Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.05.21/ танилцууллаа.
"20 минутын хот" Үндэсний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэн:
-Гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих чиглэл өглөө. Бид нэгдүгээрт, олон жил яригдсан хот төлөвлөлтийнхөө асуудлыг УИХ-д өргөн барьж, хэлэлцэж байгаа. Мөн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай хамтад нь уялдаатай хэлэлцүүлэх үүднээс 2025 оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсныг нэг жилээр хойшлуулсан.
Эхлээд төлөвлөлтүүдээ анхнаас нь уялдаатай сайн хийснээр дараа дараагийн ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх боломжтой болно.
Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг 2025 оны зургадугаар сарын 19-нд нээнэ. Энэ ажлыг ямар нэгэн гацаа саадгүйгээр 22 сард багтаан хийхээр төлөвлөсөн. Энэ зун Туулын хурдны замын барилгын ажлын нэлээд хувийг нь гүйцэтгэнэ. Туулын хурдны зам, тойрог замын бүтээн байгуулалтыг хийснээр урьдчилсан тооцооллоор нийслэл хотын түгжрэл 50 хүртэлх хувиар буурна. Түгжрэлийг бууруулах ажлыг ганцхан зун хийж амжихгүй. Энэ хоёр төслийг хэлэлцэж, шийдвэр гаргаад явж байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Номин:
-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Алсын хараа-2050 хөтөлбөр дээр хэрэгжүүлэх, эдийн засгийг солонгоруулах, аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох, цаашлаад Монголд дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үүнтэй уялдуулан 2023-2028 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Энэ хүрээндээ бид ажлаа эрчимжүүлж, аялал жуулчлалын салбар дахь аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэх зорилгоор Засгийн газраас тогтоол гаргалаа.
Ингэснээр аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг бий болгох суурийг тавьсан. Зургаан жил хүртэлх хугацаанд зургаан хувийн хүүтэй зээл гаргахаар боллоо.
Засгийн газраас аялал жуулчлалын салбарт зөвлөх үйлчилгээ өгдөг "Бостон консалтинг" групптэй өнгөрсөн жилээс хамтран ажиллаж, аялал жуулчлалын салбарын нөхцөл байдал, судалгааг гарган, 2030 он хүртэлх стратегиа тодорхойлсон. Монгол Улс 2030 он гэхэд хоёр сая гадаад жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна. Ингэснээр улсын ДНБ-ий 10 хувийг энэ салбараас бүрдүүлж, олон улсын зах зээлийг Монголд төвлөрүүлэх боломжийг бий болгоно гэж харж байна. Буцаад энэ салбарт 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзсэн. Төрөөс онгоцны нислэгийн тоог нэмэгдүүлэх, хот хоорондын дэд бүтцийг сайжруулах ажлыг хийнэ. Нөгөө талдаа жуулчдыг Монголд ирээд ая тухтай байх, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих ажлыг хувийн хэвшлээс хийх нь зүйтэй гэж үзсэн. Бид олон улсын зөвлөх үйлчилгээний зөвлөмжид тулгуурлан илүү зочлох үйлчилгээний салбарт буюу байрших үйлчилгээнд боловсон ариун цэврийн байгууламж байгуулах, жуулчны баазууд дөрвөн улирал ажиллах боломжтой болох юм. Хувийн хэвшлээс ойролцоогоор 4 их наяд төгрөгийн зээл гарч байж энэ хөрөнгө оруулалтыг бий болгоно.
Энэ жилдээ өөрийн төсөвт батлагдсан дүнд суурилах бол цаашдаа тогтвортой тав орчим жилийн хугацаанд үргэлжилснээр салбарын хөгжилд нөлөөлөх хөтөлбөр болно. Ингэж чадвал Монголын аялал жуулчлалын салбарт 600 мянган жуулчинг шууд нэмэх боломжтой.
Үүнээс гадна нэг тэрбум ам.долларын эргэлтийг нэмж, нэг доллар тутамд зургаа орчим ам.долларын эдийн засгийн эргэлтийг бий болгох судалгаа гарсан. Бид жилд 16 хувийн жуулчны тоон өсөлттэй байснаар 2030 онд хоёр сая жуулчин хүлээн авах боломж бүрдэнэ. Үүнийгээ дагаад аялал жуулчлалын салбарт дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүдэд зургаан хувийн хөнгөлөлттэй зээлийг олгоно. Арилжааны банкуудтай хамтран ярилцаж, шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийг олгоно. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Тавдугаар сарын 29-нд Аялал жуулчлалын хөгжлийн төвийг нээнэ. Энэ төв дээр зээлийн ерөнхий мэдээллийг танилцуулж, зургадугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Бид ойролцоогоор энэ жил 200 тэрбум төгрөгийн зээлийг гаргана.
3,576.26






















































Холбоотой мэдээ