэжээ. Мөн компанийн дотоод цахим шууданд "Палестин", "Газа" зэрэг үгийг дурдах боломжгүй, хаалттай байдаг болжээ.
Нэргүй 5 цагийн өмнө 202.126.91.134
Хувийн хэвшил улстөржвөл тухайн компанийн эзэд ядуу гэсэн үг юм.