Дэлхийн улс төрийн шинэ Өлсгөлөн тоглоом

Дэлхийн улс төрийн шинэ Өлсгөлөн тоглоом

Дэлхийн улс төрийн шинэ Өлсгөлөн тоглоом

Цагаан ордны Зууван танхимд болдог "тавилттай" уулзалтуудыг дэлхийн улс төрийн шинэ Өлсгөлөн тоглоом гэж нэрийдэх болов. Өлсгөлөн тоглоомд оролцсон хамгийн сүүлийн хүн нь Өмнөд Африкийн ерөнхийлөгч Кирилл Рамафоса болж байна. Тэрбээр Лхагва гаригт Зууван танхимд Трамптай уулзаж, түүний лекцийг сонсов. Тодруулбал, Трамп түүнд "Өмнөд Африкт цагаан арьст тариаланчид геноцидын бай болж байна" гэсэн утгатай лекц тавив.

Гадаадын удирдагчдын хувьд хэвлэлийн бага хурлыг драматай зохион байгуулдаг ерөнхийлөгчийн ордон руу орох нь "аюул" болов.

Хэрвээ танай улс сул дорой бол Трампийн дээрэнгүй хандлагыг хүлээж авна гэдгийг Украин, Йордан улсууд жишээ нь сайн ойлгосон. Урьдчилан тааварлашгүй байдлаас болоод зарим удирдагч Цагаан ордны урилгаас татгалздаг байж магадгүй юм.

Өмнөд Африкийн ерөнхийлөгч Кирилл Рамафосагийн хувьд уулзалт ширүүн болохыг мэдэж байв. Өмнөд Африкийн засгийн газар харьцангуй олон үндэстнээс бүрдсэн. Тиймээс Рамафоса эв нэгдлийг харуулахын тулд цагаан арьст сайдаа дагуулан иржээ. Трамп ч бас эл уулзалтад Өмнөд Африкийн хоёр алдартай гольфчинг оролцуулсан юм.

Гэвч эдгээрийн аль нь ч тус болсонгүй. Трамп Өмнөд Африкийн тухай баруун жигүүрийн улс төрийн мессежүүдээр дүүрэн видео танилцуулгыг үзүүлэв. Гэрлээ бүдгэрүүлж, "шоу" үзүүлсэн, цагаан африкуудын аллагын тухай хэсэгт "үхэл, үхэл, үхэл" гэж давтан хэлсэн зэрэг нь Трампийн ээлжит "тавилттай" жүжиг байлаа.

Гэхдээ Өмнөд Африкт геноцид байхгүй гэдгийг Рамафоса тодорхой тайлбарласан юм. Үнэндээ Өмнөд Африкт гэмт хэргийн хохирогч болсон хүмүүсийн ихэнх нь хар арьстнууд байдаг аж. Рамафоса өнгөрсөн хоёрдугаар сард болсон Зеленский, Трамп нарын уулзалтаас сүрдсэн байх магадлалтай. Тэр тайван байхыг хичээж, тэвчээртэйгээр тайлбар тавих гэсэн ч санаснаар нь болоогүй.

Өмнө нь Зууван танхимын уулзалтууд нэгэн хэвийн болдог байлаа. Удирдагчид зургаа авхуулж, хоёр орны харилцаа бат бөх байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг жишиг бий. Харин Трампийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш Зууван танхим хөл хөдөлгөөнтэй, хэл амтай газар болж хувираад буй.

Дэд ерөнхийлөгч Вэнс ёс юм шиг л хэрэгтэй үед үгээ хэлэхэд бэлэн зэлэн байдалтай Трампийн дэргэд сууна. Гэтэл дэд ерөнхийлөгчийн үүрэг энэ биш юм. Тухайлбал, Обамагийн үед дэд ерөнхийлөгч Жо Байден тайзны гол гэрэл дор бус, харин арын өрөөнд суудаг байв.

Өдгөө дэлхийн удирдагчид Зууван танхимд орсон бол зөвхөн Трамптай биш, дэд ерөнхийлөгчтэй, мөн Трампийг дэмждэг түрэмгий сэтгүүлчидтэй нүүр тулах шаардлагатай болжээ.

Өмнөд Африкт апартейд буюу цагаан арьстнууд захирч, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхдаг тогтолцоо үгүй болсон ч элдэв асуудал байсаар байна. Нелсон Манделагаас хойш тус улсын эрх баригч Африкийн үндэсний конгресс нам авлигад идэгдсэн, эмх замбараагүй байдалтай болсон. Гэвч Трамп тэдний асуудлыг шийдэх гэж хичээсэнгүй. Эсрэгээрээ өөрийн дэмжигчдэд хандсан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан маягтай байжээ.

Дүрэм зөрчигч шиг, хөндлөнгийн этгээд шиг аашлах нь Трампийн улс төрийн гол арга барил. Гадаадын удирдагчдыг жижигрүүлэх нь Америкийг нэгдүгээрт тавьж байгаагаа харуулах түүний арга.

Заримдаа түүний гайхалтай үзүүлбэрүүд нэг л хүнд зориулагдаад байх шиг санагддаг. Тэр нь Өмнөд Африк гаралтай Элон Маск аж. Рамафосаг айлчлах үед Маск Зууван танхимд байв. Өмнөд Африкт цагаан арьстнуудыг ялгаварлан гадуурхаж байна гэж Маск өмнө нь жиргэж байжээ. Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер Цагаан ордонд айлчлах үед ч Маскийн эрх ашиг хөндөгдсөн. Тодруулбал, дэд ерөнхийлөгч Вэнс тухайн үед "Британийн засгийн газар Америкийн технологийн компаниудын үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж байна" гэж гомдолложээ.

Дэлхийн удирдагчид Зууван танхимд Трампийг сөрж чадахгүй бол сул дорой харагдана гэж айж байна. Хүчтэй хариу үйлдэл үзүүллээ гэхэд дотооддоо дэмжлэг авч магадгүй ч улс орныхоо эрх ашгийг хохироох эрсдэлтэй. Трамп тэдний сул талыг онилон ярих үед тэд камераас зайлсхийхийг хичээх ёстой болдог аж.

Жишээлбэл, Йорданы хаан Абдуллагийн хоёрдугаар сард хийсэн айлчлалыг энд дурдаж болно. Газын зурвасын дүрвэгчдийг хүлээж авахыг Трамп түүнд шахсан юм. Энэ үед Йорданы хаан Абдулла тун тухгүй, эвгүй харагдаж байлаа. Дүрвэгчдийг хүлээн авах нь Йорданы улс төрийн эмзэг байдал, хаант засаглалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Гэсэн ч Йорданы аюулгүй байдал АНУ-аас ихээхэн хамаардаг гэдгийг мэдэх тул Абдулла Трампийг няцааж чадаагүй.

Зеленский ч ялгаагүй. Эвгүй уур амьсгалд үргэлжилсэн уулзалтынхаа алдааг засах гэж багагүй хугацааг зарцуулсан билээ.

Зууван танхимаас амжилттай "мултарсан" хүмүүс бол Трампийг магтсан хүмүүс. Тухалбал, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер хаан III Чарльзын урилгыг Трампад гаргаж өгсөн нь гайхалтай алхам болжээ. Хатан хаан II Элизабет ч бас Трампийг Их Британид урьж байсан учир энэ урилга түүний хувьд хүндэтгэлтэй зүйл байжээ. Стармер тэгтлээ сүрхий улстөрч биш ч гэлээ тухайн үед Трампийг чадварлагаар зохицуулсан гэж үздэг.

Дараагийн амжилттай жишээ бол Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон. Трамп Украинд тусалсан мөнгөө Европоос буцааж авна гэж хэлэхэд Макрон түүний бугуйд хүрч, "Үгүй ээ, үнэндээ бид нийт дүнгийн 60 хувийг гаргасан" гэж хэлжээ. Тэр ийн зоримог байсан ч Трампийг "Хүндэт Дональд" хэмээн дуудаж, уур амьсгалыг зөөлрүүлсэн.

Гурав дахь жишээ Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони. Түүний хувьд Украиныг хүчтэй дэмждэг учир илүү болгоомжтой байх хэрэгтэй болсон. Гэхдээ Трампад таалагдахын тулд түүний уриа үгийг ашиглаж, "Барууныг дахин агуу болгож чадна" гэж хэлжээ.

Цагаан ордонд хамгийн их дарамттай тулгарсан удирдагч бол Канадын ерөнхий сайд Марк Карни. Трамп Канадыг АНУ-д нэгтгэнэ гэж хэлсэн тул Карнигийн өмнө дотоодын дарамт шахалт ч байсан юм. Тэрбээр "Хэзээ ч худалдахгүй газар гэж бий" гэж хэлсэнд Трамп хариуд нь "Хэзээ ч гэдэг үгийг хэзээ ч бүү хэл" гэжээ. Харин Карни түүний үгийг сөргүүлж, "Хэзээ ч, хэзээ ч" гэж давтан хэлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 9 цагийн өмнө 66.181.160.118

Агуу ардчилсан Америкийн ерөнхийлөгчөөр ийм амьтан болчих гэжжжж!!..Ардчилсан үзэлтнүүдтэй уулзхаараа дандаа дарамтална Дарангуйлагч нартай уулзхаараа доль шаачихнаа…Ертөнцийн аз болход 3хан жилийн дараа зайлаад өгөх юм да

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.57.93.166

Манай хүн яваад очих вийдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж