Монголбанъ ахмад настны тэтгэвэр барьцаалсан зээлд тавигдах өр орлогын харьцааг өөрчилснөөр бага тэтгэвэр авдаг ахмадууд хоёр сая төгрөг хүрэхгүй зээл авдаг болсон. Энэ нь хоёр сая төгрөгөөс дээш хэмжээний зээл авах шаардлагатай ахмад настнуудад хүндрэл үүсгэж байна гэдэг асуудал хөндөгдөх болсон. Тэгвэл төв банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайваны өгсөн тайлбараар бол ирэх зургадугаар сарын сүүл гэхэд Монголбанк энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм байна.
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ахмадуудад олгох тэтгэврийн зээлийн өр орлогын харьцааг 50:50 хувь болгох санал гаргаад буй. Тодруулж хэлбэл, ахмад настан сарын 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг бол 325 мянга нь зээлэнд, үлдсэн 325 мянган төгрөгөөр нь амьжиргаагаа залгуулах ёстой гэдэг саналыг тавьсан.
Харин ахмад настнуудын хувьд тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг хуучнаар нь буюу 30:70 байх, ингэхдээ хоёр жилийн хугацаатай авах хүсэлт илэрхийлж буй. Иймээс төв банк дээрх саналуудаас гадна эдийн засгийн нөхцөл байдал зэргийг харгалзан тэтгэврийн зээлд тавигдах нөхцлүүдээ зөөлрүүлэх аж.
Сануулахад, нийт тэтгэвэр авагчдын 60 орчим хувь нь бага тэтгэвэр авдаг бөгөөд Монголбанкнаас тавьсан шалгуур нөхцөл чангарснаар дийлэнх нь хоёр сая төгрөг хүрэхгүй буюу 1.8 сая төгрөгийн зээл л авдаг болсон юм. Энэ шийдвэр өнгөрсөн гуравдугаар сарын 10-наас эхлэн хэрэгжсэн. Тэгвэл удахгүй буцаад өөрчлөгдөх болж байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ