Трампийн Ойрхи Дорнод дахь оновчтой тоглолт

Трампийн Ойрхи Дорнод дахь оновчтой тоглолт

Трампийн Ойрхи Дорнод дахь оновчтой тоглолт
Trump met with Qatar's Emir, Sheikh Tamim bin Hamad Al Thani.

Дональд Трампийн Ойрхи Дорнод дахь айлчлал олон тэрбум ам.долларын гэрээ, тэмээтэй парад, Катарын бэлэглэсэн онгоц гээд дуулиантай үргэлжилж байна. Цагаан ордон энэ айлчлалыг Трампийн шилдэг хэлэлцээчин гэдгээ харуулах боломж гэж зарласан билээ.

Трамп хаа ч явсан томоохон өөрчлөлт, үймээн үүсгэж явдаг, энэ нь заримдаа сайхан боломжуудыг ч бий болгодог. Үүний зэрэгцээ Трамп эрсдэлтэй ч ойрхон явдаг. Жишээлбэл, энэ удаагийн айлчлалынхаа үеэр тэр олон жил үргэлжилсэн мөргөлдөөний хөлд сүйдсэн Сирид хоёр дахь боломж олгохын тулд хориг арга хэмжээг нь цуцлах шийдвэр гаргав.

Гэхдээ энэ алхам нь Трампийн гадаад болон худалдааны бодлоготой холбоотой асуултыг дахин сэргээв.

Тэр өөрийн санаа, боломжоо бодит амжилт болгон хувиргаж чадах болов уу? Цагаан ордон Трампийг алдаршуулахад гол анхаарлаа хандуулдаг тул түүний чухал санаачлагууд дуулиан шуугианд дарагдаад өнгөрөх нь ч бий.

Тухайлбал, Катараас хэчнээн тэрбум ам.долларын үнэ бүхий "Боинг" онгоц авах болсон нь түүний Сирийн удирдагч Ахмед аль-Шараатай уулзсанаас илүү америкчуудын анхаарлыг татлаа. Гэтэл Трамп, Ахмед аль-Шараа нарын уулзалт нь хоёр улсын сүүлийн 25 жилийн түүхэнд тэмдэглэгдэх чухал уулзалт болсон юм. Энэ уулзалт магадгүй Трампийн Ойрхи Дорнодын айлчлалын гол шигтээ байж мэднэ.

Башар аль-Ассадыг түлхэн унагахаас өмнөх цаг үед Ахмед аль-Шараа Аль Кайдаг дэмждэг босогчдын бүлгийн удирдагч байв. Тэр бүү хэл Ахмед аль-Шарааг баривчлахад тусалсан хэн бүхэнд АНУ 10 сая ам.долларын шан харамж амлаж байлаа. Гэсэн хэдий ч тэр үе түүх болон хоцорч, Трамп түүнтэй нүүр тулан уулзаад зогсохгүй, Сирийн ард түмний зүрхэнд гал асаасан юм.

ТРАМПИЙН ДИПЛОМАТ АМБИЦ

Трампийн геополитикийн донсолгоо Сириэр дууссангүй. Тэр энэ айлчлалыг ашиглан Иранд цөмийн хөтөлбөрийн хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөх дарамт шахалт үзүүлэв. Татгалзсан тохиолдолд АНУ цэргийн ажиллагаа явуулна гэж анхаарууллаа.

Мөн энэ удаагийн айлчлал Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Трамп хоёрын харилцааг онцлов. Нетаньяхуг түүнтэй үзэл суртал нэг гэж тодорхойлдог. Нөгөөтэйгүүр Нетаньяху Трампийн уур бухимдлыг ихээр барах нь ч бий.

Трампийн баг Катар болон Саудын Арабын албаныхантай хөшигний ард Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямралыг бууруулах талаар хэлэлцсэн. Гэвч Нетаньяху "тулалдахаас өөр сонголтгүй" гэсэн байр сууриар хариу барив. Тэр бүү хэл энхийн хэлэлцээ хийхэд байлцах шаардлагатай Хамасын удирдагчийг онилж, эмнэлгийн байгууламжид цохилт өглөө.

АНУ, Израилийн харилцаа эрсдэлд орсон зүйлгүй боловч зарим нэг тодорхой өөрчлөлтүүд гарчээ. Үүнд, Йемений хуситуудын пуужингийн довтолгоог зогсоох АНУ-ын гэрээ, Газын зурвас дахь барьцааны америк хүнийг суллах хэлэлцээрийг дурдаж болно. Эдгээрийн алинд нь ч Израилийг оролцуулаагүй.

Трамп сүүлийн өдрүүдэд зөвхөн Ойрхи Дорнодод анхаарлаа хандуулсан уу гэвэл үгүй. Тэрбээр дайныг зогсоох хүсэл эрмэлзлээ нотлон Туркийг зорьж, Путин, Зеленский нартай уулзана гэж байсан ч тийм зүйл болсонгүй. Энэ нь түүний энх тайвны санаачлагад эргэлзэгсдийг улам олшруулав.

ХАМГИЙН ТОМ БООЦОО 

Трамп Сирийн эсрэг хориг арга хэмжээг цуцлах болсон нь түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа гаргасан хамгийн чухал шийдвэрүүдийн нэг боллоо. Энэ бол АНУ-ын гадаад бодлогын хувьд хамгийн том бооцоонуудын нэг гэхэд хилсдэхгүй.

Яагаад ийм шийдвэр гаргах болсон нарийн учир шалтгааныг хараахан дэлгээгүй байна. Гэхдээ олон жилийн иргэний дайнд сүйдсэн Сири өдгөө  эргэлтийн цэгтээ ирээд буй. Геополитикийн хувьд чухал байршилд орших Сирийн нөхцөл байдал цаашид улам дордох юм бол илүү эмх замбараагүй байдал үүсч магадгүй гэсэн болгоомжлолын улмаас Трамп энэ шийдвэрийг гаргасан болов уу.

Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ "Сирийг тогтвортой байлгах бодит боломж аль-Шараад байгаа гэж бодож байна" гэжээ.

Сири хэзээ нэгэн цагт Израилийг хүлээн зөвшөөрнө гэдэгт Трамп найдаж байгаа аж. Хэрэв ийм зүйл тохиолдвол удаан хугацааны турш мөргөлдөөн, үзэн ядалтаар дүүрэн байсан бүс нутагт асар том бөгөөд гайхмаар өөрчлөлт гарах болно.

Ерөнхийдөө Трампийн энэ шийдвэр нь Европ болон Ойрхи Дорнодын удирдагчдын ч үзэл санааны тусгал юм. Өөрөөр хэлбэл, Ахмед аль-Шараа Сирид дахин дайн дэгдэхээс сэргийлж чадна гэж тэд үзэж байгаа тул түүний өнгөрсөн түүхийг зориуд мартаж байна.

Шүүмжлэгчид хүртэл энэ шийдвэрт ам сайтай байна. Тухайлбал, АНУ-ын Батлан ​​хамгаалахын нарийн бичгийн дарга Леон Панетта "Энэ бол зөв алхам. Ахмед аль-Шараа гэдэг хүн бослогыг удирдаж, Ассадыг унагаж чадсан. Миний харж байгаагаар тэр Сирийн өмнө тулгараад буй хүнд хэцүү сорилтуудыг тогтворжуулахаар хичээж байна. Тиймээс би Трампийн зөв гэж бодож байна" гэжээ.

Гэхдээ Трамп тодорхой хэмжээнд эрсдэл үүрч буй.

Ахмед аль-Шарааг олон улс Сирийн тогтвортой байдлыг авчрах алтан найдвар гэж тооцож байна. Гэтэл дотооддоо энгийн иргэд Ахмед аль-Шарааг шашин шүтлэг, үндэстний цөөнхийг хамгаалахгүй байгаад санаа зовж байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын хууль тогтоогчид Ахмед аль-Шараагаас "ISIS"-ийг хөөж гаргана гэсэн баталгаа хүсч буй.

Трампийн холбоотон, Өмнөд Каролина мужийн сенатор Линдси Грэхэм ялгаатай байр суурь илэрхийлж байна. Тэрбээр "Би Сирийн эсрэг хориг арга хэмжээг зохих нөхцөлд хөнгөвчлөх саналтай байна. Сирийн одоогийн удирдлага ард түмнийхээ хүсэл зоригоор бус зэвсгийн хүчээр байр сууриа олж авсныг бид санах ёстой. Сирийн хоригийг цуцлах шийдвэрт Израиль онцгой санаа зовж байгаа. АНУ шинэ өөрчлөлтийг зохицуулахын тулд холбоотнуудтайгаа хамтран ажиллах ёстой" гэжээ.

Ямартай ч Ахмед аль-Шараа хүчирхэг дүр төрхөөрөө Трампийн судсыг атгаж, сул талыг нь идэвхжүүлсэн бололтой. Трамп түүнийг "гайхалтай дур булаам залуу", "тэмцэгч" гэж тодорхойлсон удаатай. Алан хядагч бүлэглэлтэй холбоотой байсан зэргийг нь харвал түүний өнгөрсөн түүх маш хүчирхэг гэж Трамп хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХАМАС 2025-05-16 66.181.177.75

АХМАТ СИЛА, АЛЛАХ АКБАР

Avatar

Нэргүй 2025-05-16 103.57.95.51

Хөөе хөөе,, тайвшир, ,,,,,эмээ уу,,,,балай оркоо,,,,сэрээ сэр сэр,,,,,,,,,,

Avatar

Нэргүй 2025-05-16 202.126.89.225

ДОНАЛЬД ТРАМВАЙ Ч ОРОС УКРАЙНЫ ДАЙН МИНИЙ ҮЕД Л ДУУССАН ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХ ХҮН ДЭЭ

Avatar

Нэргүй 2025-05-16 202.9.40.190

Израйлыг зарчихаад ирлээ

Avatar

зочин 2025-05-16 66.181.160.62

Авж байвал нь зар ,Зарж байвал нь ав .. Бизнэсийн алтан зарчим.. арга байхгүй

Avatar

Нэргүй 2025-05-16 103.57.95.51

Гях ,,,,,гяхх,,,гяхх,,,,,бөгспутин арменийг азербайжанд,,,,,,сирийг туркед зарж идсэн шиг үү,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж