Технологийн салбарын аварга загаснууд болох "Google", "Samsung Electronics" компаниуд хамтран шинэ төрлийн ухаалаг нүдний шилийг энэ оны эцэс гэхэд танилцуулах гэж байна. Энэ нь андройд үйлдлийн системд суурилсан "XR" шил буюу өргөтгөсөн бодит байдлыг харуулдаг шил юм. "Google" компанийн жил бүр зохион байгуулдаг уламжлалт хөгжлийн чуулган Калифорнид Мягмар гаригт болох үеэр энэ мэдэгдлийг хийжээ.
Ухаалаг нүдний шилний төслийг "Moohan" гэж нэрлэнэ. Энэ нь солонгос хэлээр "хязгааргүй" гэсэн утгатай үг юм.
"Samsung Electronics" компани ухаалаг шилний төсөл хэрэгжүүлж байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан. Гэхдээ энэ удаад хоёр компани ийнхүү ижил салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж байгаагаа зарлав.
"Google" компанийн хувьд ухаалаг шилний төслийг 10 гаруй жилийн өмнө хэрэгжүүлж байв. Гэхдээ хэрэглэгчийн санал гомдол, хувийн нууцлалтай холбоотой асуудлаас болж 2015 онд төслөө зогсоосон. Энэ удаад тус компани хиймэл оюун ухааны дэвшлийг ашиглаж, технологи, дизайнаа сайжруулахаар "Samsung Electronics"-той хамтарч байна.
"XR" ухаалаг шил нь камер, микрофон, чанга яригчтай, ухаалаг утастай холбогдоно. Хэрэглэгчид гараар хүрэлгүйгээр утсаа удирдах боломжтой. Мөн орчуулга хийх, "Google Maps"-ын тусламжтайгаар хэрэглэгчдэд байршил зааж өгөх зэрэг ухаалаг үйлдлүүдтэй.
Өмнөд Солонгосын нүдний шилний "Gentle Monster" компани, Америкийн "Warby Parker" брэндүүд энэхүү ухаалаг шилний дизайныг хариуцах юм. Зөвхөн шаардлагатай үед гэлгүйгээр хэрэглэгч энгийн нүдний шил шиг л өдөржин зүүхэд тохиромжтой байх талаас нь бодолцож, ийнхүү мэргэжлийн газруудтай хамтарч байгаа аж.
0 сэтгэгдэл