Нэгэн хувийн эмнэлэгт, 15 настай охин хандсан байна. Тэрбээр, шээхэд нь зовуурь илэрч тэр нь нэлээд хүндэрсэн учир интернэтээс бэлгийн замын халдварт өвчин байж болзошгүй талаар мэдээлэлтэй болжээ. Ийнхүү эмнэлэгт хандсан байгаа юм. Шинжилгээгээр бэлгийн замын өвчин авсан гэдэг нь батлагдсан байна.
Энэ мэт хүүхдүүд зовуурь илэрсэн үед эмнэлэгт ханддаг. Үүнийн цаана мэргэжлийн эмчид хандаагүй, бэлгийн замын халдварт өвчин туссанаа мэдэхгүй хэдэн мянган хүүхэд байгааг таашгүй. Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх нь нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Эдгээр хүүхдүүдийн дунд тэмбүү, трихомониаз, заг хүйтэн зэрэг бэлгийн замын халдварт өвчин хамгийн их тохиолдож байгаа юм байна.
Тодруулбал, 2024 онд 1775 өсвөр насны хүүхэд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байгаа юм. Үүнээс тэмбүү-642, заг хүйтэн 793, трихомониаз-340 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
2023 онд бэлгийн замын халдварт өвчний 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 1678 тохиолдолыг 15-19 насныхан эзэлж байгаа юм. Тэр дундаа тэмбүү өвчний 4206 тохиолдол бүртгэгдсэнээс 548 тохиолдол нь 15-19 насныхныхан эзэлж байжээ.
Мөн онд Заг хүйтэн өвчний нийт 3579 тохиолдол бүртгэгдсэнээс 820 тохиолдол нь 15-19 насныханы дунд байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт гэж үзжээ. Мөн Трихомониаз өвчний 2437 тохиолдолын 310 тохиолдлыг 15-19 насныханы өвчлөл эзэлж байна.
Түүнчлэн 2023 онд 15-19 хүртэлх насныхны дунд ДОХ өвчний нэг тохиолдол бүртгэгдсэн нь эцэг эх асран хамгаалагчдын хамгийн анхаарал татах асуудал болсныг илтгэж байна.
Өсвөр насны хүүхэд гэж 10-19 хүртэлх насны хүүхдийг хэлнэ. Монгол Улсын хэмжээнд 10-19 насны буюу өсвөр насны 635 мянга гаруй хүүхэд байдаг. Хүүхэд өсвөр насанд хүрэх нь эцэг, эхчүүдийн дунд томоохон сорилт болж, тэдний сэтгэлийг түгшээж буй асуудлын нэг болоод байна. Учир нь энэ үе нь хүүхэд өөрийгөө том хүн болсон гэж мэдрэх, хэн нэгнээс хараат бус байх, олон зүйлийг хийж, туршиж үзэх хүсэлдээ хөтлөгддөг нас байдаг. Энэ үедээ хүүхэд буруу хүнтэй нөхөрлөж элдэв гэмт хэргийн хохирогч болох мөн сэтгэл санаагаар амархан гутрах, нэг бол амархан баярлаж, гомдох гээд сэтгэл зүй нь хүртэл тогтворгүй болж зан төлөвт болоод бие махбодод өөрчлөлт ордог. Нэг үгээр хэлбэл, амьдралынх нь томоохон шилжилтийн үе гэж хэлж болох юм.
Өсвөр насны хүүхдүүдийн хувьд айж, ичих зэргээс үүдэж өвчлөл хүндэрсэн үед эмнэлэгт ханддаг байна. Эмнэлэгт хандсан нийт тохиолдын 60 орчим хувийг охидууд эзэлдэг ажээ. Гэхдээ хүүхдүүдийн хувьд бэлгийн замын халдварт өвчин тусчихлаа гэхээс илүү миний биед ийм зовуурь илэрч байна гэж зовууриа хэлж эмчид ханддаг байна. Өсвөр насны хүүхдүүдийн дунд бэлгийн замын халдварт өвчин нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж буй. Тухайлбал, орчин үед хүүхдүүдийн бэлгийн бойжилт эрт явагддаг болсон.
Өөрөөр хэлбэл, охидын бэлгийн бойжилт 10-12 насанд, хөвгүүдийнх 12-13 насанд эхэлж байгааг эмч нар хэлж байна. Энэ нийгмийн орчин нөхцөл өөрчлөгдөж байгаатай холбоотой аж.
Ерөнхийдөө Монголчуудын эрүүл мэндийн боловсрол дутмаг тэр дундаа нөхөн үржихүйн боловсрол нэлээд муу гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй. Дээрээс нь өвчин ирсэн хойно эмнэлэгт ханддаг монгол хүний хэнэггүй хайхрамжгүй зан нөлөөлж байгаа.
Дөрвөн хүүхэд тутмын нэг нь 14-өөс доош насандаа анх удаа бэлгийн харилцаанд ордог
2023 онд хийсэн нэгэн судалгаанд дурдсанаар, таван сурагч тутмын нэг нь бэлгийн харилцаанд орж үзсэн гэж хариулсан байна. Бэлгийн харилцаанд орсон дөрвөн хүүхэд тутмын нэг нь 14-өөс доош насандаа анх удаа бэлгийн харилцаанд орсон гэж хариулжээ. Хүүхдүүд "манай найз бэлгийн харилцаанд ороод үзчихсэн учраас би бас орж үзмээр санагдсан" гэж хариулдаг байна. Мөн үүний цаана хүсээгүй бэлгийн харилцаа ч бий.
Өсвөр насны хүүхдүүд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдолд тусламж, үйлчилгээг хаанаас авахаа ихэнх тохиолдолд мэдэхгүй өнгөрдөг байна.
Үүний улмаас өвчин хүндрэх, үргүйдэх зэрэг олон төрлийн хор хөнөөл үүсэх эрсдэлтэй байдаг.
Иймээс бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн болон эрсдэлтэй, хүсээгүй бэлгийн хавьталд орсон тохиолдолд харьяа аймаг, дүүргийн болон Эх,нярай эмэгтэйчүүдийн төв, ЭХЭМҮТ-ийн өсвөр үеийн клиник, ХӨСҮТ зэрэг газруудад хандаж тусламж үйлчилгээ авах боломжтой юм.
Хүүхдүүдэд энэ талын боловсрол, мэдээлэл олгох анхан шатны нэгж нь эцэг, эх, сургууль. Гэтэл монголчуудын хувьд хүүхдэдээ энэ төрлийн мэдээлэл олгох нь битгий хэл өөрсдөө нөхөн үржихүйн боловсрол, мэдээлэл дутмаг гэхэд хилсдэхгүй. Мөн хүүхэдтэйгээ чөлөөтэй ярилцдаггүй хаалттай. Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлээр нөхөн үржихүйн мэдээлэл хангалттай олгодоггүй. Тус хичээлийг тусгайлан мэргэжлийн багш заадаггүй.
Тиймээс хүүхдүүд энэ төрлийн мэдээллийг найз нөхдөөсөө болон интернэтээс авдаг байна.
Угтаа бэлгийн замын халдварт өвчин нь бэлгийн идэвхтэй амьдралтай залуучуудын дунд буюу 19-34 насныхан дунд харьцангуй өндөр бүртгэгддэг байсан бол ийнхүү өсвөр насныханд түлхүү илэрч байгаа нь мөн л анхаарах асуудал болоод байна. Энэ тал дээр өөрчлөлт шинэчлэлт шаардлагатай байгааг дээрх тоон мэдээллүүд харуулж байна. Нөхөн үржихүйн мэдээлэл хангалттай байснаар дан ганц бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх бус цаашлаад өсвөр насны охидын жирэмслэлт зэрэг олон асуудлыг шийдэхэд нөлөө үзүүлэх юм.
Холбоотой мэдээ