НЭМЭЛТ:
ХҮН намын Төлөөлөх зөвлөл өнөөдөр 17:00 цагт хуралдахаар болжээ. Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд ХҮН нам багтаж орсон. Иймээс хамтарсан Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах эсэх, үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх юм. Тус намын дарга Т.Доржханд "Хамтарсан Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах шаардлага байгаа" гэдэг тайлбарыг хийж буй. Мөн "Намынхаа бодлогыг сөрсөн үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Золжаргалд хариуцлага тооцно" гэж мэдэгдээд буй.
МАН, АН хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ
МАН өнөөдөр 15:00 цагт Бага хурлаа хийх бол Ардчилсан намын Улс төрийн зөвлөл мөн хуралдаж мэдэхээр байгаа. Дээрх хуралдаануудаар намууд хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх тухай хэлэлцэх юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалаас үүдэлтэйгээр олон нийт хөрөнгө орлогоо нотлохыг шаардсан. Засгийн газрын тэргүүн эл асуудалд хэд хоногийн дараа тайлбар хийсэн ч хангалттай мэдээллийг өгч чадаагүй. Улмаар энэ асуудалд Засгийн газарт хамтарсан улс төрийн намуудын гишүүд шүүмжлэлтэй хандсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлыг зарлан хуралдуулах санал гаргасныг гишүүд нь дэмжсэн. Ингэхдээ тус хурлаар хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх дээр Удирдах зөвлөл болон Бага хурлын гишүүдийнхээ шийдвэрийг дагах болж байгаа юм.
Ардчилсан намын Улс төрийн зөвлөл ч мөн хамтарсан Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах эсэхээ хэлэлцэн шийдвэрлэнэ. Тус нам өчигдөр Улс төрийн бодлогын зөвлөлөө өнөөдөр хуралдуулах зар тараасан ч дараа нь цуцалсан. Өнөөдөр дахин тов зарлах болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Гэхдээ МАН-ын Бага хурлаас тодорхой шийдвэр гарсны дараа Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж магадгүй гэх хүлээлт ч үүсээд байна.
3,595.11















































