Ерөнхий сайдын суудал "ганхаж" эхэлсэнтэй холбоотойгоор МАН дотор марафон ширүүсчээ. Л.Оюун-Эрдэнийн суудлыг олон хүн их эртнээс мөрөөдөж, сэм өөртөө бэлдэж ирсэн байдаг. Ингээд шинэ Ерөнхий сайдад хэн хэн горилж, МАН-ын байраар гүйх болсныг тоймлон хүргэе.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд 2012 онд нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн бол 2015 онд Шадар сайдын зөвлөх болжээ. МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдаж, сөрөг хүчний болсны дараа буюу 2015 онд Засгийн газарт богино хугацаанд хамтран ажилласан. Энэ зурвас үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шадар сайдын алба хашсан бөгөөд Н.Учрал зөвлөхөөр нь ажилласан байдаг.
Харин 2016 онд УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөнөөр ялалт байгуулж, парламентын гишүүн болсон бол 2020 оны УИХ-ын сонгуульд ч мөн тус дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөнөөр хамгийн олон буюу 50 мянга гаруй сонгогчийн саналаар нэгээр гарч байв.
Харин 2024 оны УИХ-ын сонгуулиар тойргоо сольж, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн. Учир нь тэрбээр Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 онд танхимаа байгуулсныхаа дараа Цахим хөгжил харилцаа холбооны яамыг байгуулж, Н.Учралыг сайдаар нь томилсон. Тэрбээр сайдаар томилогдох үедээ төрийн үйлчилгээг хүнээс хамаарал багатай болгоход технологийн дэвшлийг ашиглах болно гэдгээ мэдэгдэж байв.
Өнгөрсөн жилүүдэд төрийн мэдээллийг цахимжуулах, И-Монголиа платформыг өргөжүүлж, иргэдэд хүндрэл багатайгаар төрийн үйлчилгээг явуулах гээд олон чухал ажлыг Н.Учрал хийсэн. Тэрбээр одоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга буюу Л.Оюун-Эрдэнийн гал тогоог барьж буй. Н.Учралыг улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн хүн гэж ярилцдаг. Хамтарсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын ажлаа авсан даруйдаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг "Орона майнинг" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийг ахалж ажилласан юм.
Шадар сайд С.Амарсайхан:

Ерөнхий сайдад горилогч улстөрчийн нэг бол Шадар сайд С.Амарсайхан. Тэрбээр улс төрийн замналаа 2012 онд нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөс эхэлж байжээ. Хоёр ч удаа НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан түүнийг хотын дарга болохоос нь өмнө олон нийт төдийлөн мэддэггүй байв. Улмаар 2018 онд нийслэлийн ИТХ-ын дарга, 2019 оны хоёрдугаар сард нийслэлийн Засаг даргаар хэл амтай сонгогдож, нийслэлчүүд түүнийг таньдаг, мэддэг болсон.
Учир нь, хотын даргын суудалд очмогцоо л нийслэлийн ногоон байгууламжийг хядсан, халдсан гэх эсэргүүцэл, шүүмжлэлд ихээр өртсөн юм.
Хотын даргаар хоёр жил ажиллах хугацаандаа багагүй хэл ам дагуулсан тэрбээр хамгийн сүүлд 3,2 тэрбум төгрөгөөр Сүхбаатарын талбайн урд усан оргилуур барьж, УИХ-ын гишүүн болж дэвшсэн. Усан оргилуур багагүй хэл ам дагуулсан ч ашиглалтад оруулсан. Түүний гавьяа байгуулсан нэг ажил бол Налайхын зам. Олон жил засвар хийгээгүй энэ замын бүтээн байгуулалтын автор нь С.Амарсайхан. Түүний хувьд хамгийн олон гадаад хэлтэй нь Шадар сайд С.Амарсайхан аж. Түүний намтартаа бичсэнээр тэрбээр англи, орос, хятад хэлтэй гэнэ.
Сангийн сайд Б.Жавхлан:

Цар тахлаас хойш эдийн засгаа өсөлтөд хүргэх, төсөв батлах гээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын олон гавьяаны эзэн бол Сангийн сайд Б.Жавхлан. Улс төрийн хувьд Б.Жавхлан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ч дэмжлэгтэй нэгэн гэгддэг. Дархан-Уул аймгаас хоёр дахь удаагаа сонгогдож, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байгаа тэрбээр банкны салбараар мэргэшсэн улстөрч.
Ажлын гараагаа Монголбанкнаас эхэлж, банкны салбарт 1997 оноос хойш ажилласан учраас энэ танхим дотроо эдийн засаг, банкираар мэргэшсэн хүн гэж түүнийг тодорхойлж болно. Тиймээс ч Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа бүрдүүлэхдээ төсөв, санхүүгийн асуудлаа түүнд даатгасан нь учиртай.
Анх түүнийг улстөрд хөтөлсөн, нутгийн дүүгээ банкны салбараас улс төрд “урвуулсан” хүн нь У.Хүрэлсүх гэдэг. Түүгээр зогсохгүй тэр УИХ-ын дарга Г.Занданшатартай тун ойр. Харин энэ цаг үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “гал хамгаалагч”. Тиймээс түүнийг төрийн гурван өндөрлөгийн “холбогч” гэж болно. Үеийн үед төрийн гурван өндөрлөг нь нэг зүгт харах, тэднийг хооронд нь холбох бүлэг фракц, улстөрч байсаар ирсэн ч энэ удаад Б.Жавхланг амаргүй цаг үед маш сайн “холбогч” хийж байгааг улс төрийн хүрээнийхэн мэддэг, ярьдаг.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын гадаад бодлого сэргэж, төрийн том айлчлал хийж, улсдаа ч түүхэн айлчлалуудыг хийж чадсан гавьяа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийнх. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн. Тиймээс ч Ерөнхийлөгчид гадаад бодлогоо өөрийн хүнээр зангидуулж, бодлогоо үргэлжлүүлэх хүсэл байгаа юм. Түүний хувьд 2010-2011 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан бол 2011-2012 онд МАН-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх, 2016-2020 онд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд, 2021 оны нэгдүгээр сараас Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж байна.
ЕТГ-ын дарга Г.Занданшатар:

Улс төрийн карьераа 1998 онд одоогийн МАН-д элссэнээр эхлүүлж, намын дэргэдэх залуучуудын байгууллагад ажиллаж байгаад 2004 оны УИХ-ын сонгуулийн долдугаар тойрогт өрсөлдсөнөөр анхны ялалтаа байгуулжээ. Харин 2016 оны УИХ-ын сонгууль гурав дахь удаагийн ялалт нь болсон байна. Тэрбээр сүүлд 2024 оны УИХ-ын сонгуульд нэгдүгээр тойргоос нэр дэвшсэн боловч иргэдийн итгэлийг хүлээж, сонгогдож чадаагүй юм. Тэрбээр одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед У.Хүрэлсүхийн танхимд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүтгүүлэх магадлалтай улстөрчийн нэг бол Ж.Энхбаяр. МАН-аас дөрөв дэх удаагаа нэр дэвшиж сонгогдсон түшээ бол Жадамбын Энхбаяр. Батлан Хамгаалахын Сайд, генерал Ш.Жадамба агсны хүү Энхбаяр гэдгээр нь улс төрийн хүрээнд илүү сайн мэднэ. Сайн эцгийн буянаар тэр улстөрд нөлөөтэй болж, МАН-ын залуу үеийн түүчээ хэмээн үнэлүүлдэг нэгэн.
Ж.Энхбаяр гишүүний хувьд 2000 оноос хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагаандаа цэг тавьж, намд, төрд орж ирсэн гэдэг. Тэр цагаас тэрбээр даргын албан тушаалд томилогдох болж, 2002 оноос эхлэн Хотын захиргаанд хэлтсийн дарга, дэд дарга хийж байгаад8 Гаалийн ерөнхий газарт орсон гэдэг. Харин 2004 онд анх МАН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшиж, УИХ-д сонгогдож байв.
Төрд ажилласан түүх нь гааль, мэргэжлийн хяналттай холбогддог ч сайн эцгийн нэрийг гурав гэдэг шиг цэргийнхэнд элэгтэй, тэдний асуудалд өндөр ач холбогдол өгдөг генералын хүү Батлан хамгаалах салбарыг толгойлж явсан сүйхээтэй эр. Сүйхээтэй гэсний учир нь тэрбээр төрд ажиллахын хажуугаар газар тариалангийн бизнес эрхэлж, өдгөө Сэлэнгэ аймагт махны чиглэлийн шинэ үүлдрийн үхрийн фирм ажиллуулдаг, жилийн орлого нь 2,4 тэрбумд хүрдэг шаггүй бизнесмен юм.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ганцаарчилсан тоглолт хийдэг, поп нэгэн гэдэг. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд Хууль зүй дотоод хэргийн сайд асан. Одоо түүний УИХ-ын сонгуульд зориулж сөрөг хүчинтэй хийх аян дайн бол газрын наймаа. Түүнийгээ ч зах зухаас нь зарласан. “Газрын асуудалд Улсын ерөнхий прокуророосоо эхлээд Тагнуулын байгууллага нь холбогдсон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчмын газар дээр хүний, өөрийн намгүй найрласан" гэх мэдэгдэл нь ердөө л оршил хэсэг. Нээлттэй сонсголоор халуун юм болно. Үгэнд орохгүй бол чирнэ шүү гэдгийг анхааруулсан дохио.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс ч “Газрын наймаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд эх захаа алдсанаас төлөвлөлтгүй хот босч, өнөөдрийн энэ их түгжрэл, үер, бетонон ширэнгийг бий болгосон” гэж яриад буй нь ийм л учиртай.
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт:

Ховдчуудаас итгэл хүлээж, УИХ-д тав дахь удаагаа сонгогдож буй гишүүн бол С.Бямбацогт. Бизнесийн салбараас улс төрд “урвасан” улстөрчийн нэг. Сонгогдсон тоогоороо бол тэр энэ парламентад туршлагатай нэгэн. Тэрбээр эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.
Хууль зүйн сайд, байнгын хорооны дарга, МАН-ыг цөөнх байхад бүлгийн дарга хийж байсан гээд түүнд улстөрчийн хувьд арвин туршлага бий.
Улс төрд “урвахаас” өмнө тэрбээр бизнесмен байсан бөгөөд "Нью прогресс" компаниа групп болтол нь өргөжүүлж, барилга, зам гээд олон салбарт үйл ажиллагаа явуулдаг байсан нэгэн. Улс төрийн замнал гэвэл тэрбээр 2008 оноос эхлэн тасралтгүй дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэгэн. МАН-ын бүлэг 2012-2016 оны хооронд хүчтэй сөрөг хүчин байхад түүний оруулсан гавьяа их. Бүлгээ зангидаж, сөрөг хүчний үүргээ сайн биелүүлсэн нь 2016 онд МАН олонх нөлөөлсөн гэхэд буруудахгүй болов уу. Эрх баригч АН-ыг, УИХ-ын дарга З.Энхболдыг чуулганаа завсарлуулж, сөрөг хүчинтэй тохиролцоо хийх хүртэл нь сөрж зогссон сөрөг хүчнийг С.Бямбацогт ахалж байсныг одоо ч тодотгох хүмүүс олон бий.
Тэрбээр өмнө нь Хууль зүй дотоод хэргийн сайд болон Зам тээврийн сайдаар ажиллаж байсан бол одоо Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллаж байна.
3,576.26






















































Холбоотой мэдээ