Хятадын хөгжилд Өвөр Монголын эзлэх байр суурь

Хятадын хөгжилд Өвөр Монголын эзлэх байр суурь

Хятадын хөгжилд Өвөр Монголын эзлэх байр суурь

Ази-Номхон далайн орнуудын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригаас Баасан гариг (2025.05.12-05.16) хүртэл Өвөр Монголын өөртөө засах орны бүтээн байгуулалт, аж үйлдвэржилттэй танилцлаа. Эл хүрээнд Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүний салбар хэрхэн өргөжин тэлж, ямар амжилт дагуулсан болохыг Хөх хотын Түмд зүүн хошуу дахь "Yili" орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндийн аж үйлдвэрийн паркт зочилж, мэдэж авсан юм. Хятадын Олон нийтийн дипломат харилцааны нийгэмлэг (CPDA) болон "Global Times Online" хамтран зохион байгуулж буй энэхүү танилцуулах арга хэмжээ нь бүс нутгийн соёл, технологи, эдийн засгийн хөгжил дэвшлийг онцлон тэмдэглэж, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд онцгой анхаарал хандуулж буйг харуулсан.

ЭРЧИМ ХҮЧ БА ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРИЙГ ХАДГАЛАХ ЖИШЭЭ 

Танилцуулах арга хэмжээний нээлтийн ёслол дээр "CPDA"-ийн дарга Ву Хайлонг Өвөр Монголын хөгжил нь Хятадын дэвшилтэд ирээдүйд чухал байр суурь эзэлж буйг онцлон тэмдэглэсэн. Тэрбээр хэлэхдээ, "Өвөр Монгол нь нар, салхи зэрэг ногоон эрчим хүчээрээ дотоодын хэрэгцээнд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Мөн нүүрс, байгалийн ховор элементээр баялаг бөгөөд Хятад улсад уг салбараараа тэргүүлэх байр суурийг эзэлж байна" гэсэн юм. Өвөр Монголыг хөдөө аж ахуй, орчин үеийн соёл иргэншлийн хослол болсон гэж Ву Хайлонг тодорхойлсон.

Тухайлбал, 2024 онд Өвөр Монгол ойролцоогоор 1 тэрбум 297 сая тонн түүхий нүүрс олборлосон нь өмнөх оныхоос 5.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Энэхүү их хэмжээний олборлолтоороо тус бүс нутаг Хятадын нүүрсний салбарт тэргүүлэх байр сууриа хадгалж, Шаньси зэрэг бусад мужийг гүйцэж түрүүлж байна. Мөн тус бүс нутгийн нүүрсний нөөц 536.5 тэрбум тонн гэж тооцогдож байгаа нь Хятадын нийт нөөцийн бараг гуравны нэгийг эзэлж буй.

Өвөр Монгол нь Хятадын сэргээгдэх эрчим хүчний өргөтгөлийн тэргүүн эгнээнд явж байна. 2024 онд тус бүс нутагт 41 гигаватт (ГВт) сэргээгдэх эрчим хүчний шинэ хүчин чадлыг нэмж, дээд амжилтыг тогтоожээ. Мөн оны дөрөвдүгээр сарын байдлаар салхи, нарны эрчим хүчийг нэгтгэсэн устөрөгчийн үйлдвэрлэлийн 39 төслийг баталж, ногоон устөрөгчийг хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн байна.

"Global Energy Monitor"-ийн мэдээлснээр, 2024 онд Өвөр Монголд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд 180 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалт хийжээ.

Уг хөрөнгө оруулалтын хагасыг нь сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд зориулсан тоног төхөөрөмж, дэд бүтцэд зарцуулсан байна.

Ёслолын арга хэмжээний төгсгөлд Ву Хайлонг онцлохдоо, "Цөлжилт, элс шуурга ихтэй, эмзэг экосистемтэй энэ бүс нутаг нь олон жилийн экологийн менежмент, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаар эрс өөрчлөгдөж чадсан гэдэгт бахархаж байна. Дэвшилтэд технологийг цөлжилтийн эсрэг шийдэмгий, үр дүнтэй аргатай хослуулж чадсан нь Өвөр Монголыг экологийн жишээ бүс нутаг , дэлхий нийт үлгэр дуурайлал авахуйц гэж тодорхойлох болсон" гэж Ву Хайлонг хэлсэн юм.

АЗИ ТИВИЙН ХАМГИЙН ТОМ СҮҮНИЙ ҮЙЛДВЭР

Хөх хотын Түмдийн зүүн хошуунд байрлах дэлхийн ухаалаг үйлдвэрлэлийн паркт Ази тивийн хамгийн том сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр бий. Энэхүү үйлдвэр нь Хятадыг сүүн бүтээгдэхүүнээр хангадаг хоёр том үйлдвэрийн нэг юм. Мөн дэлхийн шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эхний тавд ордог байна. Тодруулбал, "Yili" нь Ази, Европ, Америк тив болон далайн бүс нутгийн орнуудад бүтээгдэхүүний экспортолж, өнгөрсөн санхүүгийн жилд 115.78 тэрбум юанийн ашиг орлого олжээ.

Энэхүү үйлдвэр нь 39 улсад 15 "R&D" төв, 81 үйлдвэрлэлийн бааз, 2000 гаруй түнштэй бөгөөд 60 гаруй улс орон, бүс нутагт сүү, сүүн бүтээгдэхүүнээ худалдаалж байна.

Түмдийн хошуунд байрлах төв бааз нь ажилчдын тав тухыг хангаад зогсохгүй хүүхдүүдэд зориулсан талбай, хичээлийн өрөөтэйгөөс гадна тусгай сургалт зохион байгуулах хэсэгтэй. Бүтээгдэхүүнийг савлах, зөөх бүрэн автомат робот, үйлдвэрлэлийн тогтсон хэмжээнд өөрчлөлт орсон эсэхийг хянах хиймэл оюун ухаант систем зэргийг "Yili" ашиглаж буй нь Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүний салбар хэрхэн дэвшилтэт болсныг харуулж байна.

Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр ханган нийлүүлэлтийг сайжруулахын тулд "AI", ухаалаг аж ахуй, автоматжуулсан логистикийг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.

Энэ нь чанарыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж тус үйлдвэрийн төлөөлөгч онцлон тэмдэглэсэн юм.

ХЯТАДЫН СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САЛБАРЫН ХӨГЖИЛ

Хятадын уламжлалт хоол хүнсэнд сүү, сүүн бүтээгдэхүүн төдийлөн чухал байр эзэлдэггүй байжээ. Гэвч 1980-аад оноос хойш нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Энэ үед Хятадын засгийн газар хүний өдөрт авах ёстой кальцийн хэрэгцээг хангах зорилгоор сүү уухыг сурталчилж, уриалах болсон байна.

Ялангуяа бага насны хүүхдүүдэд зориулж "Өдөрт нэг аяга сүү" аяныг өрнүүлэх болсон байна.

Дараа нь 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр сүүний салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дотоодын "Yili", "Mengniu" компани хурдацтай хөгжжээ. 2008 онд болсон меламины дуулиан нь эргэлтийн цэг болсон юм. Хуурамч найрлагатай сүүн тэжээлийн улмаас олон хүүхэд хохирсноор Хятадын засгийн газар чанарын хяналт, стандартыг чангатгаж, сүү үйлдвэрлэлийн аюулгүй байдалд анхаарч эхэлжээ.

Харин 2010 оноос хойш Хятадын засгийн газар сүүний импортоо бууруулж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого явуулах болов.

Хожим засгийн газрын бодлогын үр дүнд тус улсын сүү, сүүн бүтээгдэхүүний салбар цар тахлын үед алдагдалд ороогүй, харин ч үйлдвэрлэл нь нэмэгдсэн байна.  Өдгөө Өвөр Монгол нь Хятадын орчин үеийн дэвшилтэд шинэчлэлийн тэргүүн эгнээнд зогсож байна. Өргөн уудам тал нутаг, стратегийн байршил, хүчтэй бодлогыг ашиглан тус бүс нутаг нь Хятадын сүүний аж үйлдвэрийн гол төв болжээ. "Yili" шиг ухаалаг технологийг ашиглах болсон үйлдвэрүүд уламжлалт хөдөө аж ахуй нь орчин үетэй зэрэгцэн оршиж болохыг харуулж байна гэж Ази-Номхон далайн орны төлөөлөгчдийн зарим нь онцлон дүгнэсэн юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оцгор. 2025-05-20 202.126.91.148

Монголчууд ийг хооллож хувцаслаж байгаа Хан ах
хятад хамаатнуудаа баярлалаа.

Avatar

Зочин 2025-05-20 103.212.116.63

Сайхан үйлдвэр бна . Эндээс цэвэр сүү оруулж ирээсэй . Монголын бүх сүү хуурай сүүгээр найруулсан найраа. Спиртээр архи найруулдаг шиг юм байгаа шүү

Avatar

Зулаа 2025-05-20 223.38.84.188

Малчид маш их шуналтай хулхи болсон гээ биз дэ. ааруулаа хүртэл гурилтай хольж хийдэг сураг сонсогдох юм. арай л юмаа

Avatar

амаргүй хаха 2025-05-20 66.181.182.245

Манай малчид шуналтай, сүү цагаан идээ үнэтэй. Сүүний үйлдвэрүүд хуурай сүүгээр сүү хийж иргэдээ хохироодог, сүү нь гашилдаг гашилдаггүй, сүү тарган дотроос хулгана гарч ирсэн энээ тэрээ гэж чичлээд, иргэдийн амьдрал хэцүү байгаа болохоор хятадаас хямд сүү цагаан идээ оруулж ирье гээд нэг нь балайраасай. Нөгөө хэсэг нь тэрийг нь дэмжээд бүүр эргүүтээсэй. Гурил, мах, төмс, ногоо, талх гээд юу л байна бүгдийг нь гаднаас хямд авая, иргэдийн амьдрал хэцүү байна гээд гишүүд нь мэдрэлээ гайхуулаасай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж