Европа лигийн финалын тоглолт орон нутгийн цагаар өчигдөр/2025.05.21/ Испанийн Бильбао хотноо боллоо. Энэ улирлын тухайд Английн багууд болох Манчестер Юнайтед болон Тоттенхэм Хотспур багууд учраа таарав. Улмаар Бреннан Жонсоны хожлын гоолоор Тоттенхэм түрүүлж, тус клуб 17 жилийн дараах анхны цомоо хүртжээ.
Тоттенхэм Хотспур клуб хамгийн сүүлд 2008 онд л лигийн цомдоо түрүүлж байв. Түүнээс хойш Премьер лиг, Аваргуудын лиг гээд олон ч тэмцээнд түрүүлэх боломжоо алдаж, гар хоосон 17 улирлыг өнгөрүүлсэн түүхтэй.
Европын хөлбөмбөгт олон жил Азийн нэр нүүрийг тахалж буй Сон Хын-Миний хувьд Тоттенхэм клубд нэгдсэнээс хойш хэдийнэ арван жил өнгөрчээ. Энэ хугацаанд олон гайхалтай улирлыг өнгөрүүлсэн ч цом хүртэж байсан удаа байсангүй. Эцэст нь санасандаа хүрч, аваргын цом гардаж үзлээ. Сон хамгийн сүүлд 2018 оны Азийн наадамд л түрүүлж байв.
Тоттенхэмын домог гэж хүндлэгдэн уналт, босолттой олон жилүүдэд багаа орхиогүй Соны өмнөөс баярлаж байгаа хүн олон бий. Финалын дараа Сон ярихдаа "Намайг домог гэж хэлцгээе. Яагаад болохгүй гэж? Зөвхөн өнөөдөр. 17 жилийн түүхэнд хэн ч үүнийг хийгээгүй. Өнөөдөр энэ гайхалтай залуусын хамтаар түүхийг бүтээлээ. Магадгүй өнөөдөр би энэ клубын домог гэж хэлэхээр боллоо. Гайхалтай. Үүнийг би мөрөөдсөн. Өнөөдөр энэ бүхэн тохиолоо. Мөрөөдөл үнэхээр биеллээ. Баяртай байна. Би дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн боллоо" гэжээ.
Тоттенхэм Хотспур энэ улирал Премьер лигтээ тун тааруу тоглож байгаа ч Европа лигт түрүүлснээр ирэх жил УЕФА Аваргуудын лигт тоглох эрхтэй боллоо.
Сон үргэлжлүүлэн "Бүтэн улирлыг харвал бидэнд хэцүү цаг үе тохиосон. Гэхдээ үргэлж хамтдаа байлаа. Залуу тоглогчид маань нэг түвшин ахилаа. Би үргэлж тэдэнд сайн зөвлөгөө өгч, эерэг ярилцахыг хичээдэг. Ийм залуустай би азтай хүн" гэв.
Цагтаа Английг донсолгож байсан Соны хамтрагч Харри Кэйн ч саяхан анхны цомоо хүртсэн. Түүний хувьд Тоттенхэм Хотспурыг орхиж, Германы Байерн Мюнхен руу явсан зорилгоо биелүүлж, лигтээ түрүүлжээ. Тэд хамтдаа 2019 онд Аваргуудын лигийн финалд Ливерпульд хожигдсон түүхтэй.
Сон ярианыхаа төгсгөлд "Би үнэхээр дарамт мэдэрсэн. Энэ цомд түрүүлэхийг үнэхээр хүссэн. Сүүлийн долоо хоног энэ тоглолтыг өдөр бүр зүүдэлсэн. Эцэст нь боллоо. Одоо тайван унтаж, чөлөөтэй амьдарч болохоор боллоо. Өнөөдөр бол баяраа тэмдэглэх өдөр. Хэзээ ч мартагдашгүй өдөр болгоно. Маргааш онгоцноосоо хоцрох байх" гэжээ.
Нэргүй 6 цагийн өмнө 202.126.90.96
super sonny
Мөнхжаргал 9 цагийн өмнө 66.181.191.118
Өчигдөр гоол хйигээгүй, голын дамжуулалт өгөөгүй, гоолын довтолгоон эхлүүлээгүй биз дээ
Зочин 9 цагийн өмнө 66.181.166.196
Ямар онгироо кимчи вэ, өөрийгөө ингэж өргөмжлөнө гэдэг ч бас л юмтай хүний хийдэл болох буй за
Зочин 10 цагийн өмнө 202.126.90.109
Ганц цом өргөөд домог болдог ч гэж юу байх вэ, ядаж дэлдэн чихтийг өргөчихсөн бол бас яах вэ гэх сэнж, арай л хөөрүү юу