Монгол-Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн /ACI/ гишүүнчлэлийн гэрчилгээгээ өнөөдөр /2025.05.22/гардан авлаа. Олон улсын нисэх буудлуудын зөвлөл нь дэлхийн хэмжээнд иргэний нисэхийн салбар дахь нисэх буудлуудыг нэгтгэдэг, тэдний ашиг сонирхлыг хамгаалдаг, хөгжлийг нь дэмждэг олон улсын байгууллага юм. Гэрчилгээг гардуулах үйл ажиллагаанд Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн Ази, Номхон Далай, Ойрхи Дорнодын бүсийн захирал ноён Стефано Барончи, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Нода Тэцүо болон холбогдох албаныхан оролцлоо.
“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь өнгөрсөн 2025 оны хоёрдугаар сард Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн Ази, Номхон Далай, Ойрхи Дорнодын бүсийн /Asia-Pacific and Middle East/ гишүүнээр элсжээ. Өнөөдрийн байдлаар 170 орны 2181 нисэх буудал тус байгууллагад гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК үйлчлүүлэгчдээ аюулгүй, тав тухтай орчин бүхий нисэх буудлаар үйлчлэхийг үйл ажиллагааныхаа тэргүүлэх зорилт болгон ажилладаг. Уг зорилтоо хэрэгжүүлэхэд Олон улсын нисэх буудлуудын зөвлөл томоохон түлхэц болно гэдгийг “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Нода Тэцүо онцолж байв. Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн гишүүн болсноор:
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт, хөтөлбөрт хамрагдах
- Нисэх буудлын аюулгүй байдал, агаарын хөдөлгөөний зохицуулалт зэрэг бүхий л үйл ажиллагаатай холбоотой сургалт, зөвлөмж авах
- Дэлхий даяарх нисэх буудлын үйлчилгээг зорчигчдын үнэлгээнд үндэслэн хэмждэг ASQ хөтөлбөрийн хүрээнд нисэх буудлын үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах
- Нисэх буудлуудын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн бодлогоор дэмжүүлэн ажиллах зэрэг олон давуу талтай юм.
“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК цаашид шинэ нисэх буудлын хүчин чадлыг бүрэн ашиглах, агаарын тээврийн сүлжээг өргөжүүлэхэд агаарын шинэ зам нээх, нислэгийн тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.




















Гэрэл зургийг О.Болорсувд
0 сэтгэгдэл