Хэлмэгдүүлэлт үү, их хядлага уу?

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Хэлмэгдүүлэлт үү, их хядлага уу?

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо хамтран “Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан юм. Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэдэг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг  тохиолдуулан хийсэн энэхүү бага хурлыг нээж УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ,”Монгол оронд болж өнгөрсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн гарах болсон шалтгаан нөхцөл, хор уршиг, үр дагавар, хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээхийн ач холбогдол, сургамж, дүгнэлт, улс төрийн талаар төрийн зүгээс иргэдээ хэлмэгдүүлэхгүй, амар тайван аж төрөх нөхцөл бололцоог нь ханган бүрдүүлэх, хэлмэгдүүлэлтээс урьдчилан сэргийлэх, энэ талаар олон нийтэд өргөн дэлгэр ойлголт өгөхөд энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын ач холбогдол оршиж байна” гэдгийг цохон хэлжээ.

“1930-аад онд Монголд болж өнгөрсөн түүхэн үйл явдлын үүх түүхийг судлахдаа, түүх судалгааны арга зүйн хувьд түүхэн үйл явцын өрнөл, болж өнгөрсөн цаг хугацааны орон зайд нь, тухайн үеийн гадаад, дотоод олон талт үйл явдлын үндсэн нөхцөл дээр нь суурилсан баримт сэлтийг цуглуулан эмхэтгэж, түүнд өгсөн үнэлэмжийг өнөөгийн цаг үед хүрч ирсэн эерэг, сөрөг бодит байдалтай нь холбож байж буруу зөвийг дэнслэх учиртай” гэдгийг Үндэсний архивын газрын дарга Д.Өлзийбаатар илтгэлдээ онцолсон байна. Тэрбээр үйл явдлын учир шалтгааны учиг үзүүр, үнэн худлын зааг, объектив, субъектив тал, буруутан нь хэн юм бэ, яагаад цэвэр улс төрийн зорилго дор өрнөсөн их хядлага Монгол оронд болж өнгөрөв гэсэн асуултад үнэлэлт өгөхийг оролджээ.

Хэлмэгдүүлэлт гэдэг монгол нэрийтгэл уг хэрэг явдлын гарал үүслийг ч, шалтгаан учрыг ч, мөн чанарыг ч, уршиг гамшгийг ч бүрэн тодорхойлон гаргахгүй байгааг илтгэгч- зохиолч Л.Пүрэвдорж тэмдэглээд, 1921 оноос 1950-аад оны хооронд Монголд үйлдсэн яргаллыг юу гэж нэрлэх талаар санал бодлоо илэрхийллээ. Илтгэгчид  хэлмэгдүүлэлтийн үеэр баривчилгаа, байцаалт, эрүү шүүлт явуулж байсан арга хэлбэр, төрлүүдийг  нарийвчлан танилцуулахын хамт БНМАУ-ын төрийн эрх барих байгууллага-Улсын Бага Хурал  төдийгүй аюулаас хамгаалах байгууллага, эмэгтэйчүүд  болон зарим ноён хутагт нар хэлмэгдүүлэлтэд хэрхэн өртсөн талаар  түүнчлэн “1932 оны зэвсэгт бослого”, “Лхүмбийн хэрэг” гэгчийн учир шалтгааныг судалсан талаар сонирхолтой илтгэлүүд тавьжээ. Мөн Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Пүрэвбат хэлмэгдүүлэлтийн хор хохирлыг арилгах, залруулах талаар байр сууриа илэрхийлжээ. “Монголын төр иргэдийнхээ эсрэг зохион байгуулалттай аллага үйлдэх үзэгдэл 1922 онд Д.Бодоо нарыг, 1924 онд С.Данзан нарыг хилсээр хороосноор эхэлж, 1933 онд Ж.Лхүмбийн удирдсан хувьсгалын эсэргүү Японы тагнуулын байгууллагын хэрэг гэгчээр гүнзгийрч, П.Гэндэн, Г.Дэмид нарын хувьсгалын эсэргүү бүлгийн хэрэг гэгч олон бүлэг хэргээр өргөжин, 1937-1940 онуудад оргилдоо хүрсэн юм” гэдгийг илтгэгч  МУБИС-ийн багш Ч.Болдбаатар дурдаад “1930-1940 онд тусгай комисс, шүүхийн шийдвэрээр нийтдээ 37.574 хүнийг шийтгэснээс 20.000 гаруй хүнийг цаазаар авч, 5.700 гаруй хүнийг янз  бүрийн хугацаагаар хорих ял ногдуулсан” тухай тоо баримтыг танилцуулсан байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж