УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.20/ хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Төрийн албан хаагч нарын орон тоог 10 хувиар бууруулахын оронд алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад цомхотгол хийх шаардлагатай” гэлээ.
Энэ талаар тэрбээр “Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж байна. Зөвхөн энэ ажлын хэсэгт орсон гишүүдээс тав нь түр орлон гүйцэтгэгч. Төрийн албаны шинэчлэл гэдгээ та бүхэн юу гэж харж байна вэ. Төрийн албан хаагчийг 10 хувиар бууруулна гэнэ. Мөрөөрөө ажлаа хийж байгаа, ажлынхаа ачаалалд дарагдсан төрийн албан хаагчдаас хэнийг нь цомхотгох гээд байгаа юм бэ. Харин тэр төрийн албаны ангилалд ордоггүй, 5-6 төрийн албан хаагчийн цалинг авч байгаа төрийн өмчит компани дээрх хэрэггүй орон тоог цөөрүүлье гэж оруулж ирэх ёстой юм биш үү . Сарын 1.2 сая төгрөгийн цалин авч байгаа төрийн албан хаагчийг 10 хувиар цомхотгохоор оруулж ирсэн нь ямар хэрэгтэй юм бэ. Төрийн өмчит компаниуд бөөн алдагдалтай ажиллаж байж БЭТ томилоод байдаг. Ингээд яваад байх юм уу. Ялгаагүй л татвар төлөгчийн халааснаас л гарч байгаа шүү дээ. Хамтарсан засгийн газрыг байгуулан ажилласнаас хойш төрийн өмчит компани дээр орон тоо хэдээр нэмэгдээд байна вэ. Хариулт өг” гэв.
Дээрх асуултад хариулт өгөх албаны хүн олдохгүй, асуудлыг нь хойшлуулах юм уу яах юм гэхчлэн “үглэсэн”-д ажлын хэсэгт багтсан гишүүн хариулт өгөв. Тэрбээр Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулахтай холбоотойгоор төрийн өмчит компаниудад шинэчлэл хийгээд явж айна. “Эрдэнэс Монгол”, “Эрчист Монгол” компаниуд дээр эхний ажил хийгдээд эхэлсэн. Нийт 99 байгууллагын цэвэр ашгийг нэмэгдүүлж, алдагдлыг бууруулах, бүтээмжийн сайжруулалт хийхээр тусгагдаад явж байна гэв.
Г.ХОРОЛ
3,595.72





















































Холбоотой мэдээ