Модигийн шинэ маневр буюу эргэн ирсэн кастын тогтолцоо

Модигийн шинэ маневр буюу эргэн ирсэн кастын тогтолцоо

Модигийн шинэ маневр буюу эргэн ирсэн кастын тогтолцоо

Энэтхэгийн сая сая хүний өдөр тутмын амьдралын ихэнх хэсэг нь олон мянган жилийн настай хатуу кастын тогтолцоонд захирагддаг. Угтаа бол тус улсын засгийн газар 1950 онд шинэ Үндсэн хуулиа батлахдаа кастын ялгаварлалыг хууль ёсоор хориглосон. Дэлхийн хамгийн олон хүн амтай улсад нийгмийн шатлал байхгүй гэж эрх баригчид нь ч нотолсоор ирсэн билээ.

Гэтэл ерөнхий сайд Нарендра Моди удахгүй болох үндэсний тооллогод кастыг тооцно гэж мэдэгдсэн нь гэнэтийн зүйл болов. Ингэснээр Энэтхэг улс 1931 оноос хойш анх удаа хүн амын тооллогодоо кастыг тооцох гэж байна.

Засгийн газар дөрөвдүгээр сард гаргасан мэдэгдэлдээ "Кастыг тоолох нь манай нийгмийн бүтэц улс төрийн дарамтад орохгүй байх баталгаа болно. Энэ нь нийгэм, эдийн засаг хүчирхэгжих, хөгжил дэвшил саадгүй үргэлжлэх баталгаа юм" гэжээ.

Кастын тооллого 2021 оноос хойш удаа дараа хойшлогдсон аж. Энэ удаад кастын мэдээллийг хэрхэн цуглуулах, хэзээ болох нь тодорхойгүй байна.

Гэвч кастыг тоолсноор эмзэг бүлгүүдийг дэмжих үү, эсвэл хуваагдлыг улам гүнзгийрүүлэх үү гэсэн асуултыг үүсгээд байна. Бүтцийн тэгш бус байдалтай нүүр тулахыг шаарддаг учир кастын тооллого маш маргаантай байдаг. Энэ талаар Энэтхэгийн Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Пунам Мутрежа хэлэхдээ "Өнгөрсөн зуунд кастын мэдээлэл дутмаг байсан нь бид үндсэндээ нүдээ аниад ниссэнтэй адил. Тиймээс ирэх тооллого түүхэн тооллого байх болно" гэжээ.

Энэтхэгийн кастын тогтолцоо нь хинди шашны судар бичгүүдээс улбаатай. Энэ нь хүмүүсийг төрөх үед нь ангилж, нийгэм дэх байр суурь, ямар ажил хийх, хэнтэй гэрлэж болохыг тодорхойлдог тогтолцоо. Өнөөгийн Энэтхэгт хинди шашинтай бус олон хүн өөрсдийгөө тодорхой кастад багтдаг гэж үздэг.

Энэтхэгийн нийгэмд хэд хэдэн үндсэн каст байдаг бөгөөд тэдгээрийн дотор мянга мянган дэд каст бий. Оргилд нь брахминууд буюу эрдэмтэн, лам хүмүүс байх бол хамгийн доод кастад гадуурхагдсан уугуул энэтхэгчүүд, бохир ажил хийхэд зориулагдсан далитууд багтана. Зарим тохиолдолд доод кастынхныг дээд кастын гэр орон, сүм хийдэд орохыг хориглож, тусдаа сав суулганд идэж, уухыг албаддаг байв.

Энэтхэг улс 1947 онд Их Британиас тусгаар тогтнолоо олж авсныхаа дараа кастын тооллогоос ухамсартайгаар холдсон гэдэг. Гэвч бодит байдал дээр тийм зүйл болоогүй. Цаг хугацааны явцад кастын хуваагдлын хатуу шугам зөөлөрч байгаа ч янз бүрийн судалгаанаас үзэхэд кастын зөрүү байсаар байна. Өнөөдөр хамгийн эмзэг бүлгийн кастууд бичиг үсэг тайлагдаагүй, хоол тэжээлийн дутагдалтай, нийгмийн үйлчилгээ бага авдаг хэвээр байна.

Энэтхэгийн хүний ​​хөгжлийн судалгааг харвал нийт гэрлэлтийн ердөө таван хувь нь каст хоорондын гэрлэлт байна. Үндсэндээ энэтхэгчүүд ихэвчлэн өөртэйгөө ижил кастын хүнтэй л гэрлэж байна гэсэн үг. Энэ ялгаатай байдал найз нөхөд, ажлын орчин, нийгмийн бусад орон зайд ч байдаг.

Тиймээс кастын тооллого дахин зохион байгуулах нь шаардлагатай бүлэгт холбооны засгийн газрын тусламжийг хүргэх, нөөцийг дахин хуваарилах зэрэг давуу талтай гэж үзэж байна.

Ядуус, залуус, эмэгтэйчүүд, тариачид гэсэн дөрвөн том кастыг дэмжих нь улс орны хөгжилд тустай гэж ерөнхий сайд Нарендра Моди өмнө нь мэдэгдэж байв. Гэхдээ 2024 оны сонгуулийн үеэр нийгмийн доод давхаргын кастуудын дунд бухимдал нэмэгдсэн нь сөрөг хүчнийг хүчирхэгжүүлсэн. Моди гурав дахь удаагаа сонгогдсон ч түүний Бхаратия Жаната нам парламентад олонх болж чадаагүй нь үүний үр дүн юм.

Өдгөө тэр кастыг эргүүлэн авчрахаар чармайж буй нь удахгүй болох сонгуулийн өмнөх улс төрийн маневр гэж үзэж байна. Тамил Наду муж улсын ерөнхий сайд, Модиг шүүмжлэгч М.К.Сталин "Цаг хугацаа нь санамсаргүй тохиолдол биш" гэж жиргэжээ.

Бихар мужид 2023 онд явуулсан кастын судалгаагаар, тооцоолж байснаас хамаагүй олон хүн нийгмийн гадуурхагдсан кастуудад хамаарч байгааг тогтоожээ. Өөр бусад мужид ч энэ төрлийн судалгаа явуулсан. Гэхдээ эдгээр нь ил тод байдал, зорилгын хувьд харилцан адилгүй, зарим нь зөвхөн улс төрийн өнцгөөс хийгдсэн байсныг засгийн газар мэдэгджээ.

Энэ удаад кастын тооллого хийх болсныг сөрөг хүчний нам сайшаан тэмдэглэж, Моди бидний шахалтын өмнө бөхийлөө гэсэн юм. Харин Бхаратия Жаната нам тэднийг эсрэгцсэн мэдэгдэл хийж, "Сөрөг хүчин кастын тооллогыг үл тоомсорлож, өөрсдийн ашиг сонирхлын үүднээс асуудлыг улс төржүүлсэн" гэжээ.

Өмнөх засгийн газар 2011 онд үндэсний хэмжээнд кастын судалгаа явуулсан ч үр дүнг нь олон нийтэд мэдээлээгүй. Энэ удаагийн хүн амын тооллогод кастын тооцоог нэмснээр өнгөрсөн зуунд эрх мэдэл, эрх ямбаны тэнцвэр хэрхэн өөрчлөгдсөнийг харуулж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Нэгэн цагт өндөрлөгт тооцогдож байсан кастууд одоо давуу эрхтэйд тооцогдохоо больсон тал ч бий аж. Тийм ч учраас дахин тооллого явуулж, нөөцийн дахин хуваарилалтыг хийх ёстой гэж үзэж байна. Хуучин мэдээлэлд найдалгүйгээр хэнд ямар тусламж хэрэгэтй байгааг тодорхойлох нэг зам нь кастын тооллого болоод байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Каст 2025-05-19 202.9.46.159

Монголд бол хамгийн доод кастанд улныхан, арай гайгүй нь ялаанууд. Дээд кастад МАН-ын дарга ангийнхан байдаг.

Avatar

зочин 2025-05-19 192.82.66.30

кастын сиитемийг халсан гэдэг нь шал худлаа болохын нотолгоо болсон байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж