Дөрвөн жилийн өмнө танхимаа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, засгийн тамгыг нутгийн дүүдээ өвлүүлсэн У.Хүрэлсүх өчигдөр Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан гэх албан бус мэдээлэл хэвлэлээр цацагдсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн сүйт бүсгүйдээ авч өгсөн автомашин, ээмэг бөгж болон нисдэг тэрэгтэй Монголын хамгийн үнэтэй амралтын газар гэрлэх саналаа тавьсан зураг нийгмийн сүлжээнд бүүм болж, орлогоо нотлохоос гадна огцрох шаардлагыг тавьсан залуус зургаан өдөр Төрийн ордны гадаа жагсаж байна.
Төрсөн хүүгийнх нь хэт бийлэгжүү тансаглал амьдралаа арай ядан залгуулж, төрийн татвар, дарамтад өртөж яваа залууст шударга бус санагдсан нь лавтай. Тиймээс түүнийг орлогоо нотлож, огцрохыг шаардсан боловч, Ням гаригт цөөн тооны хэвлэлд тэрбээр тодруулга өгөхдөө ард иргэдээ баасны ялаатай зүйрлэсэн нь гал дээр том нэмсэн үг-үйлдэл болсон билээ.
МАН ДАНГААРАА ЗАСГИЙН ГАЗРАА БАЙГУУЛНА
Даваа гаригт МАН-ын бүлгийн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэж, бүлгийн гишүүд нь түүнээс огцрох шаардлага тавьжээ. Гэвч Ерөнхий сайдын зүгээс албан тушаалдаа хэвээр үлдэж, харин АН, ХҮН намын засгаас гаргах тохироо хийх гэсэн боловч намын бүлэг нь хүлээж аваагүй байна. Олонхын бүлгийн гишүүд хувь хүний асуудлаа нам руу оруулж ирж болохгүй гэсэн зарчмын шаардлага тавьсан болохоо УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэвлэлийнхэнд дуулгав.
Угаас хамтарсан засаг байгуулахыг МАН-ынхан анхнаасаа эсэргүүцэж байсан, АН-д ч мөн хамтарсан засгийг эсэргүүцэх хүмүүс ч цөөнгүй байлаа. Л.Оюун-Эрдэнийн засагт АН найман, ХҮН хоёр сайдын суудал авсан.
МАН-ын бүлгийн өчигдрийн уур амьсгалыг харахад дараагийн Засгийн газрыг олонхын бүлэг дангаараа байгуулах тодорхой болсон.
Л.Оюун-Эрдэнийн улаан цээжээрээ хамгаалж, нэр хүнд рүүгээ шавар цацуулсан АН болон ХҮН намын дарга нар өөрсдийг нь замын дундаас мурьж, албан тушаалын төлөө хар амиа бодно гэж бодоогүй биз. Ямар ч байсан тэдний хувьд нам дотроо тун хүнд нөхцөлд орж байгаа нь худлаа биш.
ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХ ХҮН ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ УУ?
Л.Оюун-Эрдэнийн суудал ганхахаас ч түүний сандал суудалд санаархаж байсан хүмүүс бүлэгт нь болон танхимд нь байсан. Гэхдээ УИХ-ын гишүүд У.Хүрэлсүхийг Үндсэн хуульд гар хүрэхгүй гэх амлалт өгөх хүртэл анхааралтай ажигласан байдалтай суув. Ерөнхийлөгчийн байр суурь ил болонгуут АН, ХҮН намын гишүүд залуусын жагсаалд нэгдэж, Л.Оюун-Эрдэнийг огцруулах гарын үсэг зурсан билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэх байр суурийг илэрхийлсэн нь нэг ёсондоо Төрийн ордны гадаа байсан улс төрийг Төрийн ордонд орох замыг зассантай адилхан үйлдэл.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сунгаанд горилогсод болон Ерөнхий сайд болохоор мөрөөдөж суугаа мөн шинэ засагт сайд болох хүсэлтэй хүн болгон жагсаалыг овжин ашиглана гэдгийг номер нэгийн хувьд тооцсон нь тодорхой. Тиймээс ч МАН, АН-ын бүлгийн гишүүдийн дуу чангарч, зарим нь жагсаал дээр очин Л.Оюун-Эрдэнийг огцрохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Л.Оюун-Эрдэнийн оронд шинэ Ерөнхий сайдаар хэн болох вэ гэсэн таамаглал хөвөрч байна. Мэдээж, нэрсийн жагсаалтын тэргүүнд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сонсогдож буй ч үндсэндээ дараагийн Ерөнхийлөгчийн сунгаад МАН-аас өрсөлдөх хүн л шинэ Ерөнхий сайдад нэр дэвшинэ. Нөгөө талаар МАН-д 70-аад оныхон байр сууриа эзлэж, наяад оны дүү нараасаа нам, засгийн бодлогоо авахаар болсон илэрхий уншигдаж байна.
Харин Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүйгээр ийм нэр хүндтэйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх юм бол МАН ялагдах нь баараггүй юм. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялъя гэвэл нүүрээ солихоос өөр аргагүй!
Г.ШАРХҮҮ
3,595.72






















































Холбоотой мэдээ