"Дээд гурил ямар үнэтэй вэ", "Таван килограмм гурил авья" гэх ганц нэг хүн гурил, будааны тасгаар үйлчлүүлнэ. Зарим нь ганц нэг килограмм цаасан ууттай гурил худалдан авна. Гурилын үнэ, нийлүүлэлт ямар байгааг сурвалжлахаар “Бөмбөгөр” худалдааны төвөөр орлоо.
Худалдаачдын зүгээс Цагаан сарын баяраас хойш гурилын үнэ огт нэмэгдээгүй, тогтвортой байгаа гэдгийг хэлж байв.
Худалдаа эрхлэгч Э.Мөнхчимэг Дарханы "Өег" болон "Атар", "Улаанбаатар гурил" ХХК, "Алтан тариа" ХХК гэсэн дотоодын дөрвөн үйлдвэрийн гурилаас гадна "Мука", "Алейка" зэрэг ганц нэг орос гурил зарж байлаа.

Тэрбээр "Иргэд ихэвчлэн килограммаар савласан гурил худалдан авдаг. Баяр ёслолын үеэр л шуудай гурил авах нь нэмэгддэг. Импортын гурил ОХУ-аас цөөн орж ирдэг ч сүүлийн үед тасарсан. Шалтгааныг нь сайн мэдэхгүй байна. Хүмүүс дотоодын үйлдвэрийн гурилаа ихэвчлэн худалдан авдаг. Цагаан сарын үеэр үнэ хямд орос гурил худалдан авах нь бага зэрэг нэмэгдсэн. Бусад үед борлуулалт нь буурсан" гэв.
"Бөмбөгөр" худалдааны төвд "Алтан тариа" ХХК-ийн нэгдүгээр гурил килограмм нь 2200, хоёрдугаар гурил нь 1200, "Улаанбаатар гурил" ХХК-ийн нэгдүгээр гурил килограмм нь 3000, хоёрдугаар гурил нь 2400 төгрөгийн үнэтэй зарж байна. "Хурх" брэндийн гурил хамгийн үнэтэй буюу килограмм нь 2700-4000 төгрөгийн үнэтэй байлаа.
Харин "Алтан тариа" ХХК-ийн 25 кг дээд гурил 70 мянга, "Улаанбаатар гурил" ХХК-ийн 25 кг дээд гурил 75 мянга, "Хурх" брэндийн 25 кг дээд гурил 90-95 мянга, "Дорнод гурил" ХХК-ийн 25 кг гурил 75 мянган төгрөгийн үнэтэй зарж байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр талх, гурил, будааны бүлгийн үнэ 3.9 хувиар өсөхөд талх, нарийн боовны үнэ 5.9 хувиар, гоймонгийн үнэ 19.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Нэгдүгээр зэргийн гурилын дундаж үнэ 2025 оны дөрөвдүгээр сард 2229 төгрөг болж, 2023 оны дөрөвдүгээр сараас нэг хувь, 2024 оны дөрөвдүгээр сараас 9.1 хувиар буурч, өмнөх сараас 0.4 хувиар /8 төгрөгөөр/ өссөн байна.
Хүнсээ цуглуулж явсан иргэн Р.Цогзолмаа "Гурилын үнэ эрс нэмэгдсэн зүйл ажиглагдсангүй ээ. Манайх дотоодын үйлдвэрийн гурил байнга худалдан авдаг. Сардаа нэг хүнсээ цуглуулахдаа 5-10 кг гурил худалдан авдаг" гэсэн юм.
Худалдаа эрхлэгч эмэгтэй "Гурилын үнэ өөрчлөгдөөгүй. Нэг килограмм гурилыг 2000-2500 төгрөгөөр зарж байна. Иргэд ихэвчлэн дотоодын үйлдвэрийн гурил буюу "Улаанбаатар гурил" ХХК-ийн гурил худалдан авдаг. Импортоор орос гурил орж ирсэн ч чанаргүй байна. Дээд гурил нь 2500 төгрөгийн үнэтэй хямд мөртлөө хүмүүс нэг их худалдан авдаггүй. Цагаан сарын өмнө орос гурил багахан орж ирсэн. Тэрнээс хойш нэмж орж ирсэн юм уу" гэв.

"Хямд гээд Оросоос гурил авч байна. Ингэхээр үндэсний үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдаад байна. Ийм байдлаар удахгүй дотоодын үйлдвэрлэл байхгүй болох нь" гэдгийг салбарын сайд нь хэлж буй.
Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар Гаалийн албан татварыг чөлөөлөх хууль хүчингүй болсонд тооцох тухай буюу импортын гурилд ногдуулах 15 хувийн татварын зохицуулалтыг сэргээх асуудлыг хэлэлцсэн. Дээрх хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох саналыг гишүүдийн олонх дэмжээгүй. Ингэснээр импортын гурил, улаанбуудай татваргүй орж ирэх асуудал хэвээр үлдсэн юм. Энэ асуудалд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр байр сууриа илэрхийлэхдээ "Монгол Улсын төрийн тэргүүн УИХ-аар батлагдсан хуульд хориг тавих Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. УИХ-ын гаргасан энэ шийдвэрт хориг тавина гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Бейсен өнгөрсөн сард мэдээлэл хийхдээ /2025.04.24/ "Цар тахлын үед тариалан эрхлэгчдэд хөнгөлөлт үзүүлж, татвар болон эрчим хүчний татвар хураамжаас чөлөөлсөн хэдий ч гурилны үнэ нэмэгдсэн.
Өнгөрсөн жил 101 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зургаахан гурилын үйлдвэр авсан байдаг. Тийм учраас энэ асуудлыг анхааралдаа авч үзэх ёстой.
Бүсчилж тариалалт хийх асуудалд анхаармаар байна. Увс аймгийн гурилын үйлдвэрийг дэмжих хэрэгтэй. Одоо гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд гурилын үнэ дахин нэмэгдэх магадлалтай байна. Тиймээс гурилын үнийг бүрэн хаах бус квот тогтоох эсвэл үнийг нь барих хэрэгтэй. Нэг тонн үрийн буудай 1600-1800 төгрөгийн хооронд байгаа бол бодит байдал дээр гурилын үнэ нэмэгдэх магадлалтай байна. Засгийн газрын бодлогоо дэмжинэ гэхдээ ялгавартай хандахгүйгээр зээлийг жигд олгох нь зүйтэй" гэдэг байр суурийг илэрхийлж байсан юм.
3,595.38






















































Холбоотой мэдээ