УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.05.21) хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүд төрийн албанд хийх есөн хувийн цомхотголыг хэрхэн хийх гэж байгаа талаар тодруулав.
Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын албан тушаалтан Б.Эрдэнэбат “Төрийн албанд шинэчлэл хийх хүрээнд хэд хэдэн ажил туссан. Сүүлийн 12 жилийн байдлаар төрийн албан хаагчдын тоо 40 орчим хувиар өссөн байна. Үүн дотроо улс төрийн алба 36.6 хувь, төрийн захиргааны алба 31.9 хувь, төрийн тусгай алба 70.5 хувь, төрийн үйлчилгээний алба 32.7 хувиар өссөн. Иймд төрийн албыг цомхотгох, хэмнэх агуулгаас гадна чиг үүргийн оновчлол, үр ашгийн өсөлт бий болгох, технологи нэвтрүүлэх, төсвийн хэмнэлт зэргийг хослуулахаар стратегийн реформ хийхээр зорьж байна. Энэ хүрээнд урьдчилсан судалгаагаар эхний ээлжинд буюу 2026 онд 9 хувиар цомхотгох боломжтой гэдэг тооцооллыг хийжсэн” гэлээ.
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Сангийн яам 2025 онд 230.9 мянган төрийн албаны орон тоо төлөвлөж, төсөвт зардлыг суулгасан. 2016 онд төрийн алба 186.4 мянган хүнтэй байсан бол өнөөдөр 44 орчим мянгаар нэмэгдсэн байгаа. Тэр дундаа төрийн тусгай алба хаагчдын орон тоо 4100 орчмоор нэмэгдсэн бол шинэ сургууль, цэцэрлэг, эмнэлэг нээгдэхтэй зэрэгцээд төрийн үйлчилгээний алба 154.1 мянга байсны дээр 34 мянган орон тоо шинээр нэмэгдсэн байгаа. Иймд төрийн албаны реформын хүрээнд нэн тэргүүнд төрийн чиг үүргийг нарийвчлан, цогц шинжилгээ хийж тодорхойлсны дараа салбар бүр дээр бүтэц, орон тоог тооцох нөхцөл бүрдэнэ” гэв.
Харин Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Зарим байгууллагын дэргэдэх урлагийн чуулга, спорт хороог татан буулгах, захиргааны албаны чиг үүргийн давхардлыг оновчлох чиглэлээр ажиллах шаардлага байгаа. Хууль сахиулах байгууллагын хэмжээнд орон тоо хасах, танах боломжгүй. Хууль сахиулах байгууллагуудын тухайд хуулиар нэмэгдэж буй чиг үүргүүдийг хэрэгжүүлэхийн тулд орон тоо нэмэх шаардлага байгаа” гэлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны бүтэцтэй холбоотой асуултад ажлын хэсгээс хариулахдаа нийт 159 орон тоотой байхаар батлагдсан хэдий ч 109 орон тоотойгоор ажиллаж байгаа. Хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тус байгууллагаас тулгамдаад байгаа асуудлуудаа шийдвэрлэх хүрээнд саналаа хүргүүлсэн гэв. Тухайлбал, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангахаар шүүх хуралдааныг шууд дамжуулах нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлаа хүргүүлсэн нь төсөлд тусгагдаад байгаа аж. Мөн ц
ахимжуулалт нэвтрүүлэх хүрээнд тоног төхөөрөмжүүдийн судалгаа, шаардлагатай тооцооллоо хүргүүлсэн гэв. Түүнчлэн шүүхийн зохион байгуулалтад орсон өөрчлөлтийн дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулагдах ёстой, холбогдох саналаа хүргүүлсэн гэдэг хариулт өгсөн юм.
Эцэст нь Байнгын хороо Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох санал дүгнэлтээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Нэргүй 4 цагийн өмнө 103.212.117.94
20% цомхотгоо. Төрийн алба хулгайнарынх болж сүйрүүлж бн.
Нэргүй 6 цагийн өмнө 202.9.41.112
Дэлхийн бүх улсад татвар байдаг. Татвараар төрийн албад нь оршин тогтнодог жамтай. АН-ынхан та нарыг мунхруулж татваргүй байх ёстой гээд байгаа нь хэзээ ч хэрэгжих боломжгүй зүйл юм. Цэрэг, цагдаа, онцгой байдал, эмнэлэг татваргүй бол яаж оршин тогтнох билээ. Зүгээр л төр засгийг муухай харагдуулах, огцруулахын тулд л тийм юм ярьж байна. Одоо Засгийн газар огцрох юм бол МАН дангаараа засгийн газраа бүрдүүлж яамд, төрийн албыг цөөлөх хэрэгтэй
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.160.103
Иргэд бид татвар төлмөөргүй байна!!! Бидэнд илүүдээ гарсан мөнгө алга!!!