“Уурхайчдын спортын их наадам-2025” албан ёсоор эхэллээ Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг бүтээх эрхэм зорилготой уурхайчид Эрдэнэт үйлдвэрийн “Ногоон төгөл”-д мод тарьж, спортын наадмын зорилго агуулга, ач холбогдлыг илэрхийлсэн бол үүрд хадгалах цомын төлөөх хурд, хүчний тэмцээний нээлт Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын “Хангарди” паласт боллоо.


























Спортын наадмын зочин баг, тамирчид “Хангарди” паласт цагаан толгойн үсгийн дарааллаар эгнэн жагсаж, байгууллага, багийн нэр, сүлд тугаа өргөн, хөгжөөн дэмжигчдэдээ танилцуулав. Уул уурхайн салбарын бүхий л байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож, зогсох эрхгүй хүнд хөдөлмөр эрхэлдэг уурхайчдыг спортоор нэгтгэн, нөхөрлүүлдгээрээ Уурхайчдын спортын их наадам өргөн цар хүрээ, өндөр ач холбогдол, үүрэг зорилготой юм. Энэ удаагийн спортын их наадамд уул уурхайн 40 багийн 1800 гаруй уурхайчин тамирчид оролцож, спортын 7 төрөлд дөрвөн өдрийн турш хүч бяр, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр ийнхүү Хангарди паласын спортын их танхимд цуглалаа.
Нээлтийн ажиллагаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Өнөмөнх, Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, Захиргаа, удирдлага санхүүгийн газрын дарга Д. Баярбат нарын удирдлагууд оролцон, тамирчдад спортын өндөр амжилт хүслээ.














0 сэтгэгдэл