Эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг улам ихсэх болсон өнөө үед 82 настай Минакши Рагаван охид бүсгүйчүүдэд өөрийн мэддэг чаддаг бүхнээ өвлүүлэн үлдээхийг эрмэлзэж байна. Энэтхэгийн уламжлалт илдний урлагийг түүчээлэн хөгжүүлж буй хамгийн өндөр настай хүн гэж түүнийг нэрлэх нь бий. "Илдэч эмээ" нэрээр олноо танигдсан Минакши Рагаваныг Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцоллоо.
Энэтхэгийн тулааны урлагийн мастер, багш, дасгалжуулагч Минакши Амма Гуруккал 1942 онд Энэтхэгийн Кералад төржээ. Хүүхдэд биеийн тамирын боловсролыг албан журмаар заавал олгодог байсан цаг үед тэр мэндэлсэн юм. Бүс нутгийн хүүхдүүд тухайн үед хүйс харгалзалгүй Калари буюу Кералагийн уламжлалт тулааны урлаг Каларипаяаттугийн дугуйланд хамрагддаг байжээ. Минакши Аммагийн хувьд долоон настайдаа аавынхаа заавар зөвлөгөөгөөр энэ урлагаар хичээллэж эхэлсэн байна.
Охид насанд хүрмэгцээ тулааны урлагаар хичээллэхээ болих ёстой байдаг ч Минакшиг аав нь дэмжсэн тул тэр зогсоогүй.
Түүний сурдаг байсан Кадатанадам Калари Сангам сургуульд жил бүр 150-160 хүүхэд тулааны урлагаар хичээллэдэг байв. Минакши Аммагийн хувьд төрөлх сургуульдаа 56 жил багшилж байна. Олон жилийн туршлагатай багш хүний хувьд тэрбээр зөвхөн илд гэлтгүй тулааны урлагийн бүх л зэвсгийг гаргууд эзэмшиж сурсан. Мэргэжлийн хүмүүс хүртэл бүх зэвсгийг эзэмшиж чаддаггүй.
Анх илдийн урлагийг түүнд заасан багшийг Рагаван гэх бөгөөд тэрбээр 17 настайдаа багштайгаа гэрлэсэн байдаг. Нийгмийн гарал үүслээсээ болоод сургуульд сурч боловсрол эзэмших амаргүй байсан тул Рагаван 15 настайдаа ах дүүстэйгээ тулааны урлагийн сургуулиа анх нээж байв. Рагаван 2007 онд нас барснаар Минакши Амма түүний үүсгэн байгуулсан Кадатанадам Калари Сангам сургуулийг удирдах болсон юм.
Дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хүүхэд залуус уг сургуулийг зорин ирдэг. Гэрлэснээсээ хойш тэд хамтдаа олон зуун хүүхдийг Энэтхэгийн тулааны урлагт үнэ төлбөргүй сургасан. Ядуу гэр бүлийн олон ч хүүхэд тэднийг зорин ирж, багшид талархлын мөнгө төдийхөн л өгдөг байжээ.
Минакшигийн дөрвөн хүүхэд дөрвүүлээ зургаан наснаасаа аав ээжийнхээ нэгэн адил мөн л уламжлалт илдийн урлагаар хичээллэжээ.
Том хүү Санжеев нь өдгөө 62 настай бөгөөд багшилдаг. Хүү нь ээжийнхээ тухай ярихдаа "Ээжээсээ энэ бүхнийг өвлөн авсандаа би азтай. Гэхдээ ээжийн хүү байлаа гээд давуу тал хүртэнэ гэсэн үг биш. Ээж одоо ч миний хамгийн том өрсөлдөгч" гэжээ. Санжеев хэзээ нэгэн өдөр аав, ээжийнхээ үйл хэргийг өвлүүлэн, сургуулийнхаа үйл ажиллагааг хариуцан үлдэх нь дамжиггүй.
Минакши хэдий 82 нас хүрсэн ч тэтгэвэртээ гарах бодолгүй байна. Эцсийн мөч хүртлээ илдийн урлагаар хичээллэсээр байх болно гэж тэр ярьдаг.
3000 жилийн түүхтэй энэ урлаг нь бие хамгаалах чадвараас гадна хувь хүний сахилга бат, тэвчээр хатуужилд нөлөөлдөг. Зарим сурвалж бичигт Калари тулааны урлагийг 5000 жилийн настай ч гэж бичсэн байдаг. Европын түрэмгийлэгчид Энэтхэгт буу барин ирсэн эрт цагт эл урлаг хэсэг мартагдаж, хоригт оржээ. Гэхдээ 20 дугаар зууны эхэн үед дахин сэргэж эхэлсэн байна.
Тэрбээр сургуульдаа багшлахаас гадна бусад хотоор үе үе тойрч, үзүүлбэр тоглолтоо тавьдаг. Өглөөний таван цагаас эхлээд ангитай байдаг тул түүний нэг өдөр маш завгүй өнгөрдөг аж. Тэр өдөрт 50 орчим хүүхдэд хичээл ордог. Каларипаяатту урлагийн мастер болоход ойролцоогоор таван жил зарцуулна. Аммагийн шавь нар Энэтхэгийн олон ч мужид илдийн урлагийн сургуулиа нээсэн нь түүний бахархал юм.
Минакши 75 жилийн өмнө анх тулааны урлагаар хичээллэж байсан өдрүүдээ дурсахдаа "Би долоон настай, бүжиглэх дуртай хүүхэд байлаа. Энэ урлаг яг л бүжгийн нэгэн адил хүнээс уян хатан байдлыг шаарддаг" гэсэн юм.
Зөвхөн тулааны урлаг гэлтгүй түүний идэвхтэй амьдралын хэв маяг, оршихуй нь л олон хүнд урам дэм болдог. Нутаг орондоо сайн нэртэй учир шагнал гардуулах ёслол зэрэгт түүнийг урьж оролцуулах нь бий.
Биеэ хамгаалж чаддаг байх нь орчин үеийн залуу эмэгтэйчүүдэд нэн чухал болсныг тэр онцолдог. Энэтхэгийн Гэмт хэргийн бүртгэлийн үндэсний товчооны мэдээлснээр сүүлийн 10 жилд эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийн тоо тасралтгүй өсчээ. Тухайлбал, 2022 онд бүртгэгдсэн зургаан сая орчим гэмт хэргийн 445 мянга гаруй нь эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг байв. Энэ нь 2016 оноос 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт аж.
Минакши энэ талаар ярихдаа "Каларипаяатту урлаг нь оюун санааны хүч чадал, өөртөө итгэх итгэлийг бий болгодог. Мөн охидод итгэл найдвар, эрх мэдэл өгдөг. Эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг хаа сайгүй нэмэгдэж байгаа тул бага насны охидыг бие хамгаалах арга техникт сургах нь чухал. Энэ бол зүгээр нэг ур чадвар биш, амьд үлдэхэд зайлшгүй шаардагдах хүчин зүйл" гэсэн юм.
0 сэтгэгдэл