БНСУ-д амьдарч, ажиллаж байгаа монгол иргэд тэнд төлсөн нийгмийн даатгалынхаа шимтгэлээ эх орондоо ирээд авах, тэтгэврээ тогтоолгох боломжтой болно. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдээлэл өгөхдөө "Бид монголчууд олноор ажиллаж амьдарч буй орнуудад анхаарал хандуулж, бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар БНСУ-тай хэлэлцээр хийсэн. Тус улсад 54.846 мянган монгол иргэн оршин сууж байгаагаас 35.812 иргэн албан ёсоор хөдөлмөр эрхэлж байна. Ямар ч байсан БНСУ-д байгаа иргэд маань тэнд төлсөн нийгмийн даатгалынхаа шимтгэлээ Монголдоо ирээд авах, тэтгэврээ тогтоолгох боломж нээгдэж байгаа. Бид одоо Австрали улстай хэлэлцээр хийж, гол нөхцөлүүдээ тохирч байна. Энэ зун төрийн өндөр хэмжээний айлчлал хийх үеэр гэрээ зурна. Цаашлаад Япон, АНУ, Швед, Турк зэрэг улсуудтай өмнө нь хийсэн гэрээгээ хэлэлцээрийн түвшинд хийнэ" гэдгийг хэлсэн юм.
БНСУ-д ажилладаг монголчууд тэтгэврээ тогтоолгох боломжтой
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нэг сарын өмнө /2025.04.22/ БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг ГХЯ-нд хүлээн авч уулзсан талаар мэдээлсэн. Энэ үеэр Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөл болон тус улсын виз мэдүүлэхтэй холбоотойгоор солонгосын талд өмнө удаа дараа тавьж ирсэн боловч шийдвэрлэгдээгүй дараах асуудлуудыг хөндөж тавьсан байна. Тодруулбал,
• БНСУ-д зорчих хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг тус улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулах, гар утас болон бусад эд зүйлсийг хураан авч хувийн мэдээлэлд халдах, улмаар албадан буцааж байгааг зогсоох;
• БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэд 6 сарын хугацаанд виз мэдүүлэх боломжгүй байгааг цуцлах;
• Монгол Улсын иргэд БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд хариу авах хүртэлх хугацаанд өөрийн гадаад паспортыг буцаан авах боломжгүй байгаа нь иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байгаа тул визийн хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд гадаад паспортыг эх хувиар нь авах бус, харин гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал (Е-Mongolia)-аас олгодог гадаад паспортын лавлагааг материалд нь хавсаргах асуудлыг судалж үзэх;
• БНСУ-ын виз мэдүүлгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, Монгол Улсын иргэдэд визийг цахимаар олгох талаар судалж үзэх;
• Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 2025 оныг дуустал 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргасан. Үүнтэй холбогдуулан харилцан адил байх зарчмын хүрээнд эхний ээлжинд эмчилгээний зорилгоор БНСУ-д зорчих иргэд болон тэдний асран хамгаалагчийг 30 хүртэл хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн холбогдох албан тушаалтнуудад олгох олон удаагийн визийн олголтыг нэмэгдүүлэх асуудлыг судалж үзэх зэрэг асуудлаар хандсан байна.
Өм солонгос 3 цагийн өмнө 66.181.191.174
өмнөд Солонгос орны хөгжилд залуу нас эрүүл мэнд хүч хөдөлмөрөө зориулаад хөгширсөн хойноо зөвхөн монголдоо ажиллаж амьдарч татвар төлж байсан хүмүүсийн тэтгэврийн мөнгөнөөс хувааж булаацалдаж тэтгэвэр авах нь…