Г.Баасан “Зам инвест”-д бууж өгсний учир

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Г.Баасан “Зам инвест”-д бууж өгсний учир

“Монголын ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүн Г.Баасан Нийслэлийн удирдлагуудад бууж өглөө. “Амиараа хамгаална. Түүхэн байрыг нураалгахгүйн тулд үхтлээ тэмцэнэ” гэж сүүлийн хэдэн жил жагсаж, тэмцэж байсан Г.Баасан гэнэт “Төр өмчөө ав” гээд өгсөн нь нэг л үнэмшилгүй. Бүр “чихэнд наалдацгүй” гэдэг шиг сонсогдоод байгаа юм. Г.Баасангийн түүхэн гэж нэрлээд байгаа уг байранд Баян­монгол чуулга байрлаж байгаад Нийс­лэлийн ахмадын холбоо эзэм­ших болсон. Нийслэлийн өмчит уг байранд “Монголын ахмадын чөлөөт холбоо” хоёр өрөө түрээсэлдэг болс­ноос хойш “Ахмадуудын өмч” гэх тодотголтой болсон билээ. НИТХ-ын шийдвэрээр одоогоос таван жилийн өмнө тус байрны газрыг “Зам инвест” компанид шилжүүлсэн. Тодруулбал, дээрх шийдвэр дээр НИТХ-ын дарга асан Н.Болормаа гарын үсэг зурсан байдаг. Тухайн үед Г.Баасан дээрх шийдвэрийг эсэргүүцэж жагсаал зохион байгуулан, барилгыг нураахаар очсон компаний ажилчдыг “Хөх монгол” бүлгэмийнхнээр айлгаж дуулиан тарьж байлаа. Өнгөрсөн хугацаанд Г.Баасанд шүүхийн шийдвэр хүртэл жижигдэж хотын төвийн өнгө үзэмжийг “Баасангийн балгас” гутаасан билээ. “Зам инвест” бол Солонгосын хөрөнгө оруулалттай барилгын компани. Ахмадын холбооны байртай холбоотой маргаан эхлэх үеэс тус компанийн цаад эзнээр Н.Энхбаяр тодорсон. Н.Болормаа ч тус компаниас ашиг хүртдэг гэх яриа гарч байлаа. Нөгөө талд “Г.Баасан хотын төвийн газрыг үнэ хүргэж зарахын тулд шоудаж байна” гэх яриа ч байсан. Ямартай ч гурван шатны шүүх “Нийслэл өмчөө мэдэж “Зам инвест” компанид газар эзэмшүүлсэн нь зөв” гэсэн шийдвэр гарсан ч Г.Баасан гуайн тэмцлээс айсан төр таван жил хүлээсэн.  Харин хотын мээр Г.Мөнхбаяр ямар аргаар Г.Баасан тэмцэгчийг буулгаж авсан юм бол. Гэнэт нийслэлийн өмчийг эргүүлж өгсөн шалтгааныг нь МАЧХ-ны тэргүүн Г.Баасангаас тодруулахад “Г.Мөнхбаяр дарга зам тавина гэж амласан. Зам баричихвал нийтийн эрх ашигт нийцэх учраас төрийн өмчийг буцааж өгсөн нь зөв гэж шийдлээ. Өнгөрсөн зургаан жилд энэ газрыг Н.Энхбаяр, Н.Болормаа нараас хамгаалах гэж тэмцэж ирсэн. Уг нь би түүхэн байрыг харийнханд өгөхгүй гэж тэмцэж байсан. Гэтэл хүмүүс “Хотыг гутаалаа” гэж шүүмжилж байсан. Тэгэж байхад би амиа хорлолтой биш дээ. Энэ газарт барилга барих гэж байна гэсэн хардлага байгааг үгүйсгэхгүй. Хардахаасаа өмнө хүлээх нь зөв. Гадаадын байгуулга авна гэсэн бол бид өгөхгүй шүү дээ” гэв. Хоёр талд нь өндөр барилга сүндэрлэсэн газарт зам тавина гэдэг ойлгомжгүй, итгэмээргүй байв. Авто замын газрынхан“Тэнд зам тавина гэдэг тэнэг хүний ажил. Тийм газарт хэнд зориулж юуны зам тавих вэ” гэж асуултад маань шоолонгуй хариуллаа. Хоёр давхар балгасын оронд 20 давхар ордон сүндэрлэнэ гэсэн яриа үнэний ортой болов.

Энэ талаар Сүхбаатар дүүр­гийн архитектор Д.Хан-Уулаас тодрууллаа.

-Ахмадын холбооны байрны суурин дээр барилга барих төлөвлөгөө байгаа юу?

-“Зам инвест” компани орчин үеийн шийдэлтэй  оффисын барилга барихаар зураг төслөө ирүүлсэн байгаа. Барилгын зураг төсөл газраасаа томдсон учраас буцаасан. Зураг төслөө бэлэн болгосных нь дараа барилгын ажлыг хэзээ эхлүүлэхийг шийднэ. Энэ долоо хоногт шийд нь гарах байх. Түүнээс өмнө барилгын талаар ярих боломжгүй.

-“Зам инвест” компани таван жилийн өмнө уг газар дээр соёмбо хэлбэртэй ,12 давхар барилга барихаар төлөвлөсөн байсан. Тэр барилгаа барих хэвээрээ юу?

-Яг ч соёмбо хэлбэртэй гэж болохгүй. Гэхдээ орчиндоо уялдсан барилга барих зураг төсөл гаргасан байна лээ.

-Тэгвэл барих барилга нь хэний өмч болох вэ?

-Үүнд одоо хариулах нь эрт байна.

“Зам инвест” компани барилга барих болсныг Г.Баасан гуайд дуулгавал “Одоо би яах вэ дээ. Нийслэл өмчөө мэдэж байгаа юм байлгүй” гэлээ. Г.Баасан тэмцэгчийн хүлцэнгүй зан нэг л сонирхол татаад байлаа. Тэрбээр барилга барихаар зураг төсөл нь гарчихсан байгааг мэдээгүй байна гэж үгүй. Харин мэдээгүй дүр эсгэх шаардлага байв уу. Нийслэл өмчөө буцааж авахдаа МАЧХ-нд ажлыг байр өгсөн нь дуугүй байхын эхлэл байж мэднэ. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дэргэдэх өндөр орон сууцанд нэлээд тохилог ажлын байранд МАЧХ нүүж оржээ. Бүр байраа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр өөрийн болгож баталгаажуулсан байв. Хотын төвд байрлалтай ажлын байрыг төрийн бус байгууллага тэр дундаа ахмадуудад өгнө гэдэг том бэлэг. Харин хотын мээр ямар хөрөнгөөр МАЧХ-д бэлэг барьсан нь сонин байна. Таван жилийн өмнө “Зам инвест” компанийнхан “12 давхар орон сууцны нэг давхарыг нь Ахмадын холбоонд эзэмшүүлье” гэж санал тавьсныг нь Г.Баасан огт хүлээж аваагүй. Тэр саналаас одоогийн бэлэг нь ашигтай байв уу. Эсвэл далдуур бэлэг авчихаад ахмадуудаа “зам тавина гэхээр нь өгчихлөө” гэж хуурч байна уу. Хэрэв Г.Баасан ийм алхам хийсэн бол элдэв хөдөлгөөн байгуулж бусдыг уриалдаг тэмцэгчид бүгд худлаа байх шүү.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж