Ромын пап Францис дөрөвдүгээр сарын 21-ний өдөр 88 насандаа таалал төгссөн билээ. Түүний залгамжлагчийг сонгох санал хураалт тавдугаар сарын 7-нд эхэлж, улмаар тавдугаар сарын 9-ний өдөр АНУ, Перугийн давхар иргэншилтэй Роберт Превостыг дэлхий дахинаа Ромын пап лам XIV Лео хэмээн тунхагласан. Ромын 267 дахь папаар тодроод буй Роберт Превостыг Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.
Роберт Превост 1955 онд АНУ-ын Чикаго хотод испани болон франц-итали гаралтай эцэг эхийн хүү болон мэндэлжээ. Хүүхэд насаа сүмд тусалж өнгөрөөсөн тэрбээр 1982 онд албан ёсоор санваартан болжээ. Түүний ээж Милдред Мартинез Превост нь сүмийн цэвэрлэгээ, хандив цуглуулах, найрал дуу дуулах зэрэг юм бүхэнд оролцоотой, жинхэнэ "сүмийн бүсгүйчүүдийн нэг" байжээ. Харин түүний аав Луис Превост нь дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэнгисийн цэргийн ахмад дайчин байв.
Гэгээн Петрийн Басилика сүмийн тагтнаас түүний нэрийг зарлаа ч үгүй байхад хуран цугласан олон "Папад урт удаан насыг ерөөе" хэмээн хашгиралдаад эхэлсэн байв. Улмаар санал хураалтын хоёр дахь өдөр 69 настай Роберт Превостын нэрийг зарласнаар тэрбээр АНУ-аас тодорсон анхны пап болсон юм. Перуд олон жил номлогчоор ажилласан тул түүнийг Латин Америкийн кардинал гэж үздэг. Перуд номлогч хийдэг байхдаа тэр төрөлх хот руугаа үе үе эргэн очиж, номлогчийн үүргээ гүйцэтгэдэг байв.
Шинэ папаар сонгогдсоныхоо дараа Превост анхны үгээ хэлэхдээ өөд болсон Ромын пап Францисыг халуун дотноор дурссан юм. Тэрбээр "Биднийг адисласан пап Францисын аядуухан атлаа итгэл төрүүлэм дуу хоолой одоо ч чихэнд сонсогдсоор байна. Бурхантай нэгдэн, гар гараасаа барилцаж, хамтдаа урагшилцгаая" гэжээ.
Ромын пап Францис 2014 онд түүнийг Перугийн Чиклаёогийн хамба лам болгосон. Превост хамба лам нарыг сонгох, удирдах чухал үүрэг бүхий нэгжийг удирддаг байсан тул кардиналуудад танигдсан нэгэн. 2023 онд тэргүүн хамбаар өргөмжлөгдсөн Превост төд удалгүй Францисын тушаалаар кардинал болжээ.
Превост АНУ-ын анхны пап боловч Америк тивээс гаралтай хоёр дахь пап. Пап Францис аргентин гаралтай хүн байв.
Тэрбээр нэгэнтээ Италийн хэвлэлд гэр бүл, гарал үүслийнхээ талаар яриа өгч байв. "Би АНУ-д төрсөн. Гэхдээ эмээ өвөө маань Франц, Испанийн цагаачид байсан. Би жинхэнэ католик гэр бүлд өссөн хүн. Ээж аав маань хоёулаа сүм хийдтэй холбоотой хүмүүс байсан" гэж тэр хэлжээ.
Удмын түүхч Жари Хонора шинэ папыг Нью Орлеансын өнгөт арьстнуудтай холбоотой гэж мэдэгдсэн байдаг. Превостын гэр бүлийг Чикаго руу нүүж ирэхэд цагаан арьстан гэж тэмдэглэсэн байжээ. Гэвч энэ нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс зайлсхийхийн тулд зориуд тэмдэглэсэн тохиолдол аж. Өнгөт арьст гэр бүлүүдийн хувьд ийм тохиолдол цөөнгүй байжээ. Энэ нь бидний өвөг дээдсийн түүх өөр хоорондоо төсөөлснөөс ч илүү нягт холбоотой байсныг харуулна гэж Жари Хонора үзжээ.
ШИНЭХЭН ПАПЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Ромын католик сүм шинэчлэлийг үргэлжлүүлэх эсэх нь өдгөө Ромын пап лам XIV Леогийн хамаарах асуудал болов.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Ватикан түүнд Лео гэх нэрийг оноосон нь ч утга учиртай. 461 онд албаа дуусгавар болгосон пап лам Лео Хүннүгийн хаан Аттилатай уулзаж, Ром руу довтлохгүй байхыг ятгаж байсан түүхтэй. Харин сүүлчийн пап лам Лео 1878-1903 оны хооронд сүмийг удирдсан бөгөөд ажилчдын эрхийн талаар нөлөө бүхий бүтээл туурвиж байсан нэгэн. Эндээс харвал дэлхий дахин үймээн самуунтай, аж үйлдвэрийн хувьсгал өрнөсөн, Марксизмын эхлэл тавигдсан үеийн пап ламуудын үйл хэргийг бэлгэдэн түүнд Лео гэх нэрийг оноосон бололтой.
Ромын пап лам XIV Лео өнгөрсөн жил кардинал байхдаа уур амьсгалын өөрчлөлтийн талаар үг хэлж, үгээс үйлдэл рүү шилжих цаг болсон гэж байжээ. Энэ хүрээнд тэр тодорхой ахиц дэвшлүүдийн талаар ч ам нээсэн юм. Тэрбээр хүн төрөлхтнийг байгаль орчинтой харилцах харилцаагаа эргэн нэг харахыг уриалснаас гадна Ватиканд нарны зай хураагуур суурилуулах, цахилгаан машин нэвтрүүлэх зэрэг илүү бодитой зүйлсийг ч дурджээ.
Хамба ламыг сонгодог байгууллагад эмэгтэйчүүдийг анх удаа элсүүлэхийг зөвшөөрсөн Ромын пап Францисын шийдвэрийг тэр дэмжиж байв. "Эмэгтэйчүүдийн оролцоо нь сүмд үйлчлэх хамгийн сайн нэр дэвшигчийг олж танихад чухал үүрэг гүйцэтгэдэг" гэж тэр хэлжээ.
Цагаачлал, ядуурал, байгаль орчны талаар тэр Ромын пап Францистай ижил үзэл баримтлалтай. Түүний өрөөний хамтрагч Реверенд Жон Лидон нэгэнтээ хэлэхдээ "Превост бол нөхөрсөг, байгаль дэлхийтэйгээ ойр, ядуусын асуудлыг анхаардаг нэгэн" гэж байв.
Сүүлийн саруудад тэр АНУ-ын бодлогыг шүүмжилсэн үг нэг бус удаа хэлжээ. Тухайлбал, Трампийн засаг захиргаа АНУ-ын оршин суугчийг Эль Сальвадор руу албадан гаргасныг шүүмжилсэн утгатай жиргээг "Х" хаягаараа нийтэлж байжээ. Мөн АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнсийн хэлсэн үгэнд шүүмжлэлтэй хандаж байгаагаа ч тус хаягаараа илэрхийлсэн. Тэрбээр "Ж.Д.Вэнс буруу ярьж байна. Есүс биднээс бусдыг хайрлах хайраа эрэмбэлэхийг шаарддаггүй" гэж жиргэжээ. Цаашилбал, "The Jesuit Review" хэвлэл "Өөрсдөдөө болон гэр бүлдээ илүү сайн сайхан амьдрал эрэлхийлж хил давсан цагаачдыг аюултай гэмт хэрэгтэн гэж гутаан доромжлохыг католик шашинтнууд дэмжихгүй" гэсэн утгатай нийтлэл оруулсныг Превост өөрийн хуудсаараа хуваалцаж байв.
Эдгээрийг нийтэлсэн хаяг нь 2011 онд үүссэн бөгөөд үнэхээр Ромын шинэ папын хаяг эсэх нь тодорхойгүй аж.
ТҮҮНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

- Роберт Превост 1977 онд Пенсильванийн Виллановагийн их сургуулийг Математикийн ухааны бакалаврын зэрэгтэй төгсчээ.
- Тэрбээр пап лам II Иоанн Павел, пап лам XVI Бенедикт, пап лам Францис нартай уулзаж байв.
- Ромын пап Францис хөлбөмбөгт дуртай байсан бол пап Лео теннис тоглох дуртай.
- Тэр англи, испани, франц, португал хэлээр ярьдаг. Мөн латин, германаар уншдаг.
- Бага ангид хамт сурч байсан нэг найзынх нь хэлснээр пап Лео гоц ухаантан гэмээр сийрэг толгойтой нэгэн байжээ.
- Ахлах сургуульд байхдаа тэр сургуулийн дурсамж номын редактор хийж байв. Тэрбээр ангийнхныхаа янз бүрийн түүхийг чадварлагаар бичсэн гэдэг.
- Тэр үг таах, үгийн сүлжээ бөглөх дуртай. Энэ нь түүний тархийг амрааж, бодит ертөнцөөс түр ч болов холдуулдаг.
- Төрөлх хотдоо очихдоо "Aurelio’s Pizza" идэх дуртай.
bzctcym 5 цагийн өмнө 50.147.160.114
pridymangr
KAMEr + ytasni bainguin xylgaich keny 5 цагийн өмнө 50.147.160.114
" sadaanii xylgaichdaan yabyylj +# ZErEGTSEN?;+ #; "
damjyylon