Нэг сар хүрэхгүй хугацааны дараа Элсэлтийн шалгалт болох гэж байна. Шалгалтын өмнөх сэтгэл түгшилт, айдас,сандрал зэрэг нь хүүхэд бүрд харилцан адилгүй өөр өөр түвшинд илэрдэг. Түүнчлэн шалгалтын өмнөх сэтгэл зүйг зөв бэлдэх нь зөвхөн сайн дүн гаргахад туслахаас гадна хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, ирээдүйн шалгалт, сорилтуудыг илүү тайван хүлээж авах дадал суулгадаг. Тиймээс доорх зөвлөмжүүдийг шалгалтад бэлдэх үедээ хэрэгжүүлээд үзээрэй.
Сэтгэл зүйч Д.Намуунзаяа тэрбээр, Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж байгаа сурагчид сэтгэл зүйгээ өөрсдийнхөө хэмжээнд дор бүрнээ бэлддэг. Ингэхдээ зарим зүйл дээр алдаа гаргадаг. Зарим хүүхдүүд шалгалт дөхөөд ирэхээр өөрийгөө их шахдаг. Хамгийн түрүүнд шалгалт өгнө гэдгээ ухамсарлаж бага, багаар ахиулж бэлдэх нь тустай. Мөн сурах арга барилаа олох хэрэгтэй. Бүх хүн харилцан адилгүй. Бусадтай хамтарч бэлдэх нь илүү үр дүнг үзүүлдэг хэсэг байхад эсрэгээрээ ганцаараа шалгалтдаа бэлдэх нь үр дүн өгдөг хүүхэд байдаг. Аль ч төрлийн хүүхэд байлаа гэсэн өөрийгөө хэт шахаж, тархиндаа ачаалал өгөх хэрэггүй. Хичээл болон амралтыг хослуулах хэрэгтэй. Энэ шалгалтыг би яах гэж өгч байгаа, ямар үр дүн хүсч байна гээд зорилгоо маш сайн тодорхой болгох шаардлагатай. Зарим хүүхэд мэдэхгүй зүйлээ хэн нэгнээс асуухаасаа санаа нь зовдог. Энэ нь өөрт нь маш их дарамт болдог. Тиймээс хэн нэгнээс тусламж дэмжлэгийг санаа зоволтгүй авч мэдэхгүй зүйлээ сайн асууж тодруулах хэрэгтэй. Маш төлөвлөгөөтэй дэс дараалалтай байх нь чухал. Хүн болгоны сэтгэл зүйгээ тайван байлгах арга өөр, өөр байдаг.
Нэг хүнд тохирсон арга нөгөө хүнд тохирохгүй байж ч болно. Тэгэхээр өөрийн онцлогт тохирсон аргаа олох нь чухал.
Айдастай, сандралтай шалгалтдаа орох юм бол мэддэг зүйлээ мэдэхгүй болох асуудал үүсдэг. Өөр нэг зүйл нь хайр дурлал, эсвэл гэр бүлийн тогтворгүй байдал буюу хичээлээс гадуур өөр санаа зовоосон асуудал байвал үүнийгээ эртхэн цэгцлэх нь зөв. Мөн хэн нэгнээс ялангуяа ойр дотнын хүмүүсээсээ дэмжлэг, урмын үг сонсохыг маш их хүсдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ маш сайн ойлгож дэмжиж урамшуулах хэрэгтэй. Шалгалтын сэтгэл зүйгээ бэлдээгүй байдал нь хүүхдийн өөртөө итгэх итгэлд маш их нөлөөлдөг. Тавьсан зорилгодоо хүрч чадсангүй. Аав ээж, багш нарын итгэлийг алдлаа гэх зэргээр хямардаг. Үүнээс болоод амьдралын цаашдын алхмуудыг хийхэд хүртэл өөртөө итгэлгүй байх асуудлууд үүсч болдог.
-Багш, гэр бүлийн зүгээс юуг анхаарах вэ?
-Тайван байхад тусалж дэмжих, хэт өндөр оноо шаардаж дарамт мэдрүүлэхгүй байх нь зөв. Гэр бүлийн зүгээс өөрийн туршлагаасаа хуваалцаж, сандрахгүй тайван байхыг хүүхдэдээ зөвлөх хэрэгтэй. Айдас түгшүүрээ даван туулж өөрийгөө тайвшруулах аргад суралцах, шалгалтын үр дүнг урьдчилан тооцож сэтгэл санаагаа тогтворгүй болгохоос зайлсхийх хэрэгтэй. Үүний оронд яг одоо хийж чадах зүйлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлэх нь зүйтэй. Хэрвээ шалгалтын өмнө сэтгэл түгших мэдрэмж төрвөл нүдээ аниад хамраараа гүн амьсгал аваад амаараа удаан гаргах дасгалыг 10 удаа хийвэл үр дүнтэй байдаг. Шалгалтын өмнө шим тэжээлтэй хоол хүнс идэж, нойроо сайн авах хэрэгтэй. Дутуу нойртой явах нь юмыг амархан мартахад нөлөөлөх, сэтгэл хөдлөлийн хувьд эмзэг болгодог.
Цаг бол алт. Тэгэхээр өөртөө цагийн хуваарь гаргаж, хичээллэх болон амрах цагаа тодорхой байлгах хэрэгтэй. Тодорхой төлөвлөгөөтэй байснаар хэт их стрессээс сэргийлэх боломжтой. Сүүлийн мөчид бөөнөөр нь бэлдэхээс зайлсхийж, өдөр бүр бага багаар давтах нь илүү үр дүнтэй.
Тайван, тухтай орчин бол хүний сэтгэлийг тайвшруулж чөлөөтэй бодоход тус болдог. Тиймээс хичээллэх орчин тань тухтай, цэвэрхэн, анхаарал сарниулах зүйлгүй байх хэрэгтэй. Хэт ядарсан, унтаагүй үед сурах чадвар буурдаг тул сайтар амарч байх нь чухал. Мөн хэт их ачаалал өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Учир нь хэт их ачаалал авах нь сөрөг үр дүн авчирдаг тул өөрийгөө ядрахаас өмнө завсарлага авч, оюун санаагаа сэргээж байгаарай.
Холбоотой мэдээ