Монголын оюутны спортын холбооноос 2025 онд спортын 10 төрлөөр оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг гуравдугаар сарын 9-наас тавдугаар сарын 11 -ний хооронд явуулж, дүнгээ гаргалаа. Энэ 2025 оны оюутны УАШТ-ий хөтөлбөрт волейбол, гандбол, жүдо бөх, модон бөмбөг, сагсан бөмбөг 3х3, таеквондо, футзал, чөлөөт бөх, шатар, ширээний теннисийн спортын төрлүүд орсон.
Арван төрлөөр явагдсан тэмцээний зорилго нь оюутны дунд Универсиадын үзэл санааг дэлгэрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортын арга хэмжээнд өргөнөөр хамруулах, оюутны бие бялдрын хөгжлийг дэмжин, спортын ур чадварыг сайжруулах, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн оюутны зуны Универсиад XXXIII наадамд оролцох Монголын баг тамирчдыг сонгон шалгаруулахад чиглэгдсэн юм.
Тэмцээнд их, дээд сургуулийн аваргын анхан шатны тэмцээнээс шалгарсан 26 их, дээд сургуулийн 1,226 оюутан тамирчид, 150 гаруй багш, дасгалжуулагч нар оролцлоо.

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах 2025 оны 10 төрлийн спортын тэмцээний нэгдсэн дүнг спортын төрөл бүрт эзэлсэн байрыг бага онооны системээр дүгнэн үзэхэд нэгдүгээр байрыг 39 оноотой Монгол Улсын гавьяат багш М.Өсөхбаяр захиралтай Мон-Алтиус дээд сургуулийн баг тамирчид эзэлсэн байна. Хоёрдугаар байрт 50 оноотой доктор, профессор Т.Намнан захиралтай ШУТИС-ийн баг шалгарлаа. Гуравдугаар байрт адил 56 оноогоор хоёр сургуулийн баг шалгарсан боловч олон төрөлд тэргүүн байр эзэлсэн онооны чанарын үзүүлэлтээр шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэг захиралтай Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг тамирчид III байрт шалгарсан байна. Харин дөрөвдүгээр байрт ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Н.Ням-Осор захиралтай ,“Их засаг” олон улсын их сургууль орлоо. Харин айргийн тавдугаар байрыг цагдаагийн хурандаа, доктор, профессор О. Зоригт захиралтай Дотоод хэргийн их сургууль эзэллээ.
Спортын бүх 10 төрөлд баг тамирчдаа идэвхтэй хамруулсан эдгээр таван их дээд сургуулийн удирдлагуудад Монголын оюутны спортын холбооны хүндэт өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалийг гардуулан өглөө.

2025 оны оюутны УАШТ-ий волейбол, жүдо бөх, сагсан бөмбөг 3х3, таеквондо, ширээний теннисийн спортын тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдаас сонгон шалгаруулж, ирэх долдугаар сарын 16-27-нд Герман Улсын Рейн Рур бүс нутагт болох дэлхийн оюутны спортын Универсиад XXXIII наадамд шалгаруулан, оролцуулах эрхийг олгожээ.
Ирэх 2026 онд Биеийн тамир, спортын тухай хуулийн Монгол Улсын оюутны спортын VII наадам болно. Энэхүү наадам нь 2024 оноос эхлэн дэлхийн оюутны Универсиад наадмын жишгийн дагуу хоёр жилд нэг удаа Засгийн газраас зохион байгуулж байна.

Баяр 13 минутын өмнө 202.179.24.249
Сайхан тэмцээнүүд болсон. Баяр хүргэе