Монголын сагсан бөмбөг сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, багууд нь олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцож, тамирчид нь ч Азийн зах зээлд үнэлэгдэж эхлэв. Энэ жил л гэхэд Вьетнамын дээд лигт Монголын гурван тамирчин тоглохоор болжээ.
Хасын Хүлэгүүд багийн залуу тоглогч Ч.Тэмүүлэн Вьетнамын дээд лигийн Сайгон Хит багт зээлээр тоглох болсон тухай өмнө нь та бүхэнд мэдээлсэн. Өдгөө 20 настай Ч.Тэмүүлэнгийн хувьд Хүлэгүүд багтай урт хугацааны гэрээ байгуулсан бөгөөд өнгөрсөн жил дээд лигийн аварга болоход өөрийн хувь нэмрийг оруулсан билээ. Мөн энэ жил багийн гол тоглогчдын нэг болтлоо өсөн дэвжсэн юм. Түүнчлэн түүний хувьд 3х3 сагсан бөмбөгөөр залуучуудын шигшээ багт дуудагдаж, олон улсын цөөнгүй тэмцээнд оролцсон туршлагатай.
Тэгвэл түүний араас Монголын оюутны лигт тун сайн тоглож, энэ жил мөнгөн медаль хүртсэн ОТИС Шилүүснүүд багийн Г.Отгонболд Вьетнамын Данан Драгонс багт нэгджээ. Оюутны лигээс шууд Вьетнамын дээд лиг рүү явсан гэхээр энэ залуу тоглогчийн нөөц бололцоо, ур чадвар олны анхаарлыг үнэхээр татав. Түүний хувьд энэ жил л гэхэд оюутны лигийн бүх оддын тоглолтод сонгогдож, билэгдлийн гарааны таван тоглогчийн нэгээр сонгогдсон билээ.
Түүнчлэн BCH Knights багийн тамирчин Х.Мөнхтөр Вьетнамын дээд лигийн На Транг Долфинс багт нэгджээ. Дээд лигт цөөнгүй жил тоглосон түүнийг шинэ баг нь танилцуулахдаа тал нутгаас заяасан хүч чадалтай, зоримог довтолдог гэж тодотгожээ.
Вьетнамын сагсан бөмбөгийн дээд лигийн шинэ улирал зургадугаар сард эхлэх бөгөөд есдүгээр сард аварга нь тодордог. Өнгөрсөн жил зургаан багтай эхэлсэн тус лигт Сайгон Хит баг түрүүлжээ.
зочин 2025-05-14 66.181.166.196
Монголоос цалин нь жоохон илүү байж мэдэх, харин өсөж дэвжих тал дээрээ бол манай лигийг гүйцэхгүй шахуу байх оо, ер өөрийнхөө лигээс өндөр түвшиний лигт тоглож байж л сайжирна уу гэхээс ижил түвшиний юм уу, тааруухан лигт тоглоод юм хураад сайжирна гэж байхгүй ш дээ, хувь хүний сонголт юм хойно өөрсдөө л мэдэж дээ
Зочин 2025-05-14 202.126.90.109
Вьетнамын дээд лигээс манай дээд лиг муу гэж үү,
Нэргүй 2025-05-14 203.17.23.177
УЛНЫ МОНГОЛООС ВЬЕТНАМ НЬ ХАВЬ ИЛҮҮ Л ДЭЭ.