С.Батболд, У.Хүрэлсүх нарын модернизм ба төвч үзэл

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

С.Батболд, У.Хүрэлсүх нарын модернизм ба төвч үзэл

Өчигдөр ба уржигдар. МАХН-ын Бага хурлын XII хуралдааны өмнөх өдөр буюу уржигдар хэвлэлүүдэд “МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, бас дарга асан Н.Энхбаяр” гэсэн автортой мэдэгдлүүд нийтлэгдсэн нь олон нийтэд “МАХН-ынхан нанчилдах нь” гэсэн ойлголтыг төрүүлсэн. Гэвч фокус энэ удаад таарсангүй. Тус намынхан өчигдөр Н.Энхбаяргүй, бас С.Баяргүйгээр хуралдацгаалаа. Экс Ерөнхийлөгч Бага хурлын гишүүн бус учраас ирсэнгүй. Харин С.Баяр “хүндэтгэн үзэх” шалтгаантайн улмаас танхимд морилсонгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хамгаалагчдын хамт байн байн гарч, орон ер нь нэг л нам гүм. УИХ-ын гишүүн Д.Арвин, Ч.Улаан, Д.Одбаяр, Сангийн дэд сайд Т.Очирхүү нарыг эс тооцвол мөнөөх “Элснийхэн” ч үзэгдсэнгүй. Намынхаа удирдлагуудтай үе, үе ширүүхэн тэрсэлддэг “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийн төлөөлөл болох Н.Удвал, М.Далайхүү нар энэ удаад огцом хувьсчээ.

Тэд намынхаа даргын дэвшүүл­сэн “Шинэчлэл, хөгжил, манлайлал” хэмээх шинэчлэлийн үзэл санааг толгой дохин дэмжиж, тун happy харагдлаа. Мэдээж хэрэг, бусад нь “Тэрэлжийн тогтоол” хэмээгч энэхүү тунхаг бичгийг уламжлал ёсоор ярсхийтэл гар өргөн дэмжив. “Шинэчлэл, хөгжил, манлайлал” тунхаг бичгийг тус намын Удирдах зөвлөл Тэрэлжид хэлэлцсэн учраас байгалийн үзэсгэлэнт газрын нэр ийнхүү 90 жилийн түүхтэй намын re-branding томъёолол болжээ.

МАХН-ынхан шинэчлэлийн “хө­лөг онгоц”-нд сууцгаалаа. С.Бат­болдын намаа нэгтгэн зангидах ноу хау онолын эцсийн үр дүнд шүү дээ. Тэрбээр хөлөг онгоцныхоо ахмадаар Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг аль эрт сонгосон. Тэрбээр “Тэрэлжийн тогтоол” буюу шинэчлэлийн тунхгийг санаачилсан бол генсек нь “МАХН XXI зуунд” на­мын хөгжлийн хөтөлбөрийг боловс­руулсан нь модернист улс төрийн хэмнэл. Тус намынхан өмнө нь нэ­рээ шинэчилж, шинэчлэл хийх гэж байсан уу гэвэл, тийм ээ. Тэр бол 1997 он. Гэвч тухайн үед намын дарга Н.Багабанди, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Энхбаяр нар салуураа өөр, өөр тийш залцгаасан юм. Н.Энхбаяр МАХН-ыг Монголын ардчилсан хөгжлийн нам болгон өөрчилж, сценариа боловсруулсан ч Н.Багабанди нэг л өдөр “Титэм үг”-ээ айлдаж, түүнийг нам болгосон түүхтэй. Н.Багабанди намын XXII их хурлын үеэр “Урдуур, хойгуур урваганаж, шарваганаж гүйдэг хүмүүс намын нэр сэвтээж байна” хэмээн индэр дээрээс чангахан дуугарсан нь МАХН-ын экс дарга нарын хагарлын эхлэл байлаа. Тавиад оныхон ийнхүү түнжин хагарс­наасаа хойш эвлэрээгүй. Н.Багабанди өчигдөр хуралдаанд оролцсон ч Н.Энхбаярын өмнө “хаалга” түгжээтэй. Олон нийтийн таамагласанчлан МАХН-ын Бага хурлын XII хуралдаанд содон үзэгдэл болох учиртай байсан экс Ерөнхийлөгчийн сценари энэ удаад хэрэгжсэнгүй.    

“Жараад оныхон үүнийг чадах юм биш үү”. МАХН-ынхан өөрсдийн инстинктээр дотооддоо диктатур тогтоож, хүссэн ч, эс хүссэн ч нэг нэгэн рүүгээ харан ингэж инээцгээж байна. Английн Ерөнхий сайд асан Гордон Брауны тунхаглаж явсан төвч үзэл буюу гуравдагч замыг тэд “ОК” хэмээн хүлээн авав. Хамгийн содон нь зүүн төвийн үзэл баримтлалтай тус нам үндэсний ардчилсан үзлийг гол үзэл баримтлалаа болгоно. Гэвч МАСЗХ-ныхон ах нараасаа урьтах гэсэн үү, яасан ч Бага хурал хуралдахаас өмнө “Нэр, үзэл баримтлалаа өөрчилнө” гэсэн нь зарим гишүүнд таалагдсангүй. МАСЭХ-ны тэргүүн Д.Алтай “Нам төдийгүй МАСЗХ-ныхон нэрээ солих гэж байгаа юм чинь бид ч бас нэрээ сольчих уу” хэмээсэн нь бодууштай л үг. МАХН-ынхан “Хувьсгалт”, МАСЗХ-ныхон “Социалист” хэмээгчээ delete-лэх гэж байхад мань хатагтай ингэж барьцахаас яах вэ. Хатагтай Д.Арвин “Нагаржунайн үзлээр бид хол явахгүй” хэмээн хэдэн оны өмнө мэдэгдсэн. Гэвч МАХН-ын одоогийн удирдлагуудын дэвшүүлсэн төвч үзэл гэдэг нь угтаа Нагаржунайн онол юм. Тэгэхээр Д.Арвин гишүүн энэ удаад бодлоо өөрчилсөн болов уу, яасан бол. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Даш-Ёндон тухайн үед энэхүү үзлийг дэвшүүлж байсан ч хувь улстөрчийн хувьд С.Батболд шиг тодорч чадаагүй билээ.

МАХН-ын экс дарга С.Баяр С.Батболдод тамгаа гардуулахдаа “Улс төрд YES, NO гэж хэлэх үе олонтаа гардаг юм шүү” гэж байсан. Тэгвэл С.Батболд өчигдөр журмынхаа нөхдөд яг ийм утгатай үг хэллээ. “Эв нэгдэлтэй байна гээд даргынхаа өмнө толгой дохин сууж болохгүй. Их ардчилалтай байна гээд хоорондоо маргалдаж, талцаж болохгүй” гэж. Үүнийг ухаж ойлговоос, тус намд үндэсний ардчилсан үзэл баримтлал ийнхүү хэрэгжих аж. Нэгэн цагт хувьсгалт үзлийг дээдэлж байсан Монгол ардын нам шинэ зуунд үндэсний ардчилсан үзэл баримтлалтай Монгол ардын нам болон өөрчлөгдөнө. МАХН-ынхан ийнхүү шинэчлэл хийгээд re-branding алхамдаа эргэлт буцалтгүй шилжих нь энэ.
 
Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж