Цахим спортын "CS2" төрлийн дэлхийн хамгийн нэр хүндтэй, том тэмцээн болох Мэйжор ирэх зургадугаар сарын 03-нд АНУ-ын Остин хотноо эхэлнэ. Энэ жилийн тухайд тив, бүс нутаг бүрээс шалгарсан нийт 32 баг өрсөлдөх бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгаа төлөөлж, Монголын "The MongolZ" болон "Chinggis Warriors" багууд өрсөлдөнө.
"The MongolZ" баг тав дахь удаагаа Мэйжорт оролцох бол "Chinggis Warriors" анх удаагаа оролцоно.
"CS2" тоглоомыг хөгжүүлэгч "Valve" компанийн зүгээс ч өнөөдөр/2025.05.23/ баг, тамирчдын стикерийг танилцууллаа. Эдгээрээс "The MongolZ"-ийн стикер олны анхаарлыг татав. Учир нь "mzinho" өөрийн стикер дээрээ багийн дасгалжуулагч "maaRaa"-ийн нэрийг оруулжээ. Энэ талаараа тэрбээр "20 жилийг ‘CS’-д зориулсан бидний дасгалжуулагч ‘maaRaa’ үүнийг хүртэх эрхтэй" гэжээ.
Мөн багийн үүсгэн байгуулагчид болох "kaz", "darkis" нарын нэрийг "Senzu", "Techno" хоёр өөрсдийн стикер дээрээ шигтгэсэн аж. Дашрамд дурдахад, багийн эзэд, дасгалжуулагчдад стикер өгдөггүй билээ.
Стикертэй болсноор тухайн баг, тамирчны нэр, лого энэхүү тоглоомонд мөнхөрнө гэсэн үг.
Стикер гэдэг бол тухайн баг, тамирчдыг Мэйжорт шалгарсанд зориулсан дахин давтагдашгүй гоёо гэж ойлгож болно. Баг, тамирчид өөрсдийн стикерийг урлаж, үүнийгээ тоглоомынхоо галт зэвсэг дээр наадаг.
Мэйжорт оролцоно гэдэг өөрөө асар их нэр хүндийг дагуулах төдийгүй ард нь том дүнтэй мөнгө эргэлдэнэ. Шагналын сангаас илүүтэйгээр стикерийн орлого баг, тамирчдын сонирхлыг, "шуналыг" хөдөлгөнө.
Мэйжор эхлэхтэй зэрэгцэн баг, тамирчдын стикер худалдаанд гарна. Ердөө 1 ам.доллараар капсуль нээх бөгөөд тус капсуль дотор аль ч багийн, хэний ч стикер байх боломжтой. Ингээд Мэйжор дууссаны дараа "Valve" орлогоо нэгтгэж, үүнийгээ баг тамирчдад хуваан олгодог. Мэдээж багуудын амжилтаас шалтгаалан мөнгөн дүн харилцан адилгүй.






Нэргүй 2025-05-23 103.168.34.6
Mongolchuud ingene shuu bayarlaj bna deed uehnee hundleh gedeg tom soyol shuu