Цөлжилттэй тэмцэх Өвөр Монголын хичээл зүтгэл

Цөлжилттэй тэмцэх Өвөр Монголын хичээл зүтгэл

Цөлжилттэй тэмцэх Өвөр Монголын хичээл зүтгэл

Дэлхий дахинаа цаг уурын өөрчлөлт, газар ашиглалт, усны хэт их хэрэглээ болон хүний хүчин зүйлээс шалтгаалан ган гачиг, цөлжилт бий болж байна. Харин Хятад улс уг асуудалтай тэмцэхийн тулд төрөл бүрийн арга хэмжээг авч байгаа аж. Жишээлбэл, ган гачигт тэсвэртэй ургамал, үр тариа тарих, усны нөөцийг нэмэгдүүлэх, ой хээрийн түймрийн онцгой байдлын үед авах арга хэмжээгээ өргөжүүлэх зэргээр тэмцэж буй. Үүнээс гадна зүлэгжүүлэх салбарт онцгой анхаарч, олон арван жилийн турш цөлжилтийг үгүй болгох аргыг судалжээ.

Улмаар "M-Grass" (Mengcao Ecological)  байгуулагдаж, хуурай болон хагас хуурай газар нутагт онцгой анхаарал хандуулж, экологийн нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн тэргүүлэгч компани болсон байна.

2001 онд үүсгэн байгуулагдсан тус компани ӨМӨЗО-ны Хөх хотод байрлаж, байгаль орчны эрс тэс нөхцөлд дасан зохицох чадвартай ургамлыг судалдаг байна. Энэ хүрээнд бэлчээрийг нөхөн сэргээх, цөлжилтийг хянах, орчны тохижилтын чиглэлээр үндэсний болон олон улсад тэргүүлэгч компани болж чаджээ.

"M-GRASS" ЯМАР ЧИГЛЭЛЭЭР АЖИЛДАГ ВЭ?

Тус компани нь хөрсний бохирдлыг арилгах, бэлчээр, уул уурхайн талбар, цөл болон экологийн эмзэг газар нутгийг нөхөн сэргээхэд анхаарч ажилдаг. Олон жилийн турш судалгаа хийсний үндсэн дээр ган гачигт болон хүйтэн цаг агаарт тэсвэртэй төрөл бүрийн ургамал, навчсыг судалж, 2.2 сая гаруй га талбайг нөхөн сэргээхэд хувь нэмэр оруулжээ. Ялангуяа Хятадын хойд хэсгийн газарт нутагт голчлон анхаардаг байна. Нээгдсэн цагаасаа хойш "M-Grass" нь дотоодын хөрсөнд ургадаг төрөл бүрийн ургамлын мэдээлэл, дээжийг цуглуулж, генийг банкийг бий болгосон.

Өдгөө 1700 гаруй үр, 100 мянган хөрсний дээж "M-Grass"-д хадгалагддаг бөгөөд нөхөн сэргээлтийн төслүүдийг хэрэгжүүлж, цөлжилтийг даван гарах бүрэн боломжтойг баталгаажуулсан байна.

Мөн "M-Grass" нь цаг уурын хүнд нөхцөлд зориулан боловсруулсан 100 гаруй ургамлын сортыг эзэмшдэг. Гэхдээ энэ их хэмжээний ургамлын мэдээлэл, төслийн үйл явцыг хянахын тулд том өгөгдөл, "IoT" болон хиймэл оюун ухааныг ашигладаг байна. Өөрөөр хэлбэл өвсний төрөл зүйл, хөрс, ус, цаг уур, мал, бичил биетний талаарх мэдээллийг нэгтгэсэн ухаалаг платформыг боловсруулсан гэсэн үг.

Уг системийн тусламжтайгаар экологийн нөхөн сэргээлтийн нарийвчлалыг сайжруулж, цөлжилт үүсч болзошгүйг 60 хувьтайгаар урьдчилан мэдэх боломжтой болжээ.

Өдгөө "M-Grass" нь Хятадын хойд бүсийн хотуудад жил бүр элсэн шуургатай тэмцэх төслийг хэрэгжүүлж, Өвөр Монгол болон ойр орчмын бүс нутгийн уул уурхай, аж үйлдвэрийн бүсийн экологийн нөхөн сэргээлтийг хариуцан ажилдаг байна.

Мөн Монгол Улсын "Нэг тэрбум мод" аянд нэгдэж, ойжуулалт, гол мөрний нөхөн сэргээлт, ургамал ногоог хөгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ 2024 онд байгуулжээ.

Төв Ази, Дубай, Орос зэрэг улс орон, бүс нутгуудад үйл ажиллагаагаа өргөжүүлээд зогсохгүй "M-Grass" нь зүүн өмнөд Ази дахь ирээдүйн түншлэлийн талаар судалж байна. Дашрамд дурдахад, эрс тэс уур амьсгалтай орчинд хамгийн тэсвэртэй ургамал, зүлгийн талаар тодруулахад, зэрлэг өвч буюу "Leymus chinensis", саман өрхөг буюу "Agropyron cristatum", "Hedysarum fruticosum", заг буюу "Haloxylon ammondendron" болон "Caragana microphylla" гэж "M-Grass"-ийн төлөөлөгч хариулсан.

ӨВӨР МОНГОЛ: ЭКОЛОГИЙН ШИЛЖИЛТИЙН БҮС НУТАГ

"M-Grass" нь төр, хувийн хэвшлийн хамтарсан загвараар үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хүрээнд хотын захиргаа, аж үйлдвэрийн оролцогч талууд нягт хамтран ажилладаг гэсэн үг юм. Тус компани "Shenzhen" хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд 2016 онд 400 гаруй сая ам.долларын орлого олсон нь өмнөх оныхоос 61 хувиар өссөн үзүүлэлт байв. Мөн Бугат хоттой байгуулсан 10 тэрбум юанийн түншлэл зэрэг стратегийн хамтын ажиллагаа нь аж үйлдвэрийн хөгжлийг байгаль орчны тогтвортой байдалтай уялдуулахад нөлөөлсөн гэдгийг "M-Grass" компанийн төлөөлөгч онцолж байлаа.

Өвөр Монгол нь цаг уурын өөрчлөлт, газрын зохисгүй ашиглалтаас үүдэлтэй цөлжилт, бэлчээрийн талхагдал, ган гачигт нэрвэгдсээр иржээ. Үүнтэй тэмцэхийн тулд бүс нутгийн болон үндэсний бодлогод экологийн нөхөн сэргээлт, усыг хамгаалах, технологийн интеграцчлалыг нэвтрүүлэх болсон байна. Тухайлбал:

  • Бэлчээрийг сэргээх зорилгоор улирлын чанартай бэлчээрийг хориглох, ээлжлэн бэлчээх
  • Уламжлалт усалгаанаас дуслын системд шилжих, борооны ус цуглуулах, зохиомол хур тунадасжуулах
  • Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй малчид, тариаланчдад татаас олгох
  • Ургамал, хөрсний чийгийг бодит цаг хугацаанд хянаж, хариу арга хэмжээ авах
  • Нүүрснээс салхи, нарны цахилгаан элчим хүч руу шилжих зэрэг аргыг ашиглах болсон байна.

Энэ мэт аргаар Өвөр Монгол цөлжилттэй тэмцэхээс гадна "M-Grass" нь орчин үеийн шинжлэх ухаан, уугуул хүмүүсийн мэргэн ухааныг хослуулан бэлчээрийн экосистемийг сэргээж буй. Хятад болон түүний хөрш орнууд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай тулгарсаар байгаа тул "M-Grass" экологийн нөхөн сэргээлтийн өргөтгөх, тогтвортой загварыг улам сайжруулахын тулд ажиллаж байна. Гэсэн хэдий ч цаашдын амжилт нь зөвхөн техникийн шинэчлэлээс гадна дасан зохицох бодлого, олон нийтийн оролцоо, урт хугацааны экологийн алсын хараанаас хамаарна гэдгийг төлөөлөгчдийн зүгээс онцолж байлаа. Монгол Улсын хувьд ч мөн адил бэлчээрийн экологийн системийг хамгаалахын тулд дотоодын мэргэжилтнүүдийнхээ тусламжтайгаар цөлжилттэй тэмцэх боломжтой билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

400 2 цагийн өмнө 202.9.46.239

Төр засаг нь арчаатай үнэнч зарчимч, ард түмэн нь ажилсаг улс ч сайхан юм дөө. манайх тэгэхэд нийгмээрээ ажилгүй, арчаагүй, худалч, хулгайч, долигонуур,бөөрөнхий, сталин коминтернд зүрхээ зүсүүлсэн,. сөнөж байхдаа таарсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж